Шууд Chart

Дугуй цагааны тохижилтын ажил 85 хувьтай байна

2023-03-20 14:38:00

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр тохижилт, ногоон байгууламжийн ажлын явцын талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ “Нийслэлд 2022-2023 онд 207 гэрээт ажлыг хэрэгжүүллээ. Үүнээс 94 ажлыг 2022 онд ашиглалтад оруулсан. Он дамжин хэрэгжиж байгаа 113 ажил байна. 2023 онд тохижилтын 46 ажил хэрэгжихээс найман ажилд гэрээ байгуулсан. 38 ажил гэрээ байгуулахаар хүлээгдэж байна” гэв.

Мөн 2022 онд ашиглалтад орсон томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг танилцууллаа. Тухайлбал, “Асем вилла” хотхоны хойд талын Туул голын эрэг дагуух тохижилтын ажил дууссан. Тохижилтын ажил нийт 35 мянган ам метр талбайг хамрах бөгөөд авто зам, зогсоолын ажил, хайрган зам, явган замын өнгөт хавтан, үерийн далан, голын эргийн металл рамтай тавцан, сүүдрэвч, нийтийн бие засах газар, харуулын байр, гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламж, сандал, хогны сав, эко налуулга, шорлогийн талбай зэрэг ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэжээ.

Богд хааны ордон музейн тохижилтын ажил 2465 ам метр талбайг эзэлнэ. Авто машины зогсоол, байгалийн боржин чулуун явган зам, ногоон байгууламж, хуйлмал зүлэг, гэрэлтүүлэг, ариун цэврийн байгууламж, сандал, хогны сав зэрэг ажлуудыг хийсэн байна.

Ар зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын тохижилтын ажлын тухайд явган хүний зам, бут хашаалж тарих ажил, хүүхдийн модон тоглоом, явган хүний гүүр, ногоон байгууламжийн ажил, гадна цахилгаан, гадна бохирын асуудлыг шийдэх зэрэг ажлуудыг хийсэн. Өдгөө авто замын ажлыг яаралтай гүйцэтгэж, угтах хэсгийн чулуун замын ажлыг яаралтай дуусгаж, дөрөвдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Ажлын нийт гүйцэтгэл 85 хувьтай байна.

Харин Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын тохижилтын ажил нийт 36 мянган ам метр талбайг хамарна. 2022 онд авто зам, зогсоолын ажил, хайрган зам, явган замын өнгөт хавтан, үерийн далан, голын эргийн металл рамтай тавцан, сүүдрэвч зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ. 2023 онд нийтийн бие засах газар, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, камержуулалт, тоноглол, тоглоомын талбай, нийтийн театр зэрэг ажлуудыг хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.


Дугуй цагааны тохижилтын ажил 85 хувьтай байна  
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй