
Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Төсвийн байнгын хороонд танилцуулав. Татварын ерөнхий хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар Монгол Улсад татварыг төгрөгөөр ногдуулж, төлөхөөр заасан байдаг. Гэтэл Онцгой албан татварын тухай хуулиар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, автобензин, дизелийн түлш, суудлын автомашин болон төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид онцгой албан татварын хэмжээг ам.доллараар, Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг ам.доллараар тогтоожээ. Улмаар ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг бол ханш буурах үед төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлж байгаа аж.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, ам.доллараар тогтоосон онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг төгрөгөөр тогтоох зорилгоор Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Эдгээр хуулиуд батлагдсанаар хууль хоорондын зөрчил арилж, аж ахуйн нэгжүүдийн татварын дарамт өсөхгүй болж, аж ахуйн нэгжүүдийн төлбөл зохих татвар, төлбөрийн хэмжээ, мөн төсөвт төвлөрөх татварын орлогын хэмжээ ханшийн хөдөлгөөн дагаж хэлбэлзэхгүй тогтвортой болно гэж Сангийн сайд хэллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.
Ам.доллараар тогтоосон татварыг төгрөгт шилжүүлэхийг хэлэлцүүлнэ | ||
Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.