Онцгой байдлынн ерөнхий газраас КОIKA Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Ашигт малтмалын газар, БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорац (KGS)-тай хамтран “Хийн ослын хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Ашигт малтмалын газрын газрын тоос, бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат, БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорацийн сургалтын төвийн захирал И Жэ Юун, КОIKA Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч дарга Со Хёнжэ нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын алба хаагч бүрийн мэргэжлийн ур чадвар бол үндэсний аюулгүй байдлын баталгаа. Осолд зөв шийдвэр гаргах чадвар, сахилга бат, хариуцлага нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үндсэн хүчин зүйл" хэмээн онцолж, БНСУ нь хийн аюулгүй байдлын салбарт дэвшилтэт туршлага, системчилсэн хяналт, шуурхай удирдлагын тогтолцоо-г амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэж, хамтын ажиллагаа, туршлага солилцооны ач холбогдлыг онцлон дурдсан юм.
Хийн осол нь дэлбэрэлт, гал түймэр, хордлого зэрэг богино хугацаанд их хэмжээний хохирол учруулах өндөр эрсдэлтэй тул ослын үеийн удирдлага, нөхцөл байдлын үнэлгээ, анхны хариу арга хэмжээ нь хохирлыг бууруулах хамгийн чухал хүчин зүйл болдог. Тиймээс энэхүү сургалт нь хийн ослын үед шуурхай, оновчтой, системтэй хариу арга хэмжээ авах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, команд-штабын зохион байгуулалт, шийдвэр гаргалтыг сайжруулахад чиглэж байна.

Сургалтыг онол–практик хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд
• Хийн аюулгүй байдлын тогтолцоо
• Хийн ангилал, шаталтын онцлог
• Хийн ослын шалтгаан, механизм (алдагдал–хуримтлал–асалт–дэлбэрэлт)
• Ослын үеийн удирдлага, зохион байгуулалт
• Гамшгаас хамгаалах менежментийн 4 шатлалт арга хэмжээ (урьдчилан сэргийлэлт–бэлэн байдал–хариу арга хэмжээ–сэргээн босголт) гэсэн сэдвийн хүрээнд бодит нөхцөлд хэрэгжихүйц дадлага, арга зүйг алба хаагчдад олгоно гэж ОБЕГ-аас мэдээллээ.

| Хийн ослын үед хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх сургалт эхэллээ | ||
| Үзсэн: 153 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.