Шууд Chart

Үндэсний спортын VII наадмын шилдгүүд тодорлоо

2022-08-15 12:50:32

Тухайлбал, Баяр наадмын уран уургач төрөлд Дорноговь аймгийн У.Гантөмөр түрүүлж, Ховдын Н.Одгэрэл, Багануур дүүргийн М.Лхагва-Эрдэнэ нар удаалав. Харин бугуйлч төрөлд Налайх дүүргээс оролцогч Ж.Цэрэнтогтох алтан медаль хүртсэн бол Увс аймгийн н.Үнэнбат, Хан-Уул дүүргийн С.Ууганбаяр мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эмнэг хангал сургах төрөлд Өмнөговь аймгийн тамирчин Ж.Борхүү түрүүлж, Хэнтий аймгийн Б.Гантогтох, Дундговь аймгийн У.Содномцэрэн нар удааллаа.

Харин шагай харвааны төрөлд үлэмж дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн баг тэргүүн байр эзэллээ. Дэд байрт аймгийн гоц мэргэн Д.Одбаяр ахлагчтай Төв аймгийн баг орж, үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай Баянзүрх дүүргийн баг гуравдугаар байрт орлоо. Ширээний шагай наадгайн төрөлд 23 багийн 187 тамирчин ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдлөө. Багийн төрөлд Ж.Дэлгэрдалай ахлагчтай Баянхонгор аймгийн баг түрүүлж, Б.Баттулга ахлагчтай  Налайх дүүрэг дэд байр, Г.Гантөмөр ахлагчтай Хэнтий аймгийн баг гуравдугаар байрт орлоо. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Өвөрхангай аймгийн Т.Отгонсүрэн алт, Баянхонгор аймгийн Ж.Дэлгэрдалай мөнгө, Б.Ууганбаяр хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Налайх дүүргийн С.Онон түрүүлж, Багахангай дүүргийн Ц.Ганчимэг, Хан-Уул дүүргийн Ц.Оюунчулуун удааллаа. Ганцаарчилсан хөвгүүдийн ангилалд Баянхонгор аймгийн М.Тогоохүү тэргүүн байр эзэлж, Хэнтийн Г.Өсөх-Ирээдүй мөнгө, Багахангайн А.Баасанжаргал хүрэл медаль хүртлээ. Харин охидын ганцаарчилсан төрөлд Хан-Уул дүүргийн Л.Тэргэлсарангоо түрүүлж, Хэнтийн М.Маралмаа мөнгө, Багахангай  дүүргийн Г.Ариунзаяа хүрэл медаль хүртэв.

Үндэсний спортын VII наадмын үндэсний бөхийн барилдаан улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхийн ангилалд өрнөв. Барилдаан тойргоор болсон. Улсын цолтой бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн харьяат, улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлсэн бол хоёрдугаар байрт Архангай аймгаас оролцогч улсын начин Ч.Ганзориг, гуравдугаар байрт Хан-Уул дүүргээс оролцогч улсын начин Б.Бадамсүрэн шалгарлаа. Аймгийн цолтой бөхийн ангилалд Өвөрхангай аймгаас оролцогч аймгийн харцага Б.Өлзийсайхан түрүүлж, дэд байрт Төв аймгаас оролцогч аймгийн харцага Л.Даваажамц, гуравдугаар байрт Өмнөговь аймгаас оролцогч аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа оров. Сумын цолтой бөхийн барилдаанд Орхон аймгаас оролцогч сумын заан А.Пүрэвсүрэн түрүүлж, Увс аймгаас оролцогч сумын заан Б.Цагаанбанди дэд байр, гуравдугаар байрт Завхан аймгаас оролцогч сумын заан Д.Төгс-Эрдэнэ нар шалгарав. Харин залуу бөхийн барилдаанд Сүхбаатар аймгаас оролцогч Д.Бямба-Эрдэнэ түрүүлсэн бол Орхон аймгийн оролцогч Б.Цэрэндаш дэд байр, Чингэлтэй дүүргийн оролцогч З.Галт-Очир хүрэл медаль хүртлээ.

Морьт харвааны үндсэн таван бай төрөлд Баянгол дүүргийн Ц.Тэмүүжин алтан медаль хүртэж, Өмнөговь аймгийн Б.Отгон-Өлзий, Төв аймгийн Г.Гэсэр нар удаалав. Харин угтаж өнгөрч харвах төрөлд Өвөрхангай аймгийн Г.Гүнбилэг түрүүлж, Сэлэнгэ аймгийн Д.Сонорчимэг мөнгө, Төв аймгийн Х.Наранзул хүрэл медаль хүртлээ.

Морин дээрх барилдааны 70 кг-ын жинд Е.Өмиртай түрүүлсэн бол Увс аймгаас оролцогч Т.Картенбай Ховд аймгийн оролцогч Г.Баасандорж нар удааллаа. Харин энэ тэмцээний 80 кг-д Баян-Өлгий аймгийн тамирчин С.Женисбек түрүүлж, Ховд аймгийн тамирчин М.Асылбек, Увс аймгийн тамирчин Г.Мөнхбат нар удааллаа. Тэгвэл 90 кг-ын жинд Баян-Өлгий аймгийн Е.Өмирбек тэргүүн байр эзэлж, дэд байрт Дорноговийн У.Гантөмөр, гуравдугаар байрт Дорноговь О.Төмөрхүү нар шалгарав. Харин +90 кг-д Баян-Өлгий аймгийн тамирчин Е.Женисбек түрүүлж, Ховд аймгийн тамирчин Х.Жаке, Хэнтий аймгийн тамирчин Х.Буяндэлгэр нар удаалав. Энэ тэмцээний “Үнэмлэхүй” аваргаар Баян-өлгий аймгийн тамирчин Х.Наурызхан шалгарч, тус аймгийн тамирчин С.Женисбек болон Е.Женисбек нар удааллаа.

Наадмын уламжлалт сур харвааны багийн төрөлд аймгийн мэргэн Д.Хүрэлбаатар ахлагчтай Орхон аймаг тэргүүлж, даян мэргэн Д.Норжмаа ахлагчтай Багахангай дүүрэг, Ө.Лхагважав ахлагчтай Хэнтий аймгийн баг удаах байрт шалгарлаа.

Үндэсний спортын энэ удаагийн наадамд 21 аймаг, есөн дүүргийн 1700 орчим тамирчин оролцжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Үндэсний спортын VII наадмын шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй