Шууд Chart

“Хариуцлагатай нүүдэлчин” хөтөлбөрийн лого, дуу, шторк бүтээх уралдаант шалгаруулалт зарлалаа

2021-06-23 12:27:13

МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төсөл, Монголын бэлчээрийн нэгдсэн холбоо хамтран Монголын нүүдлийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд бусдаас ялгарах онцлог талууд, чанаруудыг нотлон харуулах, сурталчлан таниулах, үүнд оролцогч болон манлайлагч талуудыг дэмжих, үндэсний хэмжээнд малчны хот, баг, сум, аймгуудад хэрэгжүүлэхийг сурталчлах зорилгоор “Хариуцлагатай нүүдэлчин” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү хөтөлбөрийн

Гүйцэтгэх ажлууд:

1)         Энэ лого болон түүний илэрхийлэх утга агуулгыг телевизийн бүтээлд зориулсан анимейшн хэлбэрт оруулна. Лого нь Монголын тал хээр нутгийн экосистемийн үндсэн дөрвөн үйлчилгээг дүрсэлж байгаа юм Үүнд: ханган нийлүүлэх, зохицуулах, тэтгэх, нийгэм соёл (Хавсралтаас логоны агуулгын танилцуулгыг харна уу)

2)         Лого болон түүний утгыг харуулсан 30 секундээс нэг минут үргэлжлэх шторк хийх

Бүтээлийг дараах хаягаар 2021 оны 7 сарын 5-ны өдрийг хүртэл ulaanbaatar@greengold.mn хаягаар хүлээн авна.

Логоны тайлбар

Манай монголчууд нүүдлийн мал аж ахуйг бэлчээрийн өвс ургамал,  ус, хужрыг экологийн цэвэр бүтээгдэхүүн болгон хувиргадаг Амьд фабрик гэж үзсээр иржээ.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн нэг тулгуур бол бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх суурь болсон экосистем юм.  Монгол орны экосистем нь:

  • Ханган нийлүүлэх
  • Зохицуулах
  • Тэтгэх
  • Нийгэм соёл гэсэн дөрвөн чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд эдгээрийн уялдаа холбоог танин мэдэж тэнцвэртэй байдлыг хангах нь юу юунаас чухал болоод байна.

Ханган нийлүүлэх үйлчилгээ

Бэлчээрийн экосистемийн хангах үйлчилгээ нь хоол хүнс, хувцас хэрэглэл, орон байр зэрэг ард иргэдийн анхдагч хэрэгцээг бүрдүүлдэг.

Өнөөдөр малчид жилд:

  • 9,400 тонн ямааны ноолуур
  • 20,000 тонн хонины ноос
  • 17 сая ширхэг арьс, шир
  • 30,000 тонн мах бэлтгэж үндэсний боловсруулах 400 гаруй үйлдвэрт нийлүүлж байна. Зах зээлийн боломж нээгдвэл Монгол Улс 100,000 тонн мах бэлтгэх нөөцтэй. Эдгээр боловсруулах үйлдвэрүүд 90,000 гаруй иргэдийг ажлын байраар хангаж байна. Түүнчлэн, нүүдлийн мал аж ахуйн салбар: Дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, ажиллах хүчний 40 хувь, хөдөөгийн хүн амын орлогын 70 хувийг бүрдүүлж байна.

Тэтгэх үйлчилгээ

Бэлчээрийн экосистемийн тэтгэх үйлчилгээ нь  хөрс, өвс ургамал, усны ундаргын тэнцвэрт байдлыг хадгалахад оршдог.

Нүүдлийн мал аж ахуйн тэжээлийн үндсэн эх үүсвэр нь бэлчээр. 2017 оны байдлаар 164 мянган малчин өрх, 217 мянган малчин жилийн 4 улиралд 66.0 сая толгой малыг хариулан маллаж байна. Сүүлийн үед малын тоо жил бүр 6.3 хувиар өсөж байгаа нь малчдын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хувьд таатай үзүүлэлт боловч бэлчээрийн даац, багтаамж хэтэрч, улмаар газрын доройтол, талхагдалд хүргэх аюултай, тэр нь эргээд малчдын амьжиргаа төдийгүй, улсын эдийн засагт ч сөргөөр нөлөөлж болзошгүй байдалд хүрээд байна. 

Зохицуулах үйлчилгээ

Бэлчээрийн экосистемийн зохицуулах үйлчилгээ  нь хөрсний ус хадгалах, шингээх, хөрсийг салхи усны эвдрэлээс хамгаалах, үер болохоос сэргийлэхэд оршино. Монголын хээр тал шиг унаган төрхөөрөө үлдсэн бүс нутаг дэлхийд ховор бөгөөд хөрс ургамалжилтын талаасаа авч үзвэл гайхамшигтай бүтэцтэй. Өдгөө байгалиас заяасан хөрс, ургамлын нөхөн сэргэх чадварыг хадгалахын чухлыг эрдэмтэд сануулсаар байна. 

Нийгэм соёлын үйлчилгээ

Бэлчээрийн экосистемийн Нийгэм соёлын үйлчилгээ гэдэг нь  боловсрол, бодит бус соёлын өв, түүх, туршлагыг хэлнэ. Нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжил нь байгаль-хүн-малын гурвалсан холбоонд суурилан амьдрал ахуй, оюун сэтгэлгээ, үйл ажиллагаанаас шууд шалтгаалж ирсэн уламжлалтай. Түүхэн хөгжлийн явцад дэлхийн иргэншил, тэр тусмаа суурин иргэншилд түлхэц өгч, иргэншил хоорондын солилцоо, харилцан уялдаа, бие биеэ нөхөн хөгжих үйл явцад эерэг нөлөө үзүүлсээр ирсэн. Төв Азийн нүүдэлчдийн цөм бол нүүдэлчин Монголчууд юм. Тэдний өвөг хүмүүний шилжилт хөдөлгөөний явцад монголжуу төрхтнийг бүрдүүлэн түгээсний дээр соёлын олон төрөл байдал үүсэн бүрэлдэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.

Түүнчлэн Монгол орны бэлчээр нутаг нь малын тэжээлийн үндсэн эх үүсвэр төдийгүй Евроазийн нэн ховор зэрлэг амьтдын  өвөрмөц байршил нутаг юм. 

Эдгээр хүчин зүйлийн тэнцвэрт байдлыг хадгалж, үр хойчдоо бүрэн бүтнээр нь уламжлуулан нь Монголчуудын эрхэм зорилго мөн.


“Хариуцлагатай нүүдэлчин” хөтөлбөрийн лого, дуу, шторк бүтээх уралдаант шалгаруулалт зарлалаа  
Үзсэн: 2470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй