
Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн мега төслүүдийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хурлыг удирдан явуулж, төслийн удирдлагууд болон инженер мэргэжилтнүүд хуралд оролцов.
Хуралдааны эхэнд төслүүдийн талаарх явц мэдээллийг холбогдох захирал, менежер, инженерүүд танилцуулж, тэр дундаа Дулааны тархмал эх үүсвэр, Сэлбэ хот орон сууцжуулалт, Лаг шатаах үйлдвэр болон автозамын төслүүдийг онцлон хөндөж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.
Лаг хатааж шатаах үйлдвэрийн хувьд, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барьж байгуулахаар төлөвлөсөн нь хоногт дунджаар 250 м³ лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм. Нийт хаягдмал лагийн хэмжээ 843,200 м³ байх бөгөөд шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүнэ. Тус төслийн ТЭЗҮ-ийн магадлангийн дүгнэлт гарч, тендер зарлах бэлтгэлийг Төр хувийн хэвшлийн түншлэлийн төвөөс хариуцан ажиллаж байна.
Шинэ тойрог зам нь “Нэгдүгээр тойрог зам”, “Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр тойрог зам төслийн 24.7 км урттай замын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, авто замын төсөлтэй холбоотой барилга угсралтын ажлын тендерийг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас EPC+F нөхцөлөөр зарласан. Одоогоор тендерийн материалыг хүлээн авч байна. Харин “Хоёрдугаар тойрог зам” төслийн хувьд, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж буй. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний байгууллагуудаас шаардлагатай тодруулга, холбогдох байгууллагуудаас авто замын трассын хувилбарт санал авч дуусч эдийн засгийн шинжилгээ, тооцооллын ажил үргэлжлэн хийгдэж байна.
Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчийн тендэр зарлагдан шалгарч, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогоор талбайн геодезийн хэмжилт бүрэн дуусч, инженер геологийн өрөмдлөгийн ажил эхэлсэн.
Сэлбэ дэд төвийн хувьд, 63 МВт-ын хүчин чадал бүхий “Дамбадаржаа” цахилгаан станцаас дулаанаа хангах төлөвлөгөөтэй. Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 гаруй хувьтай үргэлжилж байна. Үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, конвейерийн барилга, захиргаа аж ахуйн барилга, хими ус бэлтгэлийн барилга, механик цехийн барилга, 86 метрийн өндөр цутгамал төмөрбетон утааны яндангийн цутгалт болон өндөр температурт тэсвэртэй дотор өрлөгийн ажлыг дуусгасан.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Д. Даваадалай мега төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн суурь нь газар чөлөөлөлтийн ажил тул онцгойлон анхаарч, шуурхай эрчимжүүлэх чиглэл өглөө. Мега төслүүдийн явцыг долоо хоног бүрийн энэхүү шуурхай хуралдаанаар тасралтгүй хэлэлцэж, хэрэгжилтийн бодит ахиц, хүндрэл, шийдлийг тодорхойлон ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй мега төслүүдийн хэрэгжилт, явцын талаар хэлэлцлээ | ||
Үзсэн: 150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.