Шууд Chart

Өв соёлоор түүчээлсэн ирээдүйн эзэд

2023-01-30 15:09:29

/ТХБ-2 төслийн түшиц 30 сургуулийн нэг Хэнтий аймгийн Галшар сумын ЕБС-иас бэлтгэв/

Хэнтий аймгийн Галшар сумын сургууль “Зан заншлын өргөө”-тэй болсоор жил гаруй хугацааг үдэж байна. Энд хүүхдүүд, багш нар болон нутгийн ахмад настнуудын тусламжтай монгол ахуй соёл, зан заншилд суралцдаг. Арай балчир насныхан шагайн наадгай, оньсон тоглоомоор тоглодог бол дунд ангид орох үеэс дээс томож, утас ээрэх, хазаар ногт зангидах, эмээл төхөөрөх, эсгий ширэх арга үйлээс суралцаж байна. Мөн бөхийн цол, хурдан морины марзай дуудах дугуйлангууд ч хичээллэдэг. Хүүхдүүд хичээлийн бус цагаар голдуу энэ танхимдаа л өнжинө.

Хэдийгээр 200 шахам сурагчдын дийлэнх нь малчны хүүхэд боловч ихэнх цагаа сургууль дээр өнгөрүүлдэг учир монгол ахуй ёс заншил, нүүдэлчдийн  арга ухаанаас зааж сургах нь нэн чухал юм. Нөгөө талаас малчны хотонд ч техник технологийн шинэчлэл хүрч, аливаа ажлыг машин техникээр шийдэх нь ихэссэн. Тиймээс нүүдлийн соёл иргэншилт ахуй соёлыг хүүхэд багачууддаа өвлүүлэх үйлд сургуулийн хамт олон шамджээ. Энэ ажилд нутгийн ахмад буурлууд, өвлөн тээгчид, сурагчдын эцэг эх ч юу чадахаараа хувь нэмрээ оруулж хамтарч байна.  

Хэнтий аймгийн Галшар сумын есөн жилийн дунд сургууль нь “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төсөлд улсын хэмжээнд шалгарсан 30 түшиц сургуулийн нэг юм. Энэ хүрээндээ Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “ТХБ-2” төслөөс санхүү болоод арга зүйн дэмжлэг авч “Зан заншлын өргөө” байгуулах эхлэлээ тавьжээ. Өнөөдөр энэ өргөөгөө сумын болоод өөрсдийн хүчээр тохижуулж хүүхэд багачуудынхаа саатах дуртай газар болгож чаджээ. Сурагчид энд мэдсэн сурснаа үе тэнгийнхэн, гэрийнхэнтэйгээ хуваалцаж байна. Энэ үр дүн, үйл явц нь сурагч, сургуулиар дамжуулан тогтвортой хөгжлийн боловсролыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх төслийн зорилго болохыг сургуулийн хамт олон хэлж байлаа.   

Орчин цагийн мэдээллийн урсгал, даяаршлын шуурганд буйдхан газрын үнэт өв, эгэл атлаа үнэ цэнтэй уламжлал устан одох аюулд ойртсоор...  Харин Галшарынхан сум орноороо энэ эрхэм соёлоо хойч үедээ өвлүүлэхээр зорьж байна. Энэ ажилд сумын сургуулийн хамт олон манлайлан оролцсон нь нүдээ олсон хэрэг болжээ.       

Хэнтий аймгийн Галшар сумын ЕБС-ийн захирал Б.Мөнх-Оргил:

Манай сургуулийн хамт олон СБААХ-аар үнэлгээг чиглэл чиглэлээр хийсэн. Үнэлгээгээр  нутаг орны онцлог дээр тулгуурлаад мартагдаж байгаа монгол ахуй, өв соёлыг хүүхдүүддээ сургах, түгээн дэлгэрүүлэх нь чухал гэдэг нь тогтоогдсон. Тухайлбал малчид маань гэр барьж оторлодог байсан бол одоо вагончигтой нүүдэл суудал хийх нь нэмэгдсэн. Мөн хавар намрын ид нүүдлийн үеэр сурагчид маань сургууль орчиндоо байдаг болохоор нүүдлийн соёл мартагдах шахаж байна. Тиймээс нүүдлийн мал аж ахуй дагасан сургалтыг нэмж оруулж өгсөн.

Манай Галшар сум хурдан морины өлгий нутаг. Тиймээс бид морины эд хэрэглэл хийх, төхөөрөх чиглэлээр тухайлбал эмээлийн иж бүрдлийг нэрлэх, хазаар, чөдөр, ногт хийх суран эдлэл боловсруулах, дэл сүүл урах, дээс томох, эсгий ширдэг хийх,  зэрэг аргачлалыг сургалтдаа оруулсан. Мөн мал ээнэгшүүлэх, тойглох, хурдан морины гийнгоо марзай дуудах гэхчлэн олон төрлөөр дугуйлан хичээллүүлж байна.

Танай сургалт хоёр дахь жилдээ орж байна. Үр дүн ямар байна вэ?

 Алхам алхмаар гарч байна. Сурагчид бие биедээ, эцэг эхдээ,  эцэг эхчүүд нь хүүхдүүддээ нөлөөлөх гэхчлэн сурсан мэдсэнээ амьдрал ахуйдаа хэрэглэж байгаа нь энэ сургалтын  үр дүн болов уу.

ТХБ төслийн жижиг төслийг хэрэгжүүлэхдээ бусад төлөөлөлтэй хэрхэн хамтарч түншилж байна вэ?  

Энэ сургалтын чиглүүлэгч багш нь дан ганц сургуулийн багш нар биш юм. Эцэг эх, биет бус өв тээгчид тухайн төслийг дэмжигч, дэлгэрүүлэгч нь болж байна.  Тухайлбал эцэг эхчүүд, ахмад настан энэ тал дээр нь ингэж тусалъя, ингэж заая, ийм тоглоом наадгай байдаг, үүнийг хандивлая гэхчлэн хамтарч байна. Мөн сурагчид нутаг орондоо сурснаа түгээгч гол эзэд нь болдог. Тухайлбал тоглоомуудаа гэртээ авч очоод тоглоход нь дүү нар хамтарч сурах жишээтэй.   

Сэтгүүлч: Э.Буян-Эрдэнэ


Өв соёлоор түүчээлсэн ирээдүйн эзэд  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-01-30 19:58
Суманд яасан сайхан санаачилга эхлээ вэ. Хүүхдийн нүд жаргалтай харагдаж байна.
Зочин [127.0.0.xxx] 2023-01-30 18:24
Бахархалтай

Бидэнтэй нэгдээрэй