Шууд Chart

У.Баярсайхан

МЗЭ-ийн гишүүн. яруу найрагч, сэтгүүлч


"Өвлийн идэш-2021": Иргэдийн худалдан авалт буурсан байна гэв

2021-11-29 13:54:06

Нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш-2021” арга хэмжээ энэ сарын 25-наас ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.

Үүнд гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малын мах, сүү, жимс, шинэ ургацын улаан буудайн гурил, цагаан будаа гэх мэт орон нутаг бүрдээ онцлогтой бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдан борлуулж байна.

Мөн орон нутгаас хэн нэгэн өвлийн идшээ шууд захиалан авахыг хүсвэл Монгол шуудангийн хүргэлтийн үйлчилгээг ашиглан Төв цэнгэлдэх хүрээлэнд хүргүүлэн авах боломжтой юм билээ.

Уг арга хэмжээ цар тахлын халдвараас сэргийлэн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан стандартын дагуу зохион байгуулж байгаа хэмээн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллэсэн юм.

Уг арга хэмжээ чухам хэрхэн үргэлжилж байгаа талаар манай сайтын сурвалжлах хэсэг тэмдэглэснээ уншигч танаа хүргэе.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун жигүүрт байршжээ. Иргэд машинтай, явган, хүүхдээ хөтөлсөн, хөгшчүүл нь түшүүлсэн зэргээр цувсаар байна. Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж буй мэт.

Монгол Улс маань 60 гаруй сая толгой малтай, гурван сая хүрэхгүй иргэнтэй хэрнээ тэд яагаад ингэж идэх хоолныхоо махны хомстолд оров, арай хямдыг нь сонсоод хаа холоос ирж байна вэ.

Зарим иргэнээс асуухад “Яах вэ махны зах дээрэхээс арай л хямд юм. Гэхдээ энэ арга хэмжээгээ олон газар тараан байршуулсан бол Баянхошуунд амьдарч байгаа би ажил болж энд ирэхгүйсэн” хэмээн бухимдаж байх вэ дээ.

Тэгвэл зарим амьжиргааны түвшин сайтай нь нэг ирснийх гээд их ихээр нь аваад явж байхдаа “Үнэ нь арай хямд юм байна. Байн, байн ирж амжихгүй байх гээд аав ээжийнхтэйгээ хамт авчихлаа” гээд машиндаа дүүртэл хийгээд хөдөлж байх нь ч харагдана.

Иргэдийн хамгийн их авч байгаа зүйл нь мах, гурил, будаа. За тэгээд “дуртай юм болохоороо” гэдэг шиг өрөм, шар тос, ааруул зэргийг авч л байна билээ. Энэ бол тэдний сонголт тул ажиглаад л өнгөрсөн.

“Улаанбаатар” гурилын үйлдвэрийн ажилчидтай уулзлаа. Түгээлтийн туслахаар ажиллаж буй М.Гантөмөр хэмээх залуугаас тодруулахад “Манайх үйлдвэрийн үнээр зарагдаж байгаа. Худалдан авалт гайгүй л байна. Үзэсгэлэн худалдаа эхэлсэн өдөр 5тонн гурил авч ирсэн боловч зарагдаад бараг дууссан тул дахин 3тонныг авч ирсэн. Одоогоор дөрөв орчим тонн гурил зараад байна” гээд худалдан авагч нартаа үйлчлэх гээд бидэнтэй ярих ч сөхөөгүй ажиллаж байна билээ. Хийх ажилдаа сэтгэлтэй хандаж байгааг нь харах сайхан санагдсанаа нуух юун.

Хоёр эгнээ болгон байршуулсан цагаан асруудад борлуулалтаа хийж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс энэ жилийн худалдан авалт өмнөх үеийнхтэй харьцуулахад ямар байгааг нь лавлахад “Үнийн хувьд ч гурван жилийн өмнөхтэй харьцуулахад бүтээгдэхүүн тус бүрд 2-3 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Бензин нэмэгдээд байхаар бид замын зардлаа ингэж нөхөхөөс өөр арга байхгүй. Мөн иргэдийн амьжиргаа арай суларсан байна. Жишээ нь гүзээтэй шар тосыг зарим нь бүтнээр нь эсвэл нэг хуваагаад л аваад явчихдаг байсан бол өнөөдөр дээд тал нь 1-3 кг-ыг л авч байна” гэх нь элбэг таарлаа. Гэхдээ тэд энэ арга хэмжээг жил бүр зохион байгуулж байвал сайн байна гэсэн үгээ манай сайтаар дамжуулж дайсан шүү.

