Шууд Chart

М.Мөнхгэрэл: Шавь нарыгаа сумандаа гадаад хэл сураад, ирээдүйд 100 хувийн тэтгэлгээр дэлхийн боловсролыг үнэгүй эзэмшээсэй гэж хүсдэг

2021-09-16 14:20:36

Монгол Улсын их сургуулийг төгсөөд дараа нь гадаадад магистрын зэрэг хамгаалсан ч өссөн төрсөн сумандаа ажиллаж амьдарч буй Мөнх-Одын Мөнхгэрэлийг “Редакцын зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр сумандаа гадаад хэлний сургалтын төв ажиллуулдаг бөгөөд зарим төгсөгч нь өдгөө орчуулагчаар ажиллаж байна.

Суманд амьдрах олон давуу талтай

-Бидний урилгыг хүлээн авч, зөвшөөрсөн танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-За, юун түрүүнд намайг ярилцлагад урьсан танд талархаж байна аа. Намайг Мөнх-Одын Мөнхгэрэл гэдэг. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн. Одоо уугуул нутагтаа нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Бор-Өндөр цогцолбор сургуулийг онц дүнтэйгээр дүүргээд, 2007 онд Монгол Улсын их сургуулийн хятад хэл шинжлэлийн ангид 4 жил суралцаж төгссөн. 2014 онд Хятад улсын Харбины технологийн их сургуульд олон улсын худалдааны чиглэлээр магистрын зэргээ хамгаалаад, одоо төрөлх сумандаа ажиллаж амьдарч байна.

-Залуу гэр бүлүүд ихэнхдээ хотод суурьшдаг. Танай гэр бүл яагаад орон нутагт амьдрахаар шийдсэн бэ?

-Сургуулиа төгсөөд сумандаа очиж амьдарна гэхэд “сайхан сургууль соёл төгсчихөөд хөдөө явж зэврэх гэлээ” гээд олон хүн хэлдэг байсан. Миний хувьд гадны улсаас сурах юмаа сурсан бол эргээд тэр мэдлэгээ бусдад түгээх ёстой гэж боддог. Бүх хүн хот бараадаж байхад нэг нь ч гэсэн орон нутагт очиж өөрийн хувь нэмрээ чадах чинээгээрээ оруулах үүрэгтэй. Мөн үр хүүхдүүдээ эрүүл агаарт өсгөнө, хотыг бодвол зардал багатай, наад зах нь л түгжрэлд зориулах цагаа гэр бүлдээ, хийж бүтээхдээ зориулна гэж бодохоор суманд амьдрахын давуу тал их шүү.

Хүү минь ой гарантай учраас үндсэн ажил минь хүүгээ харах. Хоёр охиноо сургууль, цэцэрлэгт зөөнө. Түүнийхээ хажуугаар орчуулга, бие даалт хийнэ. Жижигхэн дэлгүүр заваараа ажиллуулдаг. Өглөө оройдоо хүүхэд, томчуудад хятад хэл заадаг. Залхуурч хэвтэхийг хүсдэггүй учраас юу л хийх боломжтой байна тэр бүгдийг л хийдэг. Цэцэг хүртэл тарьж борлуулдаг даа.

Мэргэжлийн багш биш мөртлөө багшаа гэж дуудуулах шавьтай байна гэдэг хамгийн сайхан

-Их олон ажил амжуулдаг юм байна. Хятад хэл гадаад хэлнээс сурахад хамгийн хэцүү нь гэдэг. Энэ үнэн үү. Мөн залуус, хүүхэд багачууд яагаад хятад хэлийг сонгон суралцах ёстой вэ?

-Хятад хэлийг сурахад өөр хоёр гадаад хэл зэрэг сурч байгаатай адил хүч зарцуулдаг гэдэг. "Ээж" гэдэг үг байлаа гэхэд нэгдүгээрт, тэр үгний ханз, хоёрдугаарт, ханзны зурлагын дараалал, гуравдугаарт, тэр үгний галиг, дөрөвдүгээрт, тэр үгний хөг, тавдугаарт, тэр үгний орчуулга гээд ганц үгэн дээр энэ бүхнийг цээжлэх хэрэг гарч байгаа юм. Иймээс хятад хэл сурах нь урт хугацааны тууштай, тэвчээртэй үйл явц байдаг. Одоо цагт дэлхий тэр чигээрээ хятадаар ярьж байна. Англи, америкчууд хүртэл хятад хэлийг сурч байхад хажууд нь байдаг монголчууд бид хэлийг нь бүр илүү сурч, хүнээс нь суралцах ёстой гэж би боддог. Би хэлээгүй ч эдийн засаг, гадаад худалдаа, технологи, ай ти гээд л бүх салбараараа Хятад улс толгой цохиж байгааг бид харж байна. Наанадаж бидний өмсөн зүүсэн, идэж ууж байгаа бүгд л Хятадаас хамааралтай, холбоотой байдаг. Хятад хэл сурснаар тухайн хүний цалин нэмэгдэнэ. Илүү олон боломж, сонголт гарч ирнэ. Хамгийн том боломж гэвэл тухайн хүн хятад хэл сураад Хятад улс руу 100 хувийн тэтгэлэг аваад дэлхийн боловсролыг үнэгүй эзэмших боломжтой.

-Тийм ч болохоор та хятад хэлний сургалт хичээллүүлэхээр болсон уу. Өнгөрсөн хугацаанд хэдээс хэдэн насны хэчнээн шавьтай болсон бэ?

-Тоолж байгаагүй юм байна. Хятад хэлийг гуравдугаар дамжаанд сурч байсан үеэсээ л зааж эхэлсэн болохоор нэлээдгүй шавьтай болсон. Миний сургалтанд сууж байгаад бүр хятад хэлний орчуулагч болчихсон хүмүүс байдаг. Насны хувьд 6-32 насны хүнд заасан.

Би сургалтаа хүний тооноос илүүтэйгээр гарах үр дүн, чанараар эрхэмлэдэг. Сургалтыг маань төгссөн хүүхдүүд болон эцэг эхчүүд нь сэтгэл хангалуун байхыг мэдрэхэд сайхан. Хятад хэлээ заахаас гадна эцэг эхтэйгээ харьцах, хичээлээ үр дүнтэй хийх, зөв дадалтай болох талаар хүүхдүүдтэйгээ байнга ярилцаж зөвлөгөө өгдөг. Мэргэжлийн багш биш мөртлөө багшаа гэж дуудуулах шавьтай байна гэдэг хамгийн сайхан.

БҮХ ШАВЬ НАРАА ӨӨРИЙН ХҮҮХДҮҮД ШИГ ЭЭ ХАЙРЛАЖ ХАНДДАГ

-Таны багад сумандаа гадаад хэл сурах боломж байв уу. Сургалтын төвөөсөө, шавь нараасаа ямар урам зориг авдаг  вэ?

-Хэдэн сар болоод л элсэлт авдаг. Нэг явсан хүүхдүүд маань үргэлжлүүлээд явна гээд байдаг болохоор анх санамсаргүй эхэлсэн сургалт маань ингээд нэг тойрогт орчихоод больж болдоггүй үргэлжлээд байдаг юм.

Намайг бага байхад манай суманд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн программын дагуу орос, англи хэлнээс нэгийг нь сонгон суралцдаг байсан. Улаанбаатар хотыг зорьж очиж л гадаад хэлний сургалтад сурахгүй л бол хэдэн жилдээ нэг удаа л зуны амралтаар нэг, хоёр сарын англи хэлний курс манай суманд ирж хичээллэдэг байсан байх.

Ер нь хаа газрын сургалтын төвүүд гадаад хэлийг их уйтгартай залхмаар заадаг юм шиг санагддаг. Миний хувьд тэднээс өөр байх юм сан гэж хичээдэг дээ. Хичээл ороод тарах хүртэлх тэр хугацаанд хүүхдүүдээсээ хэзээ хичээл тарах бол гэсэн харцыг олж харахгүй байх л их гоё байдаг даа.

Хамгийн гол нь би хичээлээ заахаас гадна хичээл дууссаны дараа ч хүүхдүүдтэй хувь хүний хөгжил, бусадтай харьцах харилцаа, яаж илүү амжилттай сурах, цагаа хэрхэн зөв ашиглах зэрэг сэдвээр чөлөөтэй ярилцаж, сул талыг нь хэлж өгч яаж сул талаа сайн тал болгох талаар зөвлөгөө өгдөг. Хичээл тарахад хэн ч яаран хаалга руу гүйдэггүй. Яг л багш өнөөдөр юу ярих бол гэж хүлээж байгаа мэт шавь нарын минь харц надад халуун дулаан хайрыг мэдрүүлдэг. Би нэг үг хэлснээрээ тэдний амьдрал, тэдний ирээдүйн хувь заяаг сайнаар өөрчлөх ч юм билүү. Тиймдээ ч бүх шавь нараа өөрийн хүүхдүүд шиг ээ хайрладаг.

-Сүүлийн саруудад залуу гэр бүлүүд орон нутагт очиж ажиллаж амьдарч байна. Энэ талаар бодож байгаа, хараахан шийдвэр гаргаагүй, эргэлзэж байгаа хүмүүст та юу гэж зөвлөх вэ?

-Би заавал орон нутагт амьдар гэж хэлэхгүй. Хэн хаана илүү эвтэйхэн амьдарч чадаж байна тэндээ л байх хэрэгтэй. Хэрвээ та хаана ч хүсэл зорилгоороо өөрийнхөө ертөнцийг бүтээж чадах хүчтэй хүн гэж бодож байвал орон нутагтаа үлдээд өөрийн бүтээсэн ертөнцөө бусадтай хуваалцаж яагаад болохгүй гэж (инээв).

-Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе.

-Хүүхэд залуучууд минь эх хэлнээсээ гадна өөр ямар нэг гадаад хэлийг зорилготойгоор онц сайн сураад, гадаад улсын хөгжилтэй танилцаад, сайныг нь авчирч эх орондоо нутагшуулаад, ээж, аавын хүүхдээс эх орны залуус болтлоо сурч, хөгжиж, хөдөлмөрлөөрэй гэж хүсье.

Танай хамт олонд ажлын амжилт хүсье. Ярилцлага авсанд баярлалаа.

-Маш их баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

М.Мөнхгэрэл: Шавь нарыгаа сумандаа гадаад хэл сураад, ирээдүйд 100 хувийн тэтгэлгээр дэлхийн боловсролыг үнэгүй эзэмшээсэй гэж хүсдэг  
Үзсэн: 5761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй