Шууд Chart

НҮБ: 15 орон 2030 он хүртэл нүүрс, хий, газрын тосны олборлолтоо 45 хувиар нэмнэ

2021-10-22 10:56:31

НҮБ-ын эрдэмтэд Австрали, Бразил, Канад, Хятад, Герман, Энэтхэг, Индонез, Казахстан, Мексик, Норвеги, ОХУ, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Их Британи, АНУ-ын зэрэг 15 орны үйлдвэрлэлийн төлөвлөгөө, төсөөлөлд дүн шинжилгээ хийжээ. Эдгээр орнууд 2030 он гэхэд нүүрс, хий, газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрийг зөрчиж байгаа үйлдэл хэмээн НҮБ-ын хамгийн сүүлийн тайланд дурдсан юм.  Түүхий эдийн олборлолтоо нэмэгдүүлэх 15 орны 2030 он хүртэлх зорилт нь 2015 онтой харьцуулахад газрын тосны олборлолт 57, байгалийн хийн олборлолт 71 хувиар их байх тооцоо гарчээ. 

НҮБ-ын  тайлан мэдээллийг бэлтгэсэн Стокгольмын хүрээлэн буй орчин судлалын эрдэмтэн Плой Ачакулвисут “Дэлхийн улс орнуудын нүүрс олборлолтын цар хүрээ улам нэмэгдэж хэрээс хэтэрч байгаа  нь Засгийн газрууд чиглэлээ ухрааж байгаа үйлдэл гэж харж байна.  Дэлхийн нүүрс, газрын тос, байгалийн хийн олборлолтын 50-55 хувь нь тухайн улсын төрийн өмчит компани байдаг. Үүнд хяналт тавихгүй олборлолт улам нэмэгдэж байгаа нь тухайн Засгийн газрын бодлого, татвараас үүдэлтэй” гэжээ. О

доогийн байдлаар дэлхийн нүүрсний хэрэглээ 3 жил тутамд 25 хувиар нэмэгдэж байгаа нь бусад төрлийн эрчим хүчний түүхий эдтэй харьцуулахад хамгийн хурдацтай хэрэглээ нь нэмэгдэж байгаа түүхий эд болсоор байна. Дэлхийн нүүрсний жилийн хэрэглээ ойролцоогоор 7 тэрбум тонн болдог гэсэн НҮБ-ын судалгаа байдаг. Нийт нүүрсний хэрэглээний 75 хувь нь цахилгаан гаргаж авахад зориулагдаж байгаа бөгөөд хамгийн том хэрэглэгч нь БНХАУ, Энэтхэг улс юм.

Улс орнуудын олборлолтын хэмжээ нэмэгдэх төсөөлөл байгаа дээр ганцхан жишээ дурдъя. БНХАУ-ын Засгийн газар өвлийн улирал ойртсонтой холбогдуулан нүүрсний уурхайнууддаа олборлолтоо нэмэгдүүлэх үүрэг өгөөд байна. Одоогоор тус улсад нүүрсний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, цахилгааны хязгаарлалтууд үргэлжилсээр байна. Тус улсын эрх баригчид хүлэмжийн хийн ялгарлын эрхээр нүүрсний олборлолтоо хязгаарласан. Гэвч чулуужсан түлш шаардагдах төслүүдийн эрэлт улам нэмэгдсээр байгаа учир зөвхөн БНХАУ-д ч гэлтгүй бусад орон ч хямралыг тойрон гарах хангалттай нөөц бололцоогүй хэвээр байна.

БНХАУ нүүрс олборлолтоор улсынхаа хэмжээнд хоёрт бичигддэг Өвөр Монголын эрх баригчдад олборлолтоо нэмэгдүүлэх чиглэл энэ сарын эхээр өгсөн байна. Ингэснээр эрчим хүчний хязгаарлалтад орсон Хятадын зүүн хойд мужууд 24 хоногийн цахилгааны хэрэглээг хангахуйц хэмжээний нүүрс нөөцлөөд байна. Энэ нь аравдугаар сарын эхэн үетэй харьцуулахад 11 хоногийн нөөцөөр нэмэгдсэн гэсэн үг.  Хятадын  цахилгаан станцууд нүүрсний өндөр өртгөөс болж эрчим хүчний үнэ болон үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжгүй байсныг эрх баригчид нь цахилгааны тарифыг нэмэгдүүлэх замаар шийдэж өгсөн юм. Мөн тус улсын эрх баригчид цөмийн энерги, нар, ус, салхин цахилгаан үүсгүүрээр эрчим хүч үйлдвэрлэдэг компаниудад орон сууцны хорооллуудыг цахилгаанаар таслахгүй хангахыг үүрэг болгожээ.

Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсад эрчим хүчний хямрал үүсч эхэлсэн нь дэлхийн томоохон компаниудын үйл ажиллагаанд нөлөөлж эхэлсэн юм. Тухайлбал, Apple компанийн Хятад дахь ханган нийлүүлэгчид орон нутгийн засаг захиргаанаас тогтоосон цахилгааны хязгаарлалтаас үүдэн үйлдвэрлэлийнхээ түвшинг бууруулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: 15 орон 2030 он хүртэл нүүрс, хий, газрын тосны олборлолтоо 45 хувиар нэмнэ  
Үзсэн: 762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй