Шууд Chart

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

2023-12-19 17:27:05

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 58 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Эхлээд Засгийн газраас 2023 оны арван нэгдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулсан. 

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.10-т “хүнсний аюулгүй байдал” нь Үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг гэж заасан ба ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын асуудал нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн гол үйл ажиллагаа хэмээн төсөл санаачлагчийн илтгэлийн эхэнд дурдав. Монгол Улсын хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний 65 хувийг ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн эзэлдэг тул ургамлын эрүүл мэндийн асуудал нь нэн чухал гэж үзсэн байна. Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хэлэлцэж буй хуулийн төслийн талаар тусгасныг Х.Болорчулуун сайд танилцууллаа.

Ургамал хамгааллын тухай хуулийг анх 1996 онд баталж, 2007 онд шинэчилэн найруулж, өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа юм. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд ургамал хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллагуудын бүрэн эрх, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг голлон зохицуулсан ч ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалахад чиглэсэн зохицуулалт хангалтгүй гэж төсөл санаачлагч үзжээ.

Ургамал хамгааллын тухай хуулийг шинэчилэн найруулж, мөрдөж эхэлснээс нэг жилийн дараа буюу 2008 онд Монгол Улс Ургамал хамгааллын олон улсын конвенцод нэгдэн орсон байна. Энэхүү конвенцын стратегийн зорилтод “Хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх замаар тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах” асуудлыг тусгасан байдаг. Тиймээс Монгол Улс гишүүн орны хувьд ургамал хамгааллын салбарын хууль тогтоомжийг тус конвенцын зарчим, үзэл санаанд нийцүүлэх шаардлага үүссэн байна.

Түүнчлэн Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш 15 жилийн хугацаанд хуулийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа зөрчил, дутагдлыг арилгах, нөгөө талаар байгаль орчин, нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдан хөдөө аж ахуйн салбарын хамрах хүрээг тэлж, ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, олон улсын худалдаа нэмэгдсэнтэй холбогдуулан ургамал хамгааллын үйл ажиллагааг боловсронгуй болгоход нэн тэргүүнд даган мөрдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь чухал хэмээн Х.Болорчулуун сайд танилцуулав.

Монгол Улсын нутаг дэвсгэрт ургамлын эрүүл мэндийг хамгаалах замаар хүнсний аюулгүй байдлыг хангах, худалдааг дэмжих, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилго бүхий хуулийн төсөл нь 4 бүлэг, 28 зүйлээс бүрдэж байгаа аж.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Монгол Улсын цөлжилт анхаарал хандуулах түвшинд байгааг Г.Дамдинням гишүүн хэлээд, төсөлд малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэх, бэлчээр хамгааллын чиглэлээр зохицуулалт туссан эсэхийг асуулаа. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай энэ чиглэлээр хэрхэн хамтран ажиллаж байгааг тодруулав. Монгол Улсын газар нутгийн баруун болон баруун урд хэсэг цөлжилтөд нэрвэгдэх эрсдэл нүүрлээд байгаа бөгөөд нийт бэлчээрийн 60 гаруй хувь нь өөрчлөлтөд орсон, цөлжилтийн шинж тэмдэг илэрсэн гэх олон улсын судалгааны дүнг Х.Болорчулуун сайд дурдав. Үүний зэрэгцээ малын тоо толгой түүхэн дээд хэмжээндээ хүрч 71 сая буюу хонин толгойд шилжүүлбэл 120 гаруй сая толгой малтай болоод байгаа аж. Эдгээр нөхцөлөөс улбаалан ургамлын бүрхэвч, бэлчээр өөрчлөлтөд орж байгаа учраас мал аж ахуйн уламжлалт хэв маягаа өөрчилж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх замаар өндөр үр ашигтай болгох чиглэлд салбарын яамнаас олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээллийг өгсөн. Хэлэлцэж буй төслийн “Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх” гэсэн 22 дугаар зүйлд ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангах; ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалалтай холбоотой олон улсыг хамарсан цахим системд нэгдэх, харилцан мэдээлэл солилцох; ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын сургалтыг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран зохион байгуулах; ургамлын эрүүл ахуйн үзлэг хийж, дүгнэлт гаргах зэрэг эрхийг хэрэгжүүлэхээр тусгасан гэдэг хариултыг өгөв.

Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын талаар тодруулсан Г.Тэмүүлэн гишүүний асуултад салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт өглөө. Ургамал хамгааллын олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн дагуу хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ажиллахаар төсөлд тусгасан гэв. Тухайн байгууллага нэн тэргүүнд ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын чиглэлээрх бүх мэдээллийг нэгтгэн сан үүсгэх, таримал болон бэлчээрийн ургамлын хөнөөлт организмын тархалт, энэ чиглэлийн хорио цээрийн асуудлыг хариуцах юм байна. Одоогоор Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд энэ чиглэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд мэдээллүүдийг нь ургамал хамгааллын үндэсний байгууллагад шилжүүлнэ хэмээн тооцжээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны харъяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн дээр холбогдох зохицуулалтыг хийх аж. Экспортлох ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай бусад эд, материалд ургамлын хорио цээрийн гэрчилгээг импортлогч орны шаардлагад нийцүүлэн ургамал хамгааллын үндэсний байгууллага олгох бөгөөд үүнтэй уялдуулан гаалийн байгууллагаас томилогдсон мэргэжлийн баг тус байгууллагын харъяанд шилжиж, тус мэргэжлийн багийн дүгнэлтийг үндэслэн зохицуулалттай эд, материалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахаас өмнө импортын мэдэгдэл олгох зэрэг ажил, үүргийг гүйцэтгэнэ гэдэг хариултыг ажлын хэсэг өглөө. Ирэх оны төсөв батлагдсан учраас 2024 онд ургамал хамгааллын үндэсний байгууллагыг тухайн онд багтаан байгуулах боломжгүй ч 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэх үеэс энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөөд байгаа талаараа Х.Болорчулуун сайд хэллээ. Бүтцийн хувьд Мал эмнэлгийн ерөнхий газрын бүтэцтэй дүйцэхүйц байхаар тооцсон гэв. Аймаг, нийслэлд бүтэц байгуулж, ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэж үзсэн байна. 

Шинээр агентлаг байгуулах асуудлыг хуулийн төсөлд тусгаснаар Төрийн хэмнэлтийн тухай хууль болон төрийн албан хаагчдын тоог 15 хувиар бууруулах бодлоготой зөрчилдөж байгааг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар сануулаад, Засгийн газрын саналын талаар тодруулав. 2008 онд Монгол Улс Ургамал хамгааллын олон улсын конвенцод нэгдэн орсон, энэ хүрээнд ургамал хамгааллын үндэсний байгууллагатай байх шаардлага үүссэн гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өглөө. Хуулийн төслийг боловсруулах явцад үүнтэй холбоотой 11 орон тооны 850 сая орчим төгрөгийн зардлын тооцоо, саналыг Сангийн яаманд танилцуулахад татгалзаагүй, Засгийн газар дэмжсэн гэв. Ирэх оны төсөвт холбогдох асуудлыг тусгаагүй учраас 2024 онд байгууллага хоорондын уялдаа холбоог хангах байдлаар зохицуулан ажиллах боломжтой гэж тооцсон байна. Б.Бейсен гишүүн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, эмийн ургамлыг хамгаалах, тариалахтай холбоотой ямар зохицуулалт туссан талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ц.Цэрэнпунцаг, Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 69.2 хувь нь Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив  
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй