Шууд Chart

ДЭМБ-ын Суурин төлөөлөгчтэй хамтын ажиллагааны талаар санал солилцов

2023-03-20 16:13:21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон Др.Сокорро Эскалантег өнөөдөр хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Өнгөрсөн онд Монгол Улс болон ДЭМБ-ын хамтын ажиллагааны 60 жилийн ой тохиосон бөгөөд энэ хугацаанд талууд Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд хамтран ажиллаж ирсэн юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид ДЭМБ-тай хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа билээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Ковид-19” цар тахлын тархалтыг хумих, эмнэлгийн тусламжийг нийтэд хүргэхэд бидэнтэй нягт хамтран ажиллаж, бүх талын дэмжлэгийг үзүүлсэнд талархал илэрхийлье. ДЭМБ-ын тусламжтайгаар манай улсын иргэд амьдралын хэвийн горимд шилжих боломжтой болж, өдгөө бид цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг бий болгохын төлөө зорин ажиллаж байна. Цаашид нийслэл хотын зүгээс ДЭМБ-тай нийгмийн үр өгөөжтэй, хүртээмжтэй төсөл, арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд бидний зүгээс хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэхэд таатай байна” хэмээлээ.

Нийслэлийн зүгээс ДЭМБ-тай дүүрэг, хороод дахь анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтний тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах саналаа уулзалтын үеэр уламжлав.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте “Хотжилт нэмэгдэж буй энэ цаг үед эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээ илүү сайжрах ёстой. Иймд хамтын ажиллагааны саналыг бүх талаар дэмжин, онцгой анхаарч ажиллана” гэсэн юм. Мөн тэрбээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, агаарын бохирдлоос сэргийлэх, ундны усны аюулгүй байдлыг хангах зорилготой “Эрүүл хот” хөтөлбөрийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа онцоллоо.

Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагаанд бүх талаар дэмжин ажиллахаа харилцан илэрхийлсэн юм.


ДЭМБ-ын Суурин төлөөлөгчтэй хамтын ажиллагааны талаар санал солилцов  
Үзсэн: 203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй