Шууд Chart

Монгол, Хятадын найрамдлын нэрэмжит төгөл байгуулав

2022-05-16 10:59:29

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд байгууллага, хувь хүмүүс идэвх санаачлагатай оролцож байгаа билээ. Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг эл хөдөлгөөнд нэгдэж энэ сарын 14-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажлыг өргөн бүрэлдэхүүнтэй хийв. Энэ үйлсэд Монгол , Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Элчин Сайд Г.Батсүх, Удирдах зөвлөл, ажилтнууд,  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Жан Мүшин, Хятадын соёлын төвийн удирдлага, ажилтнууд, БНХАУ-аас Монголд хөрөнгө оруулагчдын “Зун Хуа” нийгэмлэгийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Фэн Жүн болон удирдлагууд хамтран идэвх санаачлагатай оролцлоо. Мөн Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газар, Монгол, Хятадын уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний технологи инновацийн төвийн төлөөлөл байлцав.

Эл арга хэмжээг нээж Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх  “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан бодит болгож буй “Нэг тэрбум мод”төслийн хүрээнд энэхүү төгөл байгуулагдаж байгаа юм. Энд голт бор, тэхийн шээг, хайлаас зэрэг ус үндэс татсан 150 мод тарина. Хүмүүний амьдралын нэгэн үнэт үйлс бол мод тарихуй гэдгийг манай дорнын ард түмнүүд дээдэлдэг. Энэ дээд сайхан заншил уламжлалын нэгэн үлгэр энд биелж байна. Бид жил бүр уламжлал болгон модоо нэмж тарина. Ойн энэ төгөл маань Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгө гоо нэмж, хоёр орны найрамдлын ашид бэлгэ тэмдэг болж цэцэглэх нь дамжиггүй. Мөн энд манай нийгэмлэгээс энэ хүрээлэнгийн төв элгэнд ” гэж хэлсэн юм.

Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр  хамаарагч Жан Мүшин “Монгол, Хятадын найрамдлын нэрэмжит төгөлд мод тарих үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Хятад, Монгол хоёр улс уламжлалт найрамдалт харилцаатай, хоёр орны ард түмэн нэгнээ дэмжих сайхан заншилтай. Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсанаас хойш хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иргэд хоорондын ойлголцлыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдагт бидний зүгээс гүн талархалтай ханддаг. Мод тарьж ойжуулах нь өнөө үеийн, олон хавар намрын их үйлс бөгөөд оршин амьдрах нөхцлийг сайжруулах, хүн байгаль зохицон оршиход чухал нөлөөтэй. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачлага нь Монголын цөлжилтийн эсрэг тэмцэхэд чухал утга агуулга бүхий үйл явдал билээ. Монгол, Хятадын найрамдал үүрд батжиж, найрамдлын модны үндэс нь зузааран бүдүүрч, урт наслахыг хүсэн ерөөе” хэмээн өгүүлсэн юм.

Б.Баяр


Монгол, Хятадын найрамдлын нэрэмжит төгөл байгуулав  
Үзсэн: 480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй