Шууд Chart

Намрын эхэн сарын шинэдээр.../Үргэлжлэл/

2014-09-05 10:41:55

Цуврал №3

Намрын сэрүү татсан тунгалаг өглөө хот даяар мандан ирлээ. Өчигдөр орой хотын төвийн нэг сургуулиар орлоо. Зам зууртаа л даа. Зорилго өвөрлөөгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ямар нэг гуйлга түүлгэ сургууль соёлд хүүхэд оруулах гаргах тухай биш...Учир юун гэвэл сургуулийн захирал нь манай ангийн хүүхэд. Мэнд мэдээд гарья гэж бодсоных. Халз өмнө минь сургууль нь тээглээд байхаар л тэр шүү дээ. Ангийн анд бүсгүй өрөөндөө гурван хүүхэнтэй ажил төрөл ярьж байна. Багш нар нь л биз дээ...Өдийд сургууль орчмоор нэг иймэрхүү байдаг юм чинь. Хүлээж байгаад орлоо. Мэнд усаа мэдлээ. Анд маань нэг л дөлсөн харцаар энэ надаас юу гуйх гэж байгаа бол гэдэг нь илт байна даа...За ямар сонинтой явж байна гээд сүрхий цэрвэж байна. Би ангийн андынхаа гэгээн дүрийг харах гэж ирлээ хэмээн тохуурхлаа. Захирал анд маань энэ юу л гуйж шарлаадаг бол гэхдээ нурууны нь хөлс гарах шиг...Би зүгээр зүгээр. Чухам зүгээр л явж байна гэтэл нүд нь гэрэлтээд өдийд ингээд зүгээр явж байдаг хүн байдгаа гэх шиг өөдөөс сонирхон сонжин харж байна. Царай нь аяндаа сайхан болчихлоо. Ойрын өдрүүдэд утсаар, мессежээр, биеэр ирж байгаа түмэн олон хүсэлт андыг минь бүүр шаналгаанд оруулсныг сая л мэдлээ. Надад их баярлаж байгаа бололтой дог. Ийм хүн бас орж ирдэг ээ гэх шиг. Ихэнхдээ нэгдүгээр ангид шинээр элсэх нөхдүүд ингэж бүхэл бүтэн захирлыг нуман тулгуурт оруулж утаснаасаа үүднээсээ бусгахад хүргэжээ. Бараг өөрөөсөө ч бусгах шиг болж ширээнийхээ ард тогтож ядтал нь шахалт дарамт үзүүлсэн байх юм. Хэлсэн бүхнийг нь аваад байх зай боломж байхгүй, анги дүүргэлт амсар дүүрээд бялхчихсан болохоор яалт ч үгүй... Ийм л байдалтай хотын төвийн сургуулиуд намрын эхэн сарын шинэдээр хотолзож байна. Захирал андыгаа хараад ийм л юм бодогдож намрын сарын шинэдээр нэгэн утас доргиолоо. Энэ бүхэн үнэндээ зохисгүй зүйлийн ул мөр болох шалтаг шалтгааны нигууртай юм. Өнөө хээл ч билүү, хахууль ч билүү, гар хүндрүүлэх ч билүү хөрөнгөөр шийдэх тэр арга үүд хавиар нь эргэлдэж гэнэдэж гишгэвэл яаж ч болохгүй тийм нөхцөл бүрдэх магадлал өндөр байна. Зарим нэг нь ч өртсөн л биз...Өртлөө өртлөө гээд ил гарахгүй юм чинь... Миний ангийн анд дахиад нэг сургуулийн байртай бол мөн ч олон хүний хүслийг биелүүлнэ дээ гэх хөөрүү бодол тээгээд хаалгыг нь зөөлөн хаалаа. Энэ өдөр түүн дээр над шиг зүгээр мэнд мэдэж орсон хүн нэгээхэн ч үгүй байх аа. Тэгээд л надад баярлаад байсан байх... Би хүсэлт саналтай орсон бол бүр ч хэцүү шахаанд орох байсан нь магад аа... Үүнийг хэрэг болгож хэлээд байгаа нь сургуулиа бариад уужуу аажуу цэлгэр цэлгэр танхимд ардын хүүхдүүдийг амар тайван сургаач гээд үглэх гэснийх...Үглэх гэдэг яншихаас наагуур, олон хэлвэл улиг болохын дэргэд байдаг зүйл... Төр засаг минь сургуулиа бариад өгөөч... Цаана чинь гурван ээлжээр ч хичээллээд барагдахгүй алдрайнууд, ялангуяа шинэ сургуультай болно гээд босгыг нь алхаж орсон сургуулиа нураалгасан хүүхдүүд хүний сургуулийн бөөрөнд байсаар л байна шүү...
 
Цуврал №4

Өглөө эртээ салхинд алхаж ахуйд гурван оюутан залуу чемодан саваа дамжилсан алхаж явна. Бодвол нэг өрөө хөлслөө юм бол уу даа...Их хотын гудамжаар ийм нэг дүр зураг ойрын өдрүүдэд, бүр есдүгээр сар дуустал бараг үргэлжилнэ. Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг ийм нэг дүр зургийг бид Улаанбаатарын хаанаас олж болно. Амьдрал их давалгаандаа биднийг хаман урсаж байгаа нь энэ. Ер нь энд тэнд гудамж, байшингийн сүүдэрт зарын сонин ноолортол эргүүлсэн, байр хөлсөлнө гэсэн утасны дугаарыг нь онцлон улаанаар зурсан бор шувуу шиг хэд гурван хүүхдүүд тун ч элбэгшлээ... Оюутан болох сайхан оюутан байх сайхан, орон гэрээсээ хол байх хэцүү орон гэргүй байх түүнээс ч хэцүү гэдэг л болж байгаа нь тэр...Оюутнууд байр хайх гэдэг томоохон үзэгдэл болжээ. Сүүлийн жилүүдэд буй болсон хувийн их, дээд сургуулиуд хамгийн чухал зүйлээ гээж, хэтрүүлж бодвол айлын халаасны өрөөнд хүртэл сургууль нээхдээ тулжээ... Энд тэнд хоёр гуравхан умгар өрөөнд хичээллэдэг сургууль ч байна. Сургууль байгуулж байгаа нь сайн хэрэгч сургуультай байх нь хамгийн чухал... Их, дээд сургууль гэдэг өөрийн гэсэн стандарттай, хичээлийн байр, оюутны байр, биеийн тамирын заал танхим, номын сан уншлагын танхим нийтийн лекцийн том танхим урлаг соёлын арга хэмжээ явуулах танхим заалууд хичээл туршлагын талбай гээд олон зүйлээс бүрддэг. Тийм биш аваас цогц бодлого, зорилтод программ нь хэрэгжиж чадах уу... Хөлсний байр, түрээсийн өрөө, халаасны өрөө, квадрат хөлслөх гэдэг үгс гүйлгээнд орж хуудас хуудсаар зар түгж, хөөрхий хэдэн оюутан утсаа халтал, нэгжээ барагдтал хонхдож сууна. Энэ чиглэлийн томоохон бизнес эрхлэгчдийн арми нэгэнт бий болжээ. Нэг нэгнийхээ хэрэгцээг хангаад болж л байна. Гэвч гээд бодоход аав, ээжийнхээ халаасыг суйлаад ирж буй тэдэнд сургалтын төлбөр, хичээлийн хэрэгслэлийн мөнгө төгрөг, өмсөх зүүх хувцасны мөнгө гээд зүгээр л гол урсаж байгаа юм шиг юм болно...Хүнээс дор орохгүй юмсан гэх бодол нь хүртэл тэр чигээрээ мөнгө. Гайгүй шиг үзүүлэлттэй гар утаснаас эхлээд нүүж өгнө дөө... Өгөхгүй яана гээд зарим нэг нь урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхийн үлгэр эсгэнэ. Хоттой хэдэн мал нь хямдын хямдаар ченжүүдийн хэтэвч рүү урсан одно... Ингэн ингэн сураад хэрэг байна ууд аа, амьдралын хар ухаанд суралцаж, адуу малаа эргүүлж байвал бараа биш үү гэх бодол хүртэл орж ирэх юм даа.Оюутны байр гэдэг нүдний гэм... Оюутны байртай сургууль цөөхөн яах ёстой болж байна... Оюутны байраар 100 хувь хангагдсан сургууль Монголын хөрс шороон дээрээс олдохгүй нь мэдээж...сургууль байгуулах, материаллаг баазаа эхлээд бэхжүүлэх тийм зохистой шаардлага тавихгүй бол "хээрээр гэр хийж, хэцээр дэр хийдэг" сургуульханууд хол явахгүй нь... Боловсрол шинжлэх ухааны яам гэж бий билүү... Бодлоо хэлж ухаанаа уралдуулаач... Хотоор нэг үүргэвч үүрсэн залуус холхиж эхэллээ...Хоёр гурваараа нийлээд зарын сонин уншиж эхэллээ...Үүнийхээ оронд эрдэм мэдлэгийн ном уншиж байгаасай даа...
 
