Шууд Chart

Алинд ч үгүй алцан туухай...

2014-11-10 10:26:18

Ойрдоо Монголын дээдэст халгаатай өдөр хоногууд болж байх шиг. Сонины нүүр хуудас дүүрэн нэгнээ ад үзсэн, муулсан сөргөлдөөн гэхээсээ дайралцаан. Цахим ертөнцөөр дүүрэн талцсан, нэгнийхээ ажил амьдрал юу байдаг руу эрээ цээргүй өнгөлзсөн бичвэрүүд, түүнд нь өгсөн эрээвэр хураавар хараал ерөөлийн сэтгэгдэл дүүрчээ... Гэрэл гэгээтэй зүйл олж уншихаа болилоо. 

Оюун санаа минь мөн ч их хордож байна даа. Энэ бүхнийг харжээ суухад эгэл энгийн хүн ч ухаад ойлгочихмоор нэг зүйл байх шиг. Би энэ насандаа улс төрийн тогоо руу өнгийж үзээгүй хүн. Хүмүүс дурлаад байхыг бодоход тансаг сайхан зүйл л энэ тогоон дотор байдаг бол уу гэж төсөөлөх...Яг өнгийгөөд үзвэл юу байдгийг мэдэх биш...Монгол ухаанаар бодоод үзвэл өөх, мах нь алагласан үхрийн тарган мах пор пор буцалж байгаа өвөлжөөндөө буусан айлын бөөр нь улайсан зуухан дээрх тогоо төсөөлөгдөж байна. Энэ ч бас монгол хүний нэгээхэн жаргал л даа. Гэхдээ тэд ийм сайхан мах чанаад идэх ажлаа хийсэн хүмүүс л дээ. Халуунд нь хөлсөө шударч, хүйтэнд нь цантай уурга барьж мал буянаа өсгөн үржүүлж түүгээрээ амьдарч яваа болохоор энэ дайтай алаг мах чанаад идэх юу ч биш... Атаархах зүйлгүй.
Засгийн газар маань огцорчихлоо. Завсар гарсан 14 хоног үргэлжилж байна. Дээдсийн хувьд хамгийн их ажилтай өдөр хоногууд болж байх шиг дуулдана. Хэн нь сайд болох, хэн нь хэний төлөө өнөөх “ариун цагаан” гараа өргөх, хэнд хэнийг сайлах бас муулах, хэний үүдээр нүдээ аньж өнгөрөх, хэний хаалгыг дутуу хаагаад сэмхэн чагнах гэхчлэн олон үйл явдал өнөө муу саарал ордныг дүлийрүүлж байх шиг ээ. Ханцуй наймаа гэдэг хаа холын мартагдсан дууль сэргэж байгаа дуулдана. Их хурлын эрхэм гишүүд сонгогч та бидний дөрвөн жил тахьсан дээдэс хурлын танхимдаа суухаас хувийн өрөөндөө хэд гурваараа учир тоймгүй “их” ажлынхаа төлөө чөмгөө дундартал сууж байх шиг байна. Юуны төлөө вэ...Шинэ засгийн газрын төлөө. Мөн ч их санаа тавьж байна даа... Арга ч үгүй биз гэж уужуу сэтгэлээр хандья. Монголчууд АЛИНД Ч ҮГҮЙ АЛЦАН ТУУХАЙ... гэдэг афоризмийг амьдрал дундаас олж бидний үе хүртэл авч иржээ. Энэ үгээр гул барьж чи юу хэлэх гээд байна гэж та надаас асуугаарай. Би хариул
ъя.
Нэг хүн хоёр ажил зэрэг хийх тухай л ярих гээд байна. Хамгийн энгийнээр бодоход хоёр машиныг нэг хүн зэрэг жолоодоод давхиж чадах бил үү... Чадахгүй гэсэн хариулт амархан олдож байна. Бид хэдхэн сарын өмнө улс төрийн хүрээнд “дээл”-ний тухай асуудал сүрхий оволзуулаад авсан. Дан дээл ч гэнэ үү
, давхар дээл ч гэнэ үү... Цаг хүйтэрч байхад олон дээлтэй байх нь сайн гэж шууд утгаар нь ойлгож болно. Энэ миний ярих гээд байгаа дан давхрын тухайд бол улс төржөөд ирэх үестээ тийм ойлголт хараахан биш юм. Хүмүүс сайн ойлгосон. Ойртуулаад бодъё. Хоёр сая гаруй монголчуудаас /цолгорсон/ шалгарсан 76 том хүн биднийг удирдаад сууж байгаа. Шалгарсан шалгарсан гэхэд хоёр ажил зэрэг хийгээд суух дайтай нь юу л бол...Хамгийн энгийнээр бодоход УИХ-ын гишүүний ажил, Засгийн газрын гишүүн сайдын ажил гэсэн хоёр сүрхий том ажлыг зэрэг хийнэ гэдэг ямар вэ... Энэ бол заримдаг гийгүүлэгч гэж монгол хэлний дүрмээр бид заалгасан даа... Түүн лугаа юм. Заримдаа эгшигтэй заримдаа эгшиггүй бичигддэг гэсэн үг. Тийм аваас заримдаа хууль тогтоох ажлаа хийнэ, заримдаа гүйцэтгэх засаглалын ажлаа хийнэ гэсэнтэй агуулга болоод хэлбэрийн хувьд яв цав таарч байна. Ингэж болох уу гэж тэднээс биш өөрөөсөө асуугаад болохгүй гээд хариулчихъя. Хувилгаан биш дээ, хувилчихсан биш дээ харсаар байтал ганцхан ширхэг бодгаль хэвээрээ байхад хоёр ажлыг зэрэг хийнэ гэдэг нь хоёр машиныг нэг хүн жолоодож болдоггүйтэй адил биш үү...Ийм энгийн зүйл л надад бодогдоод байна. Одоо Засгийн газраа шинэчлэн байгуулах их ажлын ачаатай байгаа төрийн түшээд минь ээ... Та бүхэн дээлнийхээ асуудлыг нэг мөр шийдэж болоогүй юу... Алийн болгон АЛИНД Ч ҮГҮЙ АЛЦАН ТУУХАЙ явах вэ...Танар маань дэндүү ухаантай, дэндүү эх оронч, дэндүү ард түмэндээ хайртай байсан сонгуулийн хэд хоногийнхоо дүрд нэг хувилаач...Та нар маань бидэн шигээ л урт удаан наслаж,сайн сайхан амьдрах гэсэн нэг том тэмүүлэлтэй биз дээ.Бид та нарыг өрөвдөж байна. Дөрөвхөн жилд найман жилийн ажил хийгээд хамаг биеэ зольчихно гэж санахгүй байна. Ингээд та нарын онож хэлсэн ИРГЭНИЙ ЭР ЗОРИГ гэдгээ гаргаж дан дээлтэй засгийн газраа байгуулаад хэн хэнийхээ хараат биш болж, хянах нь хянаж чаддаг, хийх нь хийснээ хариуцаж чаддаг тэр тогтолцоо руугаа яваач. Ингэж чадвал ойртож яваа дараагийн сонгуульд их л нэр нүүртэй оролцох нэг сэжим бий болно доо...Ард түмэн тэр үед магадгүй та нар дан дээлтэй байх уу давхар дээлтэй байх уу гэж асуугаад байж мэднэ. АЛИНД Ч ҮГҮЙ АЛЦАН ТУУХАЙ гэдэг ардын үг бодлын минь өмнө хөндөлдөөд болохгүй аргаа барахдаа үндсэн хуулиар хамгаалсан иргэн хүний үгээ хэлэх эрхэнд дулдуйдан бодолтойгоо орооцолдон байж энэхүү “эсэргүү” санаагаа бичиж сууна. Өвлийн сар гарах гээд салхины үзүүрт жавар уягдсан өдрүүдэд давхар дээлийг нь тайлуулах гэж овилгогүй зан гаргасныг минь уучлаарай. Төрийн минь ордон дулаахан байгаа. Бидэн шиг автобусны буудал дээр чичрэн зогсдог улс биш болохоор та нарт минь даарахын зовлон байхгүй. Дан дээлтэй сонголтыг энэ удаа хийчихвэл дараагийн сонгуульд баталгаатай шүү... Ер нь ч тэгээд “тэлээ мал таргалж, тэлээ хүн турдаг”, “хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог” гээд хорвоогийн үнэнийг амьдралаараа батлаад хэлчихсэн ардын үг хоолой дээр гарч ирээд байхад яаж чимээгүй байх билээ дээ...Ийм нэг юм биччихээд эргээд харжээ байсан чинь “төрийн төлөө оготно боож үхнэ” гэгчээр чи ч юу юм гэсэн шүү бодол төрж, өөрийгөө шоолох минь...


Алинд ч үгүй алцан туухай...  
Үзсэн: 2440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-11-10 14:51
зөв зөв
202.180.216.xxx [202.180.216.xxx] 2014-11-10 12:03
Зөв, зөв, яах аргагүй үнэн үг, даан ч нөгөөдүүл маань тоохгүйдээ, ямар их харамсалтай вэ???. Яагаад ийм болчихдог юм болоо. Гайхаад барахгүй юм. Тэнэг тэнэг гэхэд ийм тэнэглэл байж болох уу, та минь ээ?

Бидэнтэй нэгдээрэй