Шууд Chart

Юн Сок Ёл: БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй бодлого барина

2022-05-11 12:27:56

БНСУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Юн Сок Ёл тангараг өргөж, төрийн эрхийг авснаар Өмнөд Солонгост улс төрийн шинэ эрин үеийг эхлүүллээ гэж тус улсын хэвлэлүүдэд онцолж байна. Шинэ ерөнхийлөгчийн тангаргийн үгний гол хэсэг нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөөх яриа хэлэлцээнд нээлттэй хандахаа илэрхийлсэн үг байлаа.

Өмнөд Солонгосын 20 дахь ерөнхийлөгч Юн Сок Ёл АНУ-ын дэд ерөнхийлөгчийн нөхөр Дуглас Эмхофф, Японы гадаад харилцааны сайд Хаяши Ёшимаса зэрэг гадаа, дотоодын 40 орчим мянган зочин төлөөлөгч, иргэдийн төлөөллийн өмнө тангараг өргөхдөө, "Умард Солонгосын эдийн засгийг хүчирхэгжүүлэх төлөвлөгөөг гаргахад олон улстай хамтран ажиллахад бэлэн байна" гэж мэдэгдлээ.

БНСУ-ын шинэ ерөнхийлөгчийн өмнө цөмийн болон пуужингийн хөгжлөө урагшлуулж байгаа Умард хөрштэйгээ хэрхэн харилцах, Америк, Хятадын дунд тэнцвэртэй гадаад бодлого барих, хөрш Японтой харилцаагаа сайжруулах, цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зэрэг хэд хэдэн том сорилт хүлээж байна.

БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОК ЁЛ: Хоёр Солонгосын хооронд яриа хэлэлцээ хийх орон зай, Умардад үр ашгаа өгөх арга зам бий. Хэрвээ Умард Солонгос цөмийн зэвсгээс ангижрах үйл явцыг чин сэтгэлээсээ эхлүүлбэл бид Умардын эдийн засгийг хүчирхэг болгох, ард түмний нь амьжиргааг сайжруулах зоригтой төлөвлөгөө боловсруулахад олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Харин шинэ засгийн газар дотоод бодлогын хувьд шинжлэх ухаан технологи, инновацид суурилсан эдийн засгийн өсөлт асуудлыг шийдвэрлэхэд ялангуяа хөдөлмөрийн зах зээлийн алдаа завхралыг арилгах, баян ядуугийн ялгааг бууруулахад дэмжлэг болох нэг арга зам гэж Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч үзэж байгаа аж.

Мөн улс төрийн гүнзгий хуваагдал, орлогын тэгш бус байдлыг арилгахын тулд эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого барих юм байна. Тангаргийн үг нь залуучууд, эдийн засаг руу хазайлаа. Харин Японтой харилцах тал дээр дорвитой зүйл хэлсэнгүй гэж шинжээчид онцолжээ.

Дээрх дурдсан гадаад дотоод сорилтуудтай тулгарч байгаа гэдэг үүднээс Юн Сог Ёлыг 1980-аад оноос хойш хамгийн хэцүү цаг үед Өмнөд Солонгосын төрийн эрхийг авч байгаа удирдагч гэж шинжээчид үзэж байгаа юм байна.

Мөн ерөнхийлөгч Юн Сок Ёл өөр нэг шинж жишиг тогтоох гэж байна. Тэрбээр ерөнхийлөгчийн тамгын газрыг Хөх ордноос Батлан хамгаалах яам руу нүүлгэсэн. Энэ нь эзэн хааны эрх мэдлийн бэлгэдлээс холдож, олон нийтэд илүү ойр байгаагаа харуулах зорилготой гэж тайлбарласан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Юн Сок Ёл: БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй бодлого барина  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй