Шууд Chart

Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон “Түмэн тэмээний баяр” үргэлжилж байна

2024-02-03 10:11:19

Өвлийн аялал жуулчлалаар дамжуулан орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, тэмээн сүргээ өсгөн хамгаалж, үндэсний өв, соёлыг тээж байгаа тэмээчид, малчдаа алдаршуулах зорилготой “Түмэн тэмээний баяр” 25 дахь жилдээ Өмнөговь аймагт амжилттай зохион байгуулагдаж байна.
 
Энэ жилийн “Түмэн тэмээний баяр”-т Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Төв, Дорноговь зэрэг 7 аймгийн тэмээчид хүрэлцэн ирж, оролцож байна.
 
Энэхүү баярын хүрээнд тэмээчид хурдан тэмээний уралдаан, тэмээтэй буухиа тэмцээн, тэмээн поло, тэмээтэй богино зайны уралдаанд оролцож, "Тэмээтэй сайхан хос", "Сайхан ингэ", "Шилмэл буур" шалгаруулах зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болж, наадамчин олныг баясгаж байна.
 
Өмнөговь аймгийн тэмээн сүрэг 160 мянга буюу 16 түмд хүрсэн тул энэ жил “16 Түмэн тэмээний баяр” хэмээн нэрийдэж, говь нутгийн бахархал болсон тэмээн сүргээрээ бахархан, алдаршуулан тэмдэглэж байгаа билээ.
 
Энэхүү баяр нь анх 1997 онд Сэврэй суманд зохион байгуулагдсан бөгөөд Монголын аялал жуулчлалын салбарын анхны тэмээний эвент гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
 
Мөн 2016 онд 1108 тэмээ барианд оруулж, Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэмээний баяр нь Олон улсад Тогтвортой аялал жуулчлалын үлгэр жишээ загвар хэмээн өндрөөр үнэлэгддэг гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 
 
 
 
 
 
 
 

Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон “Түмэн тэмээний баяр” үргэлжилж байна  
Үзсэн: 1472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй