Шууд Chart

PSY төрж өссөн хорооллоо шүүмжлэхийн учир...

2013-07-19 14:29:45

2012 онд “Gangnam style” дуугаараа дэлхийд од болсон Өмнөд Солонгосын дуучин, дуу зохиогч, бүжигчин, рэппер, ая зохиогч гээд л универсиал мэргэжилтэй Пак Жей Сан буюу PSY өдгөө 36 настай ажээ. Тэрээр Солонгосын баячуудын хороолол гэгдэг гангнам дүүрэгт төрсөн байна. Парк Жае Сан “Ганнам стиль” дуугаараа Ганнам дүүрэг, бая­чуудыг битүүхэндээ шүүмжилж, өөрсдийгөө нийгмээс дөвийлгөж, өөр харагдуулахыг хичээх хэрэггүй гэдгийг өвөрмөц бүжгийн стилээрээ бусдыг гайхшруулсан юм. Тэрээр 15 настайдаа  Өмнөд Солонгосын телевизээр гардаг байсан гадаадын поп хөгжмийн тухай нэвтрүүлгийг үздэг байсан гэнэ. Тэр тусмаа “Queen” хамтлагийн 1975 онд хит болж байсан “Bohemian Rhapsody” дууг сонсож, хөгжимд дуртай болсон гэж тэрбээр ярьдаг аж.

 Тэрээр Өмнөд Солонгост 2000 онд Үндэсний телевизээр PSY  анх удаа бүжиглэсэн гэдэг. 2001 оны нэгдүгээр сард PSY  “PSY from the PSYcho World!” нэртэй цомгоо гаргасан боловч цомгийн дуунуудыг “зохимжгүй” гэж Өмнөд Солонгосын Засгийн газраас түүнийг торгож байсан ажээ. Залуухан хип-хоп дуучин Солонгосын поп дуунаас огт өөр стильтэй, уламжлалт бус үг хэллэгтэй дуу, этгээд хөдөлгөөнтэй бүжиг бүжиглэх болсон байна. Тиймээс PSY-г “Гаж этгээд дуучин” гэж хочилж байсан удаатай. Дараа жил нь түүний хоёр дахь “Sa 2” нэртэй цомог гарчээ. Энэ цомгийг хүүхэд өсвөр үеийнхэнд муу нөлөө үзүүлнэ хэмээн иргэний бүлгүүд эсэргүүцсэн байна. Түүнчлэн “Sa 2” цомгийг худалдаалахыг хориглосон учраас PSY-г эсэргүү дуучин гэх ойлголт газар авчээ.
2002 оны есдүгээр сард тэрбээр “3 PSY” нэртэй цомгоо гаргасан нь түүнд маш их амжилт авчирсан юм. Цомгоо “Champion” дуугаар нэрлэсэн нь амжилтын үндэс болсон ажээ. 2002 оны тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 30-ны хооронд Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Өмнөд Солонгос, Япон улсуудад болсон нь Ази тивд зохиогдсон хөлбөмбөгийн дэлхийн аваргын анхны тэмцээн байсан юм. Хэдийгээр PSY эсэргүү дуунууд бичдэг байсан ч түүнд “3 PSY” цомгийн амжилт нь Сөүлийн Хөгжмийн шагналыг авчирчээ.
PSY 2003 онд цэрэгт татагдсан ч цэргийн албанаас зайлсхийж, программ хангамжийн компанид ажиллажээ. Өмнөд Солонгосын Засгийн газраас үндэсний эрх ашигт үйлчлэх компанид ажилладаг техникийн мэргэжилтнүүдийг цэргийн албанд явснаар тооцдог юм байна. 2005 онд цэргийн албаны хугацаагаа дуусгахыг хүлээж байсан PSY дараа жил нь “Sa Jib” нэртэй дөрөв дэх цомгоо гаргажээ. Энэ цомог нь дуучинд Өмнөд Солонгосын Хөгжмийн шагнал болон Хонконгийн Mnet Music Awards шагналыг авчирсан байна. Харин 2007 онд PSY-г үндсэн ажлаа хайхрахгүйгээр концерт тоглон, телевиз, интернэтэд бичлэг бичүүлж байснаас ажлаас нь шүүхэд хандсан аж. 2007 оны аравдугаар сард Сөүл хотын шүүхээс түүнийг армийн алба хаагаагүйг буруутгасан тул тэрбээр хоёр сарын дараа цэрэгт явжээ.
2009 онд цэргээс халагдсан PSY мөнгөгүй учраас өөрийн цомгоо гаргаж чадахгүйд хүрсэн байна. Эхнэр нь түүнийг YG  Entertainment студид орохыг санал болгосон аж. 2010 онд PSY тав дахь цомгоо гаргасан бөгөөд түүний “Right Now” дууг Өмнөд Солонгосын Гэр бүл, хүйсийн тэгш байдлын яамнаас хоригложээ. Хэдийгээр нэг дууг нь хориглосон нь энэ цомгоороо Өмнөд Солонгосын Melon Music Awards, Хонконгийн Mnet Music Awards шагналыг хүртсэн юм. 2012 оны нэгдүгээр сард PSY Японы Осака хотод YG Family Concert-д BIGBANG, 2NE1 хамтлагийн хамтаар тоглон, 80 мянган үзэгчийн өмнө дуулсан байна. Түүний энэ тоглолт нь гадаадад тоглосон анхны тохиолдол байсан аж. Тэрбээр үзэгчдэд “Солонгост намайг үзэгчдийг галзууруулдаг дуучин гэдгээр сайн мэднэ. Харин энд бол би шинээр ирсэн намхан нэгэн” гэж өөрийгөө танилцуулсан юм. PSY өөрийн хит дуунуудыг дуулж байх хооронд телевизийн нэвтрүүлэг хөтлөгчид дуучны хөгжилтэй яриа хөөрөөтэйг магтаж байсан гэнэ.
Пак Жей Сангийн хувийн амьдралаас сонирхуулахад тэрбээр 2006 оны аравдугаар сарын 14-нд Ёнсей Их сургуулийн cello хийлч Юу Кын Ентэй гэрлэжээ. Тэд гурван жил хагас үерхсэний эцэст хуримласан юм байна. PSY, Юу Кын Ен нар ихэр охинтой аж. Дэлхий дахинд хит болсон “Ганнам стайл” дуугаа PSY өөрийн амьдралын хамгийн том амжилт гэж үзэж байгаа юм.

PSY төрж өссөн хорооллоо шүүмжлэхийн учир...  
Үзсэн: 4022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-07-21 18:24
tegeed ter shvvmjilsen uchir ni haana bgam dee

Бидэнтэй нэгдээрэй