Шууд Chart

Залуучуудын хакатон агаарын бохирдлыг бууруулах дижитал шийдлийг бодит болгоно

2021-06-26 10:39:31

Энэхүү онлайн хөтөлбөр эрүүл, саруул ирээдүйн төлөө агаарын бохирдлыг бууруулахад чиглэх ба тогтвортой дижитал шийдлийг бий болгоход зорьж байна. Хакатоны үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд, эрдэмтэд, олон нийтийн манлайлагчид, бизнес эрхлэгчдээс агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар харилцан суралцах боломжтой юм.

НҮБ-ын Инновацын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сан, “Пипл ин Нийд” ОУТББ “Unleash Hacks Mongolia 2021”-ийг дэмжиж ажиллах юм.

Unleash НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилт (ТХЗ)-ын шинэлэг шийдлийг боловсруулах залуу манлайлагч, мэргэжилтэн болон бизнес эрхлэгчдийг нэгтгэх зорилготой дэлхийн хэмжээний санаачилгуудын нэг юм. Энэхүү санаачилга дэлхийн өнцөг булан бүрээс 1000 залуусыг инновацийн лабораторидоо жил бүр урьж авчран, орон нутгийн түвшинд хак тэмцээнүүдийг зохион байгуулж, тэдний чадавхыг бэхжүүлэх, гаргасан шийдлийг нь хэрэгжүүлэхэд тогтмол дэмжлэг үзүүлж ирсэн. Unleash дэлхийн хамгийн нөлөө бүхий тогтвортой байдлын брэндүүдийн нэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд одоогийн байдлаар 160 орны 4000 авьяастнуудыг холбож, 300 гаруй түншүүдтэй 600 ТХЗ-ын шийдлийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн байна. 2017 оноос хойш Unleash Дани, Сингапур, Хятадад гурван удаа Инновацийн лабораторийг ажиллуулжээ.

Хөтөлбөрийн санхүүжүүлэгчдээр НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан "Агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө" хөтөлбөр, Европын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй " All for Youth, Youth for All " төсөл болон Пипл ин Нийд ОУБ хамтран ажиллаж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн төв байгууллага дахь Инновацийн сан болон Сент-Луис дахь Вашингтоны их сургууль, Канадын Ватерлоогийн их сургуулийн мэргэжилтнүүд техникийн туслалцаа үзүүлж байна. Эдгээр мэргэжилтнүүд Unleash hacks-ийн үеэр Монголын залуу шинийг санаачлагчдад зөвлөгөө өгөх, чиглүүлэхэд цаг хугацаа, ур чадвараа зориулах болно.

“Unleash” хакатоны талаар Unleash hacks Mongolia”-ийн багийн ахлагч Халиунаа “Бид эх дэлхийгээ илүү тогтвортой, илүү дээрдүүлэхийн тулд дараагийн хойч үеийн санаа бодлыг төлөвшүүлэх, ердийн шийдлүүдээс илүү шинэ санаачилгыг дэмжих шаардлагатай байна. Unleash бол үүний төлөөх төгс платформ бөгөөд бид Unleash hacks-ийг Монголд анх удаа авчирсандаа баяртай байна” гэв.

Мөн Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал А.Билгүүн "Монгол залуучуудад гэртээ, сургууль, хамт олон, амьдарч буй орчин, ахуйдаа, өөрсдийн хотдоо агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдийг санаачилж, мөн тэдгээр санаагаа хөгжүүлж, томьёолох боломжийг олгож буй  энэхүү үйл ажиллагааны нэг хэсэг болсондоо бид баяртай байна" гэлээ. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Агаарын бохирдол ба орчны хөтөлбөрийн менежер С.Алтанцэцэг "НҮБ-ын Хүүхдийн сан агаарын бохирдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын чадварыг "нээх"-ээр үүрэг хүлээн ажиллаж байгаадаа баяртай байна. Хүүхэд бүр цэвэр агаараар амьсгалах эрхтэй бөгөөд энэ эрхийг нь хангаж ажиллахаар бид зорьж байна” гэв.

“Пипл ин Нийд” ОУБ-ын Суурин Төлөөлөгч Тим Женкинс “Агаарын бохирдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэх ажлыг ганц байгууллага, хувь хүн хийх боломжгүй. Бид бүгдээрээ нэг агаараар амьсгалдаг тул Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, шинийг санаачлагчид, залуучууд бүгдээрээ агаарын бохирдлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэдэгт би бүрэн итгэдэг” гэсэн юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Залуучуудын хакатон агаарын бохирдлыг бууруулах дижитал шийдлийг бодит болгоно  
Үзсэн: 1255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй