Шууд Chart

УИХ-ын дарга Булган аймагт ажиллав

2014-09-08 08:32:42

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажиллав.

Тэрээр Хутаг-Өндөр суманд махны чиглэлийн үхрийн фермерийн  аж ахуй эрхэлдэг Канадын иргэн Жереми Тиссений фермерийн аж ахуйтай танилцав. Канад улсын иргэн Жереми Тиссен 22 жил Монголд амьдарч байгаа бөгөөд анх Монголд ногоо тарих туршлагаас хуваалцахаар ирж байжээ. 
 
Канадын иргэн Жереми Тиссен, Хутаг-Өндөр сумын малчидтай хамтран байгуулсан фермерийн аж ахуй нь нийт 200 гаруй үхэртэй юм. Тэд цаашид хүйтэн уур амьсгалд тэсвэртэй Английн Герефорд болон барууны орнуудад сүүлийн үед хамгийн их тархаж буй махны чиглэлийн үүлдэр болох хар ангус, улаан ангус үүлдрийг Монголд нутагшуулахаар ажиллаж буйгаа УИХ-ын даргад танилцуулав. Тэд жил бүрийн 11 дүгээр сард  үхрээ хашаанд тэжээн хүйтний улиралд үхрийн хашааны дулаан байдлыг хангахын тулд сүрэл дэвсдэг Канад туршлагыг нэвтрүүлжээ.
 
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын фермерийн аж ахуй эрхлэгчид хэлэхдээ, цаг агаарын хүндрэл ган, зудын улмаас Монгол Улсын мал сүргийн тоо толгой эрс буурах эрсдэл тулгардаг. Энэ нь хуучин арга барилаар мал аж ахуйгаа эрхлэн хөтлөх боломж эрсдэлтэй болохыг харуулж байна. Иймээс мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах, хот суурин, хүн амын төвлөрөл, зах зээлийн багтаамжаа түшиглэн мах-сүүний болон махны, сүүний төрөлжсөн аж ахуйг эрхлэх, мах, сүүний хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх эрэлт хэрэгцээ, шаардлага бий болж байгааг онцлож байв.
 
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй амжилттай эрхэлж буй малчидтай уулзалт хийж, фермертэй танилцсаны дараа УИХ-ын дарга Булган аймгийн “Хонгор Агро Булган” ХХК-ийн тариан талбайд зочиллоо.
 
“Хонгор Агро Булган” ХХК нь 4023 га талбайд улаан буудай тариалсан бөгөөд цаг агаарын эрсдлийг тооцоолон 3080 га талбайгаас улаан буудай хураахаар төлөвлөжээ. 2014 онд УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, Монгол Улсын хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100 мянган тонн улаан буудайг татвараас чөлөөлсөн. “Хонгор Агро Булган” ХХК “Алтайский-530” сортын үр оруулж ирэн тариалсан нь энэ жил эрсдэлгүй, үр шимээ өгч буйг хэлж байв. Тариаланчдад цаг уурын бэрхшээлээс гадна тариалалт хийсэн талбайд мал орж сүйтгэдэг, үр тарианы талыг тариаланчид авч, талыг нь мал иддэг зэрэг хүндрэл тулгарч байна. Тариаланчид, малчид энэхүү асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа тул бодлогын хэмжээнд анхаарч үзэх шаардлагатай байгааг  “Хонгор Агро Булган” ХХК-ийн захирал УИХ-ын даргад хэлж байв.
 
Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан энэ жил нийт 373.5 мянган га талбайд тариалалт хийж, улаанбуудай 432.5 мянган тонныг хураан авахаар төлөвлөж байгааг танилцууллаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын дарга Булган аймагт ажиллав  
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй