Шууд Chart

Х.Баднаажонон: Иргэн “Б” үрлэн сумтай тоглоомон гар буу биедээ авч явсан байсан

2021-06-15 16:43:15

Оройн цагаар хүмүүс маргалдаж, буу /галт зэвсэг/ хэрэглэн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдууллаа гэх мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Баднаажононгоос тодруулга мэдээлэл авлаа.

-Энэ сарын 13-ны орой хүмүүс маргалдаж, галт зэвсэг ашигласан гэх мэдээлэл цахим орчинд нэлээдгүй тархаад байна. Хэргийн газар яг юу болсон юм бэ?

-Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-ны өдрийн 23 цаг 30 минутад ирсэн “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ресторанаар үйлчлүүлсэн хүн хэрүүл маргаан хийж гар буу шиг зүйл гаргаж танхайрсан” гэх гомдол мэдээллийг шалгахад Баянзүрх дүүрэгт оршин суудаг 29 настай, эрэгтэй Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэн Т-тэй маргалдсаны улмаас өөрийн эзэмшлийн автомашинаас хуванцар үрлэн сумтай бууг гаргаж ирэн хий буудсан байсан. Энэ асуудлыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

-Тухайн хүний биедээ авч явж байсан буу байлдааны галт зэвсэг байсан гэсэн үнэн үү?

-Үгүй ээ. Тус иргэний авч явсан буу нь галт зэвсэг биш. Хуванцар, үрлэн сумтай тоглоомон гар буу байсан.

-Иргэн ямар тохиолдолд биедээ галт зэвсэг авч явж болох вэ?

-Ямар ч тохиолдолд хориглодог. Харин

-Тэгвэл иргэд ямар тохиолдолд галт зэвсэг эзэмших эрхтэй байдаг вэ?

-Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд галт зэвсгийг иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулахын, байлдааны гэсэн дөрвөн төрөлд хуваадаг. Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд зөвхөн үзмэр, цуглуулгын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж заасан байгаа.

Харин иргэн “Б” галт зэвсэг эзэмших эрхгүй байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар бусадтай маргалдаж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан асуудлаар шалгагдаж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Х.Баднаажонон: Иргэн “Б” үрлэн сумтай тоглоомон гар буу биедээ авч явсан байсан  
Үзсэн: 4613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй