Шууд Chart

2023 онд Казахстан улсад их хэмжээний метаны хий алдсаныг тогтоожээ

2024-02-22 10:32:47

Казахстан улсын баруун өмнөд нутагт өнгөрсөн 2023 оны байдлаар хэдэн мянган тонн метаны хий алдагдсан гэдгийг шинжээчид олж тогтоожээ. Метаны хий нь дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын үнэмлэхүй хэсгийг бүрдүүлдэг хий юм. Өнгөрсөн оны 6-р сараас хойш метаны хий алдагдсан гэж үзэж байгаа Бузачи Нефть компани хий алдагдаагүй гэж эсэргүүцсэн ч холбогдох хяналтын байгууллага энэ компанид байгаль орчны дэг журмыг ноцтойгоор зөрчиж, бохирдуулсан гэдэг үндэслэлээр 350 сая казахстан тенге буюу 780 мянган америк доллароор торгоно гэж мэдэгджээ.

Их Британийн БиБиСи агентлаг уг метаны хий алдагдаж байгаа талаар нөхцөл байдлыг тодруулахад өнгөрсөн оны 6-р сараас эхэлж Казахстаны Мангистау гэх газар байх цооногоос метаны хий алдагдаж, 12 сар хүртэл үргэлжлэн алдсаар байсан байна. Метаны хий нь нүдэнд үл үзэгдэх хий боловч хиймэл дагуулын зураглалаар их хэмжээгээр алдагдаж байгаа метаны хийг олж илрүүлэх боломжтой байдаг байна. Шинжээч эрдэмтэд хий алдагдсан 6 сарын хугацаанд маш өндөр консентрацитай метаны хий 115 удаагийн тохиолдлоор агаар мандалд ялгарсныг 5 өөр хиймэл дагуулын зураглалын тусламжтай олж илрүүлжээ. Бүр нарийвчилбал, ганцхан цооногоос 127 мянган тонн метан 6 сарын хугацаанд алдагдсан гэсэн үг. Энэ нь жил гаруйн хугацаанд 700 мянга гаруй бензинээр ажилладаг автомашинаас ялгарах нийт хүлэмжийн хийтэй тэнцүү хэмжээний хий гэсэн үг юм. Хүмүүс ихэнхдээ хүлэмжийн хий хуримтлагдахад нүүрсхүчлийн давхар исэл голлох үүрэгтэй гэж боддог. Дэлхийд ялгарч байгаа хэмжээгээр нүүрсхүчлийн давхар исэл их боловч метаны хий нь яг үнэндээ нүүрсхүчлийн давхар ислээс ч илүү нягтшил ихтэй, хүлэмжийн хийн ялгаралд хамгийн их нөлөөлдөг хий юм.

Казахстан улсын Мангистау мужийн байгаль орчны газраас өнгөрсөн 1-р сард уг метаны хийн алдагдалтай уялдуулан мэргэжлийн хяналтын ажиллагаа явуулсан байна. Шалгалтын явцад метаны хий 1-р сараас ялгарах нь зогссон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэхдээ их хэмжээний хий алдагдахад хариуцлага алдсан Бузачи Нефьт компанийг торгоно, мөн хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх хөтөлбөр хэрэгжүүлэхийг даалгасан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ компани цооног өрөмдөх явцдаа процессын хянан шалгалт дутуу хийснээс ийм хортой үр дагавар гарахад хүрсэн гэж үзэж байна. Казахстан улс нь өнгөрсөн оны КОП28 чуулганаар 2030 он гэхэд метаны хийн ялгарлыг 30 хувь бууруулах амлалт өгсөн 150 гаруй орны нэг болсон юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2023 онд Казахстан улсад их хэмжээний метаны хий алдсаныг тогтоожээ  
Үзсэн: 544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй