
Монгол Улсын мал тооллогын 2014 оны эцсийн дүнгээр манай улсын нийт малын тоо 52,0 саяд хүрч, өмнөх оныхтой харьцуулахад 6.8 сая буюу 15.1 хувиар өссөн байна. Малын тоог 5 төрлөөр нь авч үзвэл адуу 2 995 754, үхэр 3 413 851, тэмээ 349 299, хонь 23 214 783, ямаа 22 008 896 байна. Үндсэн хуульд мал сүргийг үндэсний баялаг мөн хэмээн тодорхойлон томьёолсон. Мал тооллогын ажлыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж, үр дүнг салбарын удирдлагын шийдвэр гаргах мэдээллийн голлох эх үүсвэр болгож, макро түвшинд хийгддэг тооцоо, судалгаанд ашиглаж байна. Мал тооллогыг жил бүрийн эцэст малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссаны дараа зохион байгуулж, дүнг нэгтгэн