
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо буюу “Шинэ Яармаг” хорооллын хажууд баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэгийг наймдугаар сард ашиглалтад оруулна. Тус байршилд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа.
Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Нийслэлийн хөрөнгө оруулалттай ажлуудын гүйцэтгэлийн мэдээллийг уншиж судлахад ХУД-ийн 8 дугаар хороонд баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явц дэд бүтцийн асуудал дээр удааширч нэлээд хугацаа алдсан байсан. Тиймээс “Шинэ Яармаг” төслийн шугамаас дэд бүтцээ шийдэх зөвшөөрлийг өгч, цэцэрлэгийн барилгын удааширсан асуудлыг шийдсэн. Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналтыг өдөр бүр хэрэгжүүлж ажиллаж байна” гэв.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг наймдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахын тулд гадна тохижилт, фасадын ажлыг яаралтай эхлүүлэх ёстой. Төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахын тулд НХОГ-аас өдөр бүр шаардлага тавин ажиллаж байна. Мөн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа эхлэхээс өмнө барилгын ажлыг дуусгах үүргийг нийслэлийн удирдлагуудаас ч өгсөн” гэлээ.
Цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгч "Жинст цамхаг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн “Төслийг наймдугаар сарын 1-нд дуусгахаар гэрээнд заасан учраас хугацаандаа багтааж барилгын ажлыг дуусгахаар ажиллаж байна. Ажил гүйцэтгэх явцад манай компаниас шалтгаалаагүй хэд хэдэн бэрхшээл тулгарсан. Өнгөрсөн тавдугаар сараас асуудлыг шийдэж өгсөн. Барилгын ажил одоо хэвийн үргэлжилж байна” гэлээ.
Цэцэрлэгийн барилга нь орон сууцны хорооллуудтой ойрхон баригдаж байгаа учраас тогтмол цэвэрлэгээ, үйлчилгээ явуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг баримталж ажиллахыг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Жинст цамхаг” ХХК-ийн удирдлагад үүрэг болголоо.
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 240 хүүхдийн цэцэрлэг наймдугаар сард ашиглалтад орно | ||
Үзсэн: 233 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.