Цуврал №5
 
Түм түжигнэсэн өглөө эхлээд түм бужигнасан үдшийг тосож байна. Энэ өдөр сургууль соёл нээлтээ хийж, цэцэрлэг сургуулиуд халуун бүлээрээ цугалж хөөр баярын далай болов... Шинэ элсэгчид зарим нь уйлаан майлаантай, зарим нь цүнхэндээ түүртэн гэрэвшиж ээж, аавынхаа гараас зүүгдсэн, зарим нь тэрүүхэндээ чимээгүй хэн нэгэн хүнийг хайсан мэт өнжлөө...Хаана л бол хаана сүрэг сүрэг оюутнууд...Амралтын сонин ярьж, орой үдэшдээ цэнгээний газар очих саналаа хэлэлцэж булан тохойгоор нэг дүүрэн байна...Өнөөдөртөө сайхан л байна. Аав ээжийн буян цөөн хоногийн дараа барагдана. Элдэв төлбөр энэ тэр сургалт ном сурах, шил шилээ дараастай болохоор тэгсхийгээд номхорно. Харин өнөөдрийн нэг том үзэгдэл бол арилжааны банкууд байлаа... "ХААН банк таны банк" гэсэн уриатай нэг салбараар орлоо. Миний банк юм бол надад шуурхай үйлчилнэ дээ гэж бодлоо... Намайг ороход 800 гаруй хүнд үйлчилсэн нь гэрэлтдэг үсгээр тодоос тод гарч байлаа. Харин миний авсан тасалбар 1090 байлаа. Би гурван цаг орчим холхиж, гарч орж хийх юмаа олж ядлаа... Теллер гэсэн цонхнууд чамгүй хэд юм... Орой болох тусам, хүн ихсэх тусам үйлчлэх цонхны тоо цөөрсөөр ....Хөөрхий дөө, муусайн үйлчлүүлэгчид өдөржин ажил төрөл, сургууль соёл, үр хүүхэд гэж харайлгасаар сая нэг чимх чөлөө гарч ойролцоох банк руу харайлгаж байна. Өнөө л мөнгө төгрөг тушаах, авах юу эс вэ... Ихэнхдээ хүүхэд шуухад дагуулсан, үүрсэн дүүрсэн хүмүүс... Тасалбарынхаа дугаарыг аваад эргэн тойрноо нэг сүрхий харна. Хэдэн хүний дараагаар үйлчлүүлэхээ тооцоод нүд нь бүрэлзэх шиг болно...Зарим нь шууд тасалбараа хогийн сав руу шидээд гарч одно. Дараагийн очих газар нь ийм л байгаа даа гэж өрөвдөнө. Иргэдийнхээ эрхэнд хүчээр халдаад эд хөрөнгийг нь битүүмжлэн долоо хоног машин тэргийг нь хязгаарладаг шигээ энэ хэдэн банкаа их ачааллын ийм л өдөр хоногуудад 24 цагаар эсвэл өргөтгөн ажиллуулаад хөөрхийдөө хэдэн бор төгрөгийг нь хураагаад тал, тал тийш нь өгчихөж болдоггүй юм байх даа... Банкны салбар дүүрэн бөөгнөрөл, машин тэргээр бол түгжрэл байх юм...Хүн бүхэн л ингэнэ гэдгийг мэдсээр авч зохицуулаад өгдөг нь даан ч үгүй...Энэ банкны түгжрэл бас л долоо хоногийнх шүү дээ...Иргэдийнхээ машин тэргийг хүчээр зохицуулж болсон юм. Банкныхаа үйлчилгээг долоо хоног зохицуулаад өгч болдоггүй юм бол уу... Мөнгө хүчтэй, мөнгөний дэргэд хүн юу ч биш гэдэг л үнэнээ харуулж байна... Үнэндээ нийслэлд хамгийн том ажлын байртай хамгийн тансаг тохижилттой барилгууд банкных шүү дээ... Банк гэдэг мөнгө үйлдвэрлэдэггүй, мөнгө хүүлдэг үүрэгтэй эд...Хүн гэдэг мөнгө үрдэг, мөнгөний дэргэд мөхөсддөг тавилантай юм даа...

 


Намрын эхэн сарын шинэдээр.../Үргэлжлэл/  
Үзсэн: 2200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй