Шууд Chart

Монголын марафон гүйгч Б.Сэр-Одын талаар томоохон нийтлэл гарчээ

2022-05-26 14:33:54

Спортын "хатан хаан" гэгддэг хөнгөн атлетикийн Дэлхийн холбооны ( World Athletics) энэ зун АНУ-д болох хөнгөн атлетикийн ДАШТ-д зориулан албан ёсны цахим хуудсандаа орон орны онцлох тамирчдын талаар нийтлэл гаргаж буй билээ.

2022 оны тавдугаар сарын 23-нд worldathletics.org Монголын марафон гүйгч Бат-Очирын Сэр-Одын талаар томоохон нийтлэл гаргалаа.

Хөнгөн атлетикийн ертөнцөд нэр хүндтэй Ирландын сэтгүүлч Катал Деннехи уг нийтлэлийг бичсэн бөгөөд “Таван цагариг” сонин ойрын өдрүүдэд тун сонирхолтой уг нийтлэлийг спортын хорхойтнууд, хөнгөн атлетик, марафон гүйлт сонирхогчдодоо толилуулжээ.

110 жилийн түүхтэй, эгнээндээ 214  орныг гишүүнээр багтаасан манай гарагийн хамгийн томоохон олон улсын байгууллага болох WORLD ATHLETICS ийнхүү Монголын тамирчинг онцолсон нь яах аргагүй маш том нэр хүндийн хэрэг билээ.

Монгол Улсын гавьяат тамирчин , Ази тивийн аварга, мөнгөн медальт, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт Бат-Очирын Сэр-Од нь 2003 оноос хойш хөнгөн атлетикийн ДАШТ -д тасралтгүй 9 удаа шалгаран оролцсон бөгөөд ирэх долдугаар сард АНУ-д болох ДАШТ-д оролцох болзлоо биелүүлж, марафон гүйлтээр 10 удаа ДАШТ-д оролцсон манай гарагийн анхны тамирчин болох юм.

Тэрбээр мөн "Парис-2024" олимпын наадамд оролцох шинэ зорилго тавиад байгаа бөгөөд хэрэв зорилгодоо хүрвэл зургаан олимпод оролцсон түүхэн дэх анхны марафонч болох ажээ.

Эх сурвалж: "Таван цаграг" сонин

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын марафон гүйгч Б.Сэр-Одын талаар томоохон нийтлэл гарчээ   
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй