Шууд Chart

Байгалийн гамшгаас үүсэх эрсдэлийг бууруулахад талуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зөвлөмж гаргалаа

2022-05-21 09:45:43

Монгол Улсад сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын температурын жилийн дундаж хэм 2.25°С-ээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж өөрчлөлттэй харьцуулахад өндөр байгаагаас гадна хүйтэн өдрийн тоо дунджаар 15 хоногоор буурч, халуун өдрийн тоо 24 хоногоор нэмэгдэж, дулааны улиралд орох хур тунадас багасч, хуурайшилтыг нэмэгдүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монголын экосистем ихээхэн эмзэг болж, эдийн засаг нь мал аж ахуй болон газар тариалан нь хур борооны хэмжээнээс шууд хамааралтай болж, байгалийн гамшгаас үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, эмзэг, өртөмтгий болгож байна.

Тиймээс ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран  “Байгалийн гамшгаас үүсэх эрсдэл, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгууллаа.

Хуралд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХНХЯ, ОБЕГ, ШУА, ДХИС, МУИС, ҮБХИС, СЭЗДС, ХААИС, УЦУОСМХ, Стратеги судалгааны хүрээлэн, Батлан хамгаалах ЭШХ, Хил судлалын хүрээлэн, Эрсдэл судлалын төв ТББ болон олон улсын байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцож, илтгэл хэлэлцүүлсэн юм.

Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс гарсан санал, дүгнэлтэд үндэслэн байгалийн гамшгаас үүсэх эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг салбарын болон орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхэд талуудын  үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зөвлөмж гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Байгалийн гамшгаас үүсэх эрсдэлийг бууруулахад талуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зөвлөмж гаргалаа  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй