Шууд Chart

Найруулагч М.Батболдын гурав дахь бүтээл “Опал” жүжиг аравдугаар сарын 1-нээс тоглогдоно

2022-09-08 12:25:19

Тус жүжгийн гол дүрийг соёлын тэргүүний ажилтан, тайз, дэлгэцийн жүжигчин О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж бүтээж буй гэдгээрээ онцлогтой. Ийнхүү тэрбээр 15 жилийн дараа театрын тайзнаа эргэн ирж байна. Мөн энэхүү жүжигт Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Н.Онон, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Т.Ариунчимэг болон Э.Чинзориг, Т.Сэргэлэн гэсэн нийт долоон жүжигчин дүр бүтээж буй бөгөөд тэд нэгэн тайзан дээр хоршин тоглох нь ээ.

Мөн тус жүжгийн ерөнхий зураачаар О.Баярмагнай, хөдөлгөөний найруулагчаар У.Эрдэнэбаяр, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, хувцасны дизайнераар О.Булган, ассистент найруулагчаар С.Тэмүүжин, туслах найруулагчаар Ц.Энхтуяа, зөвлөхөөр Гэри Биондо, гүйцэтгэх продюсероор Ж.Энхзаяа, хэвлэлийн төлөөлөгчөөр Э.Булган ажиллаж байна.

“Орфей” театр энэхүү бүтээлээрээ өнөө цагийн хүмүүст хамгийн ихээр дутагдаад байгаа итгэл найдвар, өөдрөг үзэл, уужуу сэтгэлийг түгээж, үзсэн хүн бүхний сэтгэл зүрхийг хайраар дулаацуулахаар зорьж буй аж. Мөн өмнөх бүтээлүүдээс өнгө аяс агуулгын хувьд өөр, харьцангуй бага орон зайд, цөөн үзэгчдэд тоглож, үзэгчид тайз хоёрыг нэг дор оршоож, амьд театрын гайхамшгийг харуулахыг зорьж байна.  Түүнчлэн тус театрын хамт олон энэхүү жүжгээ Монголд ажиллаж, амьдарч буй олон улсын үзэгчдэд зориулж, аравдугаар сарын 10-нд англи орчуулгатайгаар тоглохоор зэхэж байна.

Эл жүжгийн зохиолч Жон Патрик амьд ахуйдаа 34 театрын зохиол, 27 кино дэлгэцийн бүтээл туурвиснаас хамгийн нэрд гарсан, нэрийн хуудас болсон жүжгийн зохиол нь “Everybody loves Opal”.

“Everybody loves Opal” жүжгийн зохиол 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдсон байна. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онд дэлхийн театруудад тавигдаж байсан түүхтэй. Дан ганц “Everybody loves Opal” нэрээр бус “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улс оронд тавигдаж, хүн зоны сэтгэл, тархинд гэрэл түгээсэн байна. Одоо ч гэсэн гэрлээ түгээсэн хэвээр байгаа бөгөөд 2022 он гарсаар хоёр ч улсад амилжээ. Түүнчлэн энэхүү зохиол дэлгэцийн урлагт амилсан бөгөөд киночид дэлгэцийн бүтээл болгон үзэгчдэд хүргэж байв.

Ташрамд дуулгахад, “Опал” жүжиг "Хүн театр"-т тоглогдох юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Найруулагч М.Батболдын гурав дахь бүтээл “Опал” жүжиг аравдугаар сарын 1-нээс тоглогдоно  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй