Шууд Chart

Монголд болох Ази тивийн физикийн олимпиадад Нобелийн шагналт К.Новоселов урилгаар оролцоно

2023-05-09 09:02:40

Монгол Улс Ази тивийн физикийн XXIII олимпиадыг энэ сарын 22-30-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Монголд зочлох жил"-ийн хүрээнд зохион байгуулагдах уг олимпиадад урьдчилсан байдлаар 30 гаруй орны 240 сурагч, 80 багш, эрдэмтэн, профессор оролцохоор бүртгүүлээд байгаа аж.

Уг олимпиадад Орос, Их Британийн иргэн, Нобелийн шагналт эрдэмтэн К.Новоселов урилгаар оролцохоор болжээ.

Константин Новоселов нь 1974 онд ОХУ-ын Нижний Тагил хотод төрсөн. 1991 онд Москвагийн Физик технологийн дээд сургуульд элсэн орж, 1997 онд тус сургуулийн Физик, квант электроникийн факультетийг “Наноэлектроник” мэргэжлээр онц дүнтэй төгссөн. Улмаар Москвагийн ойролцоо Черноголовка хот дахь Оросын ШУА-ийн Микроэлектроникийн технологийн хүрээлэн (удирдагч нь Ю.Дубровский)-д 2 жил ажиллажээ. 1999 онд К.Новоселов Нидерландийн Ниймегенийн их сургууль (University of Nijmegen)-д очиж Андрей Геймтэй хамтран ажиллаж байгаад түүнтэй хамт 2001 онд Манчестерийн их сургуульд ирж ажилласан. 2004 онд профессор, философийн ухааны доктор (Ph.D) зэрэг хамгаалсан. 2010 онд орос гаралтай Андрей Гейм (Andre Geim)-ийн хамт “Хоёр хэмжээст графен материалын анхны туршилтууд хийсэн“ учир физикийн салбарт Нобелийн шагнал авсан эрдэмтэн юм. Одоо тэрбээр Английн Манчестерийн их сургуульд физикийн профессор (Langworthy professor of physics)-оор ажилладаг. 2011 онд Хатан хааны нийгэмлэгийн гишүүнээр сонгогдсон юм.

Ташрамд дурдахад, Монгол Улс 2008 онд Азийн Физикийн IX олимпиадыг эх орондоо зохион байгуулсан туршлагатай бөгөөд 2001 оноос хойш уг олимпиадад манай улс оролцож, гурван хүрэл медаль, дөрвөн тусгай байрын шагнал хүртэж байсан түүхтэй юм.

Монгол Улс Азийн физикийн 23 дугаар олимпиадыг зохион байгуулснаар физикийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, ЕБС-иудын физикийн хичээлийн хүртээмжийг сайжруулах, физикийн боловсролын чанарыг үнэлэх, физикт авьяастай, ирээдүйтэй хүүхэд залуусыг хөхиүлэн дэмжих, мэргэжлийн түвшинд ахих боломж олгох, бүс нутгийн соёлын олон янз байдалтай танилцах, монгол өв соёлоо сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэн хөгжүүлэх чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголд болох Ази тивийн физикийн олимпиадад Нобелийн шагналт К.Новоселов урилгаар оролцоно  
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй