
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны авто зам, явган хүний замын засвар, шинэчлэлийн хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан, гүйцэтгэгч компанийн төлөөлөл байршил дээр нь ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Дулааны улиралд бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлэхийг зорьж ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Стандарт, хэмжил зүйн газрын урд талын явган хүний замын засвар шинэчлэлийн ажлын байршил дээр ирээд байна.
Энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд 59.6 км урт явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байгаа. Ойролцоогоор 220 мянган ам.метр талбайг шинэчилж, 15 туслан гүйцэтгэгч компаниас 14 компани нь өнөөдрийн байдлаар ажлаа гүйцэтгэж байна. Явган замын хувьд өргөн байснаа нарийсах, явган зам явж байснаа тасрах, байгууллагууд нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн зогсоол болгох, тус талбай руу оруулж барилгаа барих гээд өмнө нь байсан бүх зөрчлийг бид арилгуулна. Явган замыг стандартад нийцүүлнэ. Харин явган замын хуучин хавтангуудыг дүүргүүдэд хүлээлгэн өгч байна” гэлээ.
Мөн зогсоол, авто замын төслүүдийг ч явган замын төсөлтэй цогц байдлаар хэрэгжүүлж байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд 15 байршилд 59.6 км явган замыг шинэчлэхдээ явган замын доод талаар холбооны сувагчлалын болон цахилгааны кабель шилжүүлэх ажлуудыг давхар буюу цогцоор нь хийж байгааг албаныхан онцоллоо.
Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замын ажлыг гүйцэтгэж байгаа “Цагаан толгойн нуур” ХХК-ийн захирал Б.Бат-Ундрах “Зургаадугаар сард ажил эхэлсэн. Замын урд талын явган замыг дуусгаад хойд талын явган замын ажлыг одоо гүйцэтгэж байна. Ажлын явц 70 орчим хувьтай. Есдүгээр сарын 1-нээс өмнө ажлыг дуусгахаар төлөвлөсөн. Бараа материалын татан авалт хийгдсэн. Өмнө нь энэ байршилд явган хүний зам өргөн байснаа нарийсах зэргээр буруу төлөвлөлттэй байсан. Түүнчлэн явган хүний замгүй байгууллагын зогсоол барьсан хэсэгт явган хүний замыг 3 метр өргөнтэй стандартаар нь шинэчилж барьж байна” гэв.

НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Офицерын тойргоос Зүүн 4 зам хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгч наадмын өмнө шалгарсан тул ажлыг эрчимжүүлж байна. Ажлыг гүйцэтгэхдээ зарим автобусны зогсоолыг явган зам, ногоон байгууламж байдлаар тохижуулж эргэн сэргээх ажлуудыг хамтад нь хийж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил нийт 44 байршилд авто замын ажил хийхээс 37 байршил дээр ажил дууссан. Долоон байршилд наймдугаар сарын 15 гэхэд авто замын ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэсэн юм.
Т.Даваадалай: Нийтийн эзэмшлийн талбайг хувьдаа ашиглаж буй зөрчлүүдийг арилгаж, явган замыг стандартад нийцүүлж байна | ||
Үзсэн: 286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.