Шууд Chart

“Мал аж ахуйн нэгдсэн систем”-ийг улсын хэмжээнд нэвтрүүлнэ

2021-11-30 09:53:19

Мал сүргийг дахин давтагдашгүй хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хяналт тавих тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх, нийт малын сүргийн бүтэц, хээлтэгч, хээлтүүлэгч малын тохироо, мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдол, шилжилт хөдөлгөөнийг хянах зорилгоор ХХААХҮЯамнаас 2021 онд “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ыг улсын хэмжээнд зарласан.
 
Аяны хүрээнд эхний ээлжид Монгол Улсад баталгаажсан үндэсний үүлдэр, омгийн малын цөм сүрэг /290.2 мянга/, үржилд ашиглаж буй хээлтүүлэгч /213.1 мянга/, хот орчмын бүсийн үхэр /110.2 мянга/ сүргийг бүртгэлжүүлэн мэдээллийн нэгдсэн санд оруулах, шилжилт хөдөлгөөнийг хянах зорилтыг тавьж, орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
 
Цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх ажлын хүрээнд бий болгож байгаа “Мал аж ахуйн нэгдсэн систем” нь:
 
-Малын бүртгэлийн программ,
 
-Сүргийн эргэлтийн программ,
 
-Малын удам зүйн үнэлгээний программ,
 
-Хурдан морины бүртгэлийн программ,
 
-Мал, малчин өрхийн тавлаг байдлын мэдээлэл гэсэн дэд сангуудаас бүрдэнэ.
 
Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлын үндэс болох малын бүртгэлийн программ нь үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан болох бөгөөд НҮБ-ын ХХААБ, Францын Мал аж ахуйн хүрээлэнтэй хамтран Өвөрхангай аймгийн 4 суманд хэрэгжүүлсэн “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг сайжруулах туршилтын төсөл”-ийг үндэсний хэмжээнд ашиглах хөгжүүлэлтийг хийж, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумдад туршиж, орон нутгийн мэргэжилтнүүдэд нэгдсэн сургалт зохион байгуулах, сургагч багш бэлтгэх ажлыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж эхлээд байна.
 
Уг ажлын хүрээнд 11 дүгээр сарын 29-30-ны өдөр 21 аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг танхимаар зохион байгуулж байна.
 
Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажилд гар утасны аппликейшн болон технологийн дэвшилд суурилсан бүртгэлийн программыг хөгжүүлж өгснөөр малын ээмэг, чипэнд бичигдсэн Засаг захиргааны нэгжийн код бүхий хувийн дугаарыг бар код уншигч ашиглан аппликейшнээр шууд бүртгэх, засаг захиргааны нэгжийн код бүхий дахин давтагдашгүй хувийн дугаарыг программ автоматаар олгох боломж бий болж байгаа юм. Энэ нь бүртгэгчийн ажлыг хөнгөвчилсөн, малын ээмэгний QR кодыг уншуулан тухайн малын мэдээлэл болон малын эзний мэдээллийг харах боломжийг бүрдүүлж өгсөн.
 
Энэхүү аппликейшн нь сүлжээгүй /offline/ нөхцөлд ажиллах боломжтой бөгөөд сумын бүртгэгч Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас малчин өрхийн А дансны мэдээллийг нэгдсэн системээс татаж суулгах, тухайн мэдээллийг /дата/ сүлжээгүй орчинд ашиглаж бүртгэлийг хийх, сүлжээтэй газар орох үед мэдээлэл нэгдсэн системд орох нөхцөлийг хангасан.
 
Үндэсний статистикийн хорооноос төрийн ХУР мэдээллийн санд дамжуулсан малчин өрхийн А дансны мэдээллийг Хөдөө аж ахуйн салбарын мэдээллийн нэгдсэн сангаас ашиглах давуу тал бий болж байна.
 
Мал аж ахуйн нэгдсэн системд энгийн хэрэглэгч нэвтэрч улсын хэмжээнд бүртгэсэн нийт мал, үүнээс цөм сүргийн хээлтэгч, хээлтүүлэгч, тухайн жилийн хүлээн авсан төл, том малын зүй бус хорогдлыг улс, аймгаар харах боломжтой бөгөөд малчин өрх, мал бүхий этгээд, хувь хүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, малын хөдлөл зүй зэргийг админ эрхтэй бүртгэгчээс өөр хэрэглэгч харах боломжгүй юм.
 
Монгол Улс экспортлогч орон болох зорилтод хүрэх хамгийн эхний алхам бол мал бүртгэлжүүлэлтийн ажил бөгөөд нийт мал сүргийг үе шаттай ээмэгжүүлж бүртгэлжүүлэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөц, хангамж, чиг хандлагыг бүртгэлээр дамжуулан тодорхойлох, тэдгээрийн чанар, аюулгүй байдалд хяналт тавих, малын өвчлөл, гарал үүслийг тогтоох, малын хулгайн гэмт хэргээс сэргийлэх, шилжилт хөдөлгөөнийг хяналтад авахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм.
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

“Мал аж ахуйн нэгдсэн систем”-ийг улсын хэмжээнд нэвтрүүлнэ  
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй