Шууд Chart

Вашингтоноос ОХУ-ын дипломат төлөөлөгчдийг хөөж гаргадгаа зогсоохыг шаардлаа

2021-12-02 16:29:28

АНУ-ын Вашингтон хотоос ОХУ-ын дипломат төлөөлөгчдийн газрын ажилтнуудыг хөөж гаргадгаа зогсоохгүй бол Москва адилхан хариу барина гэжээ.

Москва дахь АНУ-ын ЭСЯ-нд гурваас дээш жил ажилласан хүмүүсийг ирэх оны нэгдүгээр сарын 31 гэхэд Оросоос гаргана гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өчигдөр мэдэгдлээ.

Үүнээс өмнөхөн Оросын 27 дипломатчийг гэр бүлийнхээ хамт Вашингтоноос гарахыг шаардсан талаар АНУ дахь Оросын Элчин сайд мэдэгдсэн юм. Америкийн тал үүнийг хөөж гаргасан асуудал биш гэжээ.

АНУ-ын төр засаг Вашингтон дахь Оросын ЭСЯ, Нью-Йорк, Хьюстон дахь Ерөнхий консулын газарт байх ажилтнуудад гурван жилийн дээд хязгаар тогтоож, тоглоом эхлүүлсэн гэдгийг Мария Захарова сануулаад, ирэх оны долоодугаар сарын 1-нээс өмнө энэ журмаа зогсоож, зөвшилцөж чадахгүй бол Төрийн департаментаас зарласан оросуудтай адил тооны америк ажилтныг Оросоос гаргана гэж анхааруулсан байна.

АНУ Оросын 55 дипломатч, ажилтныг ойрын хэдэн сарын хугацаанд улс орныг нь орхих шаардлага тавьсныг өнгөрсөн аравдугаар сард Захарова зарлаж байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт 27 ажилтныг гэр бүлийнхээ хамт ирэх нэгдүгээр сарын 30-наас өмнө нутаг буцах ёстой гэсэн бол мөн төдий тооны дипломатчийг ирэх зургаадугаар сарын 30-нд АНУ-аас гарахыг шаардсан талаар АНУ дахь Оросын Элчин сайд Анатолий Антонов мэдэгджээ.

Харин АНУ-ын Төрийн департамент Оросын дипломатчийг хөөгөөгүй, харин ротацийн асуудалтай холбоотой гэж тэмдэглэж байна.

Оросын дипломат төлөөлөгчдийн газруудын асуудалд сенатчид ч дургүйцэж байгаа юм. Тэд өнгөрсөн аравдугаар сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд захидал илгээж, Орост Америкийн 100-гаад дипломатч байхад АНУ-д Оросын 400 гаруй дипломат ажилтан байна гэдгийг анхааруулжээ. Ийм тэгш бус байдал нь Орост амьдардаг, эсвэл тийшээ явах гэж буй Америкчуудын хэрэгцээг хангаж чадахгүй байна гэжээ. Тиймээс Москва дахь ЭСЯ-ны ажилтнуудынхаа тоог нэмэх, Оросын төр засаг үүнийг зөвшөөрөхгүй бол Оросын 300 дипломат ажилтныг буцаах хэрэгтэй гэжээ. Харин Захарова Америкийн талаас Орост 130 хүн ажилладаг бол Вашингтон, Нью-Йорк, Хьюстон дахь Ерөнхий консулын газруудад 200 хүрэхгүй хүн ажилладаг гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Вашингтоноос ОХУ-ын дипломат төлөөлөгчдийг хөөж гаргадгаа зогсоохыг шаардлаа  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй