
Нэг: Энэ оны дөрөвдүгээр сард НАСА-гийн эрдэмтэд "Кеплер" дуран авайн тусламжтайгаар олдсон нэгэн содон гарагийг олж илрүүлсэн байна. Тухайн гараг нь дэлхийтэй хамгийн төстэй хэмээн эрдэмтэд үзэж байгаа бөгөөд түүнийг анх илрүүлсэн сансрын дуран авайн нэрээр “Kepler-186f” хэмээн нэрлэжээ. “Kepler-186f” гараг нь Дэлхийгээс 500 гэрлийн жил зайтай уг гарагийн нарны системд таван од оршдог байна. Гарагийн хэмжээ дэлхийгээс бага зэрэг том байгаа учир хадархаг гадаргуутай байж болох ажээ.
Хоёр: Бразилийн шавж судлаачид өнгөрсөн дөрөвдүгээр сард нэгэн шинэ төрөл зүйлийн хачирхалтай бяцхан шавж илрүүлжээ. Тэрхүү шимэгчийн эм нь эр, эр нь эм бэлэг эрхтэнтэй бөгөөд зараа шиг өргөсөн хуягтай гэнэ. Энэхүү төрөл зүйлийг эрдэмтэд "Neotrogla" хэмээн нэрлээд байгаа ажээ.
Гурав: 2014 оны эхээр Швейцарь, Италийн эмч, эрдэмтэн, судлаачид хамтран Ром хотын Гемеллийн эмнэлэгт хиймэл робот гарыг мэдрэгчтэй болгож, хүний тархинд холбох туршилтыг амжилттай явуулсан байна. Тодруулбал, зохион бүтээгчид нэгэн өвчтөнд шинэ робот гарыг зүүлгэж, долоо хоногийн турш ажиглалт явуулжээ. Туршилтын дүнд хиймэл гартай өвчтөн аливаа биетийг харахгүйгээр, зөвхөн хиймэл гарны тусламжтайгаар аливаа биетийн хэлбэр дүрс, хатуу зөөлөн шинж чанарыг нь алдалгүй нэрлэж чадаж байжээ. Судлаачдын тайлбарлаж буйгаар тус өвчтөний тасарсан гарын тохой болон гол судасны мэдрэлд бичил электрод суулгажээ. Харин робот гарын хурууны үзүүрт мэдрэгч байрлах бөгөөд тэр нь багахан хэмжээний цахилгаан дамжуулагчтай холбоотой. Эцэст нь хиймэл гарыг зүүхдээ мэдрэлийн системд байрлуулсан бичил электродуудтай холбоно. Ингэснээр робот гарын хурууны үзүүрийн мэдрэгч хүний тархитай шууд холбогдох ажээ.
Дөрөв: 2014 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Европын Сансрын агентлагийн "Розетта" хөлгийн "Филе" робот гадаад сансрын биет дээр анх удаа газардлаа. Тус робот дэлхийгээс 6.4 тэрбум километрийн зайд байрладаг "Чурюмов-Герасименко" нэртэй солир дээр бууснаас 30 минутын дараа солирын анхны дүрсийг эх дэлхий рүү цацаж эхэлжээ. Уг ажлыг гүйцэтгэх гэж Европын Сансрын агентлаг, НАСА болон сансар судлалын бусад олон байгууллага бүтэн 10 жил ажиллажээ.
Тав: Мөрөөдлийн эрчим хүч буюу фотосинтезийг өдгөө амьдрал ахуйд хэрэглэгдэх бодит нөхцөл бүрдээд байна. АНУ, Их Британийн эрдэмтдийн хамтарсан баг үр тариаг хурдан ургуулж, богино хугацаанд их ургац хурааж авах шинэ арга олжээ. Тэд номин ногоон өнгөтэй нэгэн төрлийн замгаас гаргаж авсан энзимийн тусламжтайгаар фотосинтез буюу нарны эрчим хүчийг аливаа амьд организм химийн энерги болгон хувиргах явцыг түргэсгэх туршилт хийсэн нь амжилттай болсон. Энэ бол яахын аргагүй 2014 оны шинжлэх ухааны шилдэг ололтуудын нэг юм.
Зургаа: Анагаах ухааны салбарт 3D технологийн аргаар хэвлэсэн хуванцар тархийг эмэгтэй хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг Голланд улсад амжилттай хийлээ. Тархины эмч, доктор Бен Вервейж “Тархийг хүний жинхэнэ яснаас огт өөр наалдамхай бодисоор хэвлэж, шилжүүлэн суулгасан” гэж тайлбарласан байна. Дээрх мэс ажилбарыг хүнд хагалгаанд ороод хараагүй болсон өвчтөнд гурван сарын өмнө хийсэн байна. Голландчууд ийнхүү бүрэн 3D аргаар хэвлэсэн тархийг амжилттай шилжүүлэн суулгаж чаджээ.
Долоо: Японы “Softbank” пүүс хүний сэтгэлийг мэдэрч чаддаг робот зохион бүтээлээ. “Pepper” нэртэй ухаантай робот хүний дуу хоолой, дохио, нүүр хувиралтыг хүртэл уншиж чаддаг байна. Зохион бүтээгчдийн хэлснээр хүмүүс андройд найзтайгаа ярилцаж болох гэнэ. Маш олон юм хийж чаддаг ухаалаг роботыг ирэх оны хоёрдугаар сараас худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Найм: Өмнө нь зөвхөн сансраас харах боломжтой байсан дэлхийн төрхийг өнөөдөр энгийн хүмүүс ч шууд үзэж сонирхох боломжтой боллоо. АНУ-ын Агаар, сансрын уудмыг судлах үндэсний төв “NASA”-аас сансрын тойрог замд байрласан хиймэл дагуулд суурилуулсан өндөр нарийвчлал бүхий дөрвөн камерын бичлэгийг олон нийтэд шууд дамжуулж эхэлсэн юм. Камеруудыг дэлхийгээс шууд удирдан хөдөлгөх боломжгүй ч дөрвөн өөр зүгт чиглэсэн камеруудын тусламжтай олон зүйлийг зэрэг ажиглах боломжтой аж. Уг ажил нь дүрс бичлэгийн камер сансрын нөхцөлд хэр удаан тэсвэрлэх боломжтой эсэхийг турших зорилгоор хийгдэж байгаа туршилтын ажил 2015 оны 10 дугаар сар хүртэл үргэлжлэх юм.
Ес: Филиппинд металл “иддэг” ургамлын шинэ төрөл зүйлийг олж илрүүлжээ. Энэ нь металлын өндөр концентрацитай хөрсөнд ургах чадвартай “hyperaccumulators” гэх ургамлын бүлэгт хамаарах шинэ төрөл зүйл “R. nicolifera” юм. Никель “идэх” дуртайгаас нь үндэслээд дээрх нэрийг өгчээ. Энэ ургамал бусад төрөл зүйлээ бодвол 1000 дахин никелийг шингээх чадвартай гэнэ. “hyperaccumulators” ургамлын бүлэгт үүнээс гадна 300 мянга гаруй төрөл зүйл байдаг байна
Арав: АНУ-ын "Mayo Clinic" хүрээлэнгийн эмч нар 50 настай нэгэн эмэгтэйн цусны хорт хавдрын өвчнийг улаанбурханы эсрэг вакцинаар эмчилж эдгээжээ. Тэдгээр эрдэмтэд тус туршилтынхаа үр дүнг зарлахдаа "Дэлхийн нийт хорт хавдрыг удахгүй дийлнэ. Энэ муухай өвчнийг үүсгэгч вирусийг идэвхигүй үед нь эмчилдэг болно. Ийм туршилтыг өмнө нь олон хийж байсан ч анх удаа хүн дээр туршсан нь амжилттай боллоо" гэж мэдэгджээ.
2014 оны шинжлэх ухаан, техник технологийн онцлох 10 үйл явдал | ||
Үзсэн: 2381 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.