Ийнхүү зарим худалдаачны сэтгэгдлийг сонссон юм.

З.Отгонбаяр: Ченж нарын нэмэлт үнэгүйгээр зарах нь борлуулалтад шуурхай байна

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчин.

Нутгаасаа би өнөөдөр ирсэн. Борлуулалт сайтай байна аа. 10 тооны үхэр, 100 орчим бог малын махтай ирсэн. Үхрийн мах өдөртөө дууссан. Үлдсэн нь энэ хэд (гараараа зааж машиныхаа тэвш дээрх махыг харуулав) байна. Маргааш гэхэд дуусах байх. Иргэд “Хүчит шонхор” захаас ихэвчлэн малын мах худалдан авдаг. Энд худалдаалагдаж байгаа нь тэндхээс арай хямд. Жишээ нь хонины мах 7500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Гулууз нь 23-27 кг болж байгаа бол ямааны мах 6000 төгрөгөөр зарагдаж байна. Гулууз тус бүр 15-20 кг болж байна. Үхрийн махаа 8500 төгрөгөөр зарсан. Орон нутагтаа зарахаар ченжүүд биднээс хямд авчихаад хотод үнэтэй зараад байдаг. Харин ийм арга хэмжээнд оролцоод зарвал ченж нарын нэмэлт үнийг оруулахгүйгээр олноор нь түргэн шуурхай худалдаалах боломжтой юм байна.  

Ц.Отгон: Манайх ихэвчлэн аарц зарж байгаа

Архангай аймгийн Хотонт сумын иргэн.

Манай дүү нар намайг “Завтай үедээ зараад өгнө үү” гээд явуулсан юм. Өөрсдөө малчин болохоор хотод олон хоногоор байх боломжгүй байна. Дүү нар ихэвчлэн аарц авч ирсэн. Кг-нь 5000 төгрөгөөр зарж байгаа. Мөн шар тос 28000, өрөм 12000, ээзгий 18000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол үе мөчинд түрхэх зорилгоор тэмээний чөмөг ч бий.

Орхон аймгийн Жаргалант сумын тариаланч

Би жил бүр өөрөө ногоогоо тарьж, арчилдаг. Газар тариалан эрхлээд 24, ногоогоо дараад найман жил болсон. Одоогоор цөөхөн хэдэн хүнтэй бүл болж хамтарч ч ажиллаж байна. Монголынхоо хөрсөнд ургасан, Монгол ногоогоо хэрхэн арчилж, шилэнд дарах вэ гэдэг сургалтанд ч олон удаа суусан. Тэрнийхээ хүчинд өнөөдөр хэрэглэгчиддээ түгээгээд байна. Мэргэжлийн хяналтад ч байнга шалгуулдаг. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд анх удаа ирж оролцохдоо долоон төрлийн бүтээгдэхүүнтэй ирсэн. Тоочвол, огурци, хүрэн байцаа, хар мөөгтэй алаг салат, Монгол сармис, ногоон лооль, амтат чинжүү, дун ногоо гэж байна. Нутгаасаа авч ирснээ зараад бараг дууссан. Маргааш гэр рүүгээ дахин захихаар төлөвлөж байна. Би өмнө нь нутагтаа иймэрхүү арга хэмжээнд олон оролцдог байсан. Худалдан авалт боломжийн байна шүү.

Т.Цэдэндамба: Сумынхаа брэнд болох мойлтой тосоо хэрэглэгчдэд илүү амтлуулахыг хүсч байна

Хэнтий аймгийн Дадал сумын иргэн.

Бид сумынхаа брэнд болох мойлтой тос, цөцгий, аарц, ааруул, шимийн архи, масло авч ирж найм дахь жилдээ оролцож байна. Ялангуяа малчдаасаа эдгээр бүтээгдэхүүнээ авч ирсэн. Учир нь өвлийн улирал эхэлсэн тул бид өөрсдөө ийм их хэмжээгээр боловсруулах боломжгүй. Малчид маань ч таатай хүлээж авдаг. Манайх нутгийнхаа брэнд болсон мойлтой тосоо худалдан авагчдадаа илүү их хүртээж, амтлуулахыг хүсч байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Өвлийн идэш-2021": Иргэдийн худалдан авалт буурсан байна гэв  
Үзсэн: 5314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй