Шууд Chart

ХБНГУ-ын канцлер уур амьсгалын өөрчлөлттэй дорвитой тэмцэхийг уриалав

2021-07-20 11:42:38

Германы канцлер Ангела Меркель үер усны гамшиг нүүрлэсэн баруун бүс нутагт очиж, гамшгийн нөхцөл байдалтай танилцсан байна. Энэ үеэр тэрбээр гамшиг болсон газруудыг сэргээн босгоход санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд төр засгийн түвшинд илүү их хүчин чармайлт гаргахад түлхэц үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Мөн улс оронд нь болсон гамшгийг тодорхойлж хэлэх үг Герман хэлэнд байхгүй байна гэж мэдэгджээ.  Ангела Меркель сүүлийн жилүүдэд болж байгаа байгалийн гамшигт үзэгдлүүд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байна. Германы сангийн сайдын мэдэгдсэнээр гамшиг болсон хот суурингуудыг сэргээн босгоход хамгийн багадаа 300 сая евро шаардлагатай аж. засгийн газраас олгох санхүүжилтийг мужийн дэд бүтцийг сэргээх мөн жижиг бизнесүүдийг дэмжихэд зарцуулах юм байна.

Өнгөрсөн 7 хоногт Германы баруун Рейнланд-Пфальц мужид үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас гол мөрөн эргээсээ хальж, үер усны гамшиг нүүрлэсэн. Орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлснээр үерийн улмаас 156 хүн амь насаа алдаж, 670 гаруй хүн гэмтэж бэртэж, олон арван хүн сураггүй болжээ. Аврах ажиллагаанд армийн олон зуун алба хаагчийг дайчилж, цагдаа нар сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар Германы онцгой байдлын алба болон сайн дурынхан гамшиг болсон хот тосгонуудад цэвэрлэгээ ариутгалын ажил хийж байна. Мөн хөрш Бельги Нидерланд зэрэг орнууд ч үерийн гамшигт өртөж, тэдгээр улсуудад 187 хүн амь насаа алджээ. Үерийн гамшиг Германы өмнөд бүс болон Австрийн зарим нутгаар үргэлжилж байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ-ын канцлер уур амьсгалын өөрчлөлттэй дорвитой тэмцэхийг уриалав   
Үзсэн: 2075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй