Шууд Chart

Энэтхэг улс эрүүл мэндийн аялал жуулчлалын томоохон төв болжээ

2024-05-31 16:31:47

Сүүлийн жилүүдэд Энэтхэг улс эрүүл мэндийн аялал жуулчлалын томоохон төв болжээ.

Эрүүл мэндийн аялал жуулчлалын үнэ цэн, үр өгөөжөөр тус улс дэлхийд эхний гуравт эрэмбэлэгдэж байна. Учир нь бусад улс оронтой харьцуулахад Энэтхэгт өртөг бага. Нарийн мэргэжлийн эмчийн ур чадвар өндөр. Мөн англи хэлээр нэвтрэлцэх боломжтой тул хэлний бэрхшээл бага тохиолддог байна.

Иймд эрүүл мэндийн үйлчилгээний салбарт Энэтхэг улс ихээхэн сонирхол төрүүлж, дэлхий дахины итгэлийг олж авчээ. 

Эмнэлэг, эрүүл мэндийн судалгааны төв ихтэй, нарийн мэргэжлийн шилдэг эмч, мэс засалчидтай, эмчилгээний зардал бусад улс орноос харьцангуй бага тул Монгол болон дэлхийн бусад орны иргэд Энэтхэгийг сонгож эмчилгээ, хагалгаа хийлгэх нь түгээмэл болжээ.

Эрүүл мэндийн шинжлэх ухаан талаас элэг, ясны чөмөг, бөөр шилжүүлэн суулгах дэвшилтэт технологи Энэтхэгт өндөр түвшинд хүрчээ.

Түүнчлэн зүрхний мэс засал, тэр дундаа хүүхдийн зүрхний мэс заслын ололт амжилт арвин буй аж.

Мөн онкологи, ортопед, мэдрэл судлал өндөр хөгжжээ.

Эрүүл мэндийн дэд бүтэц сайтай, чадварлаг эмнэлгийн мэргэжилтэнтэй, өртөг зардал бага учир чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах жуулчид Энэтхэгийг зорих нь ихэсчээ.

Энэтхэгт эрүүл мэндийн аялал жуулчлал ойрын үед эрчимжих төлөвтэй байгаа бөгөөд эрүүл мэндийн жуулчдын тоо цар тахлын өмнөх түвшинг давах төлөвтэй байна.

Зээлжих зэрэглэлийн Crisil агентлагийн гаргасан мэдээллээс үзэхэд, Энэтхэгт ирсэн эрүүл мэндийн жуулчдын тоо 2023 онд 6.1 саяд хүрсэн бол, 2024 онд 7.3 саяд хүрэх төлөвтэй байна.

Тус улсын энэхүү чадавх цаашид өсөх төлөвтэй байна.

2023 онд Монгол Улсаас 400 гаруй өвчтөн Энэтхэгт очиж эмчлүүлжээ. Харин 2024 оны 1-4 дүгээр сард 100 гаруй иргэн зорчжээ.

Эрүүл мэндийн шинжлэх ухааны Энэтхэгийн томоохон төвүүдийн нэг "Max Healthcare" одоогоор Монгол Улсад болон Ази, Африкийн есөн улсад төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байгаа аж.

Мөн "Apollo Hospitals" Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээжээ.

Эдгээр төлөөлөгчийн газруудаас иргэд үндсэн лавлагаа, визийн туслалцаа, нислэгийн зөвлөмж, эмчийн цаг товлох зэрэг цогц үйлчилгээг авах боломжтой.

Түүгээр ч зогсохгүй эрүүл мэндийн шинжлэх ухааны Энэтхэгийн Фортис төв ч Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг.

Баримт мэдээллээс үзвэл, Энэтхэг улс дахь эмнэлгүүд дунд "Аполло" монголчуудын итгэлийг илүү ихээр хүлээсэн эмчилгээ, сувилгааны шилдэг сонголт хэвээр буй ажээ.

Түүнчлэн тус улсын "Marengo Asia Hospitals" Монгол Улсын гурван ч эмнэлэгтэй хамтын ажиллагаатай болсноо зарлалаа.

"Маренго Ази" эмнэлгийн сүлжээний хувьд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан Энэтхэгийн хамгийн анхны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар тодроод байна.

Цэргийн төв госпитал, Нэгдүгээр эмнэлэг зэрэг Монгол Улсын эрүүл мэндийн гурван томоохон байгууллага Энэтхэг улсын "Маренго Ази" эмнэлгийн сүлжээтэй хамтран “Эмнэлзүйн коридор” хэмээх ойлголтыг нэвтрүүлж, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Засгийн газартай хамтран ажиллаж, 200 гаруй эмнэлгийн мэргэжилтэн, мэргэжил дээшлүүлэх эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад зориулж Монгол Улсад сургалт зохион байгуулж байна.

Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэжээ.

Ингэснээр Монгол болон Энэтхэг улсын зүгээс эрүүл мэндийн салбарын өсөн нэмэгдэж буй орчин үеийн эрэлт хэрэгцээг дэлхий дахинаа шийдвэрлэхэд хоёр улс боломж, ур чадвар, хамтын хүч чармайлт гарган зохих хувь нэмрээ оруулж буй юм.

Энэтхэгт "Marengo Asia Hospitals"-д очиж дадлагажих Монгол эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт, мэдлэг туршлага хуваалцах, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх аж.

Мөн “Маренго Ази” эмнэлгийн эмч нар Монголд ирж “OPD” болон хамтарсан хагалгаа хийх ажээ.

Эхний шатанд анхаарах эрүүл мэндийн шинжлэх ухааны зарим чиглэлд зүрх судас, хавдар судлал, мэдрэл судлал, элэгний эмгэг судлал, урологи зэрэг оржээ.

Харин дараагийн шатанд Монгол Улсын нэгдүгээр шатлалын эмнэлгүүдэд мэс заслын мастер сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эмнэлзүйн коридор, телемедициний практикийг цаашид хөгжүүлж, Монголоос ирж буй өвчтөн болон эмчлэгч эмч нартай нь холбогдож, зөвлөгөө авч хамтран ажиллах юм байна.

Эргэн сануулахад, 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад хоёр өдрийн айлчлал хийхдээ Хавдар судлалын үндэсний төвд зочилж, Энэтхэгийн эрдэмтдийн хорт хавдрыг эмчлэх зорилгоор бүтээсэн “Бхабхатрон” хэмээх аппаратыг бэлэглэж, эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны шинэ үеийн түүхийг эхлүүлж байсан.

Тус улсын "Бхабха" атомын судалгааны төвд бүтээсэн уг төхөөрөмж нь цөмийн анагаах ухааны хорт хавдрыг эмчлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж юм.

Цаашид Энэтхэг улс Монголд эрүүл мэндийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг үр дүнтэй ашиглах аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээний салбарт дэмжлэг үзүүлэхээ оюун санааны хөршийн хувиар амласан билээ гэж БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ. 


Энэтхэг улс эрүүл мэндийн аялал жуулчлалын томоохон төв болжээ  
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй