Шууд Chart

“Аравт-2021” уралдаанд зургаан орон оролцох хүсэлтээ ирүүлээд байна

2021-06-24 15:31:34

Уралдааны төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурал 6 дугаар сарын 24, 25-нд ҮХБИС-ийн хурлын танхим болон Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж байна.

Төлөвлөлтийн хурлын нээлтийн арга хэмжээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар, БХЯ-ын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, “Аравт-2021” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан тэргүүтэй албаныхан болон Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн холбогдох удирдлагууд оролцлоо. Харин уралдаанд оролцогч болон ажиглагч орнуудыг төлөөлж ОХУ-ын Хуурай замын цэргийн командлалын Байлдааны бэлтгэлийн хэлтсийн дарга, хурандаа А.К.Покровский, Монгол Улсад суугаа зарим орнуудын батлан хамгаалахын атташе нар оролцсон юм.

Хурлын эхэнд уралдаан зохион байгуулах хорооны дарга, бригадын генерал С.Дашзэвэг “Аравт-2021” уралдааны онцлог, ач холбогдлын талаар дурдаж, оролцох хүсэлтээ ирүүлээд байгаа орнуудад талархлаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Монгол Улс 2019 онд энэхүү уралдааныг анхлан зохион байгуулж, дэлхий дахинаа гарааг нь амжилттай тавьсан. Энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед уралдааныг зохион байгуулах шийдвэр гаргаж, бүх талын дэмжлэг үзүүлж байгаа Монгол Улсын Засгийн газар, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага  болон “Аравт” морин цэргийн уралдаанд оролцох багуудад талархаж буйгаа илэрхийлье. Энэхүү уралдааныг амжилттай, эрсдэлгүй зохион байгуулах нь та бидний хариуцлага, зохион байгуулалтаас шууд хамаарна. Тийм учраас өнөөдөр та бид бүгдээрээ уралдааныг зохион байгуулахтай холбоотой асуудлыг бүх талаас нь хэлэлцэн, харилцан тохиролцож, аливаа зүйлийг жижиг гэлтгүй шүүн ярилцах учиртай” гээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.

Үүний дараа уралдаан зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга “Аравт-2021” олон улсын морин цэргийн уралдааны зохион байгуулалтын талаар танилцууллаа. Танилцуулгад “Монгол Улсын Зэвсэгт хүчнээс “Аравт-2021” уралдаанд оролцох урилгыг 18 оронд хүргүүлснээс Монгол Улс, ОХУ, Казахстан, Узбекистан, Иран, Зимбабве гэсэн зургаан орноос оролцох хүсэлтээ ирүүлээд байна. Энэ тоо цаашид нэмэгдэхийг үгүйсгэхгүй” гээд нэг орноос ойролцоогоор 18 хүний бүрэлдэхүүнтэй баг хүлээж авна. Үндсэн баг нь 10 хүний бүрэлдэхүүнтэй байна. Дээрээс нь 3 сэлгээний тамирчин, удирдлага, хангалтын бүлэгтэй байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд бүх оролцогч орнуудад ижил нөхцөлтэйгөөр хангалт болоод бүх талын дэмжлэгийг үзүүлнэ. Энэ жилийн уралдаан дөрвөн хэсгээр зохион байгуулагдана. Нээлтийн ёслол, алсын зайн морин марш, богино зайны холимог буухиа, хаалтын арга хэмжээ гэсэн байдлаар зохион байгуулалтын ажлыг хангаад байна. “Аравт-2021” уралдааны гол онцлог нь Алсын зайн морин маршаар эхэлнэ. Цэрэг хүний тэсвэр хатуужил, багийн хамтын ажиллагааг энэ төрөлд сорих учиртай гэв. Мөн тэрбээр уралдааныг 8 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буйг онцолсон юм.

Үргэлжлүүлэн хүн, малын эрүүл мэндийн хангалт, уралдааны үеийн соёл, спортын арга хэмжээ, хэвлэл мэдээллийн байгууллагаар хэрхэн сурталчлах, холбоо, зохион байгуулалтын талаар холбогдох албан тушаалтнууд танилцуулж, харилцан ярилцлаа. Мөн ОХУ-ын талаас уралдаанд өөрийн орны морьтойгоо оролцохтой холбоотой тавигдах шаардлагын талаар Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн төлөөлөгчдөөс асуулт асууж, хариулт авсан юм.

Төлөвлөлтийн хуралд оролцогчид маргааш буюу 6 дугаар сарын 24-нд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үргэлжлүүлэн ажиллаж, удирдлагын байр, алсын зайн болон богино зайны холимог буухианы маршруттай танилцаж, морь, морины тоноглолыг үзэж сонирхох юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Аравт-2021” уралдаанд зургаан орон оролцох хүсэлтээ ирүүлээд байна  
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй