Шууд Chart

Г.Зоригтын гэр бүл ОХУ-ын Гэр бүл, хайр, үнэнч байдлын медаль хүртлээ

2021-07-08 12:00:00

Анх 2008 оныг гэр бүлийн жил болгон зарласантай холбогдуулан тухайн үеийн ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн гэргий Светлана Медведева санаачилж Төрийн Думын депутатууд дэмжсэнээр XIII зуунд амьдарч байсан Муромын хунтайж Пётр болон түүний эхнэр Феврониа нарын гэр бүлийн бат бөх харилцааны жишиг болсон түүхийг бэлгэдэн уг баярыг улс даяараа тэмдэглэх болжээ.

Түүнчлэн Гэр бүл, хайр, үнэнч байдлын өдрийн бэлэг тэмдэг нь Балжингарма цэцэг юм. Эрт дээр үеэс энэ цэцэг оросуудын хувьд үнэнч байдлын бэлгэдэл байлаа.

Мөн энэ гэр бүлийн баярын өдрийн хүндэтгэлийн тусгай медаль ч бий болжээ. Төрөөс баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хороо байгуулагдсан бөгөөд дэлхий даяар он удаан жилээр хамтдаа наад зах нь 25 жилийн туршид аз жаргалтай амьдарч байгаа эхнэр, нөхөр хоёрыг сонгон уг медалийг олгодог юм.

Монгол Улсад оршин сууж буй интернационалч гэр бүл олон байдаг бөгөөд тэдгээрээс хамтдаа амьдарсан хугацаа, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхдээ гаргасан амжилт, тухайн улс оронд хөдөлмөрлөж гаргасан гавьяаг нь харгалзан Россотрудничество төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Русский Дом (хуучнаар РЦНК) нь Монголын нэг гэр бүлийг жил бүр дээрх шагналд тодорхойлдог юм байна.

2011 оноос хойш нийт 20 орчим Монгол-Оросын интернационалч гэр бүл уг медалиар шагнагджээ. Энэ жилийн хувьд Гэр бүл, хайр, үнэнч байдлын медалиар 1981 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хуучнаар ЗХУ-ын Ленинград хотноо гэрлэлтээ батлуулж эдүгээ 40 дэх жилдээ Монгол Улсад аз жаргалтай амьдран суугаа Монгол Улсын иргэн Г.Зоригт, ОХУ-ын иргэн Тихомирова Людмила нарын гэр бүлийг шагналаа.

Ташрамд дуулгахад, ОХУ-ын Гэр бүл, хайр, үнэнч байдлын медаль хүртсэн Г.Зоригт эрчим хүчний салбарт олон жил хөдөлмөрлөсөн бол гэргий Тихомирова нь Монголын боловсролын салбарт урт хугацаанд хичээнгүй зүтгэсэн юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Г.Зоригтын гэр бүл ОХУ-ын Гэр бүл, хайр, үнэнч байдлын медаль хүртлээ  
Үзсэн: 1085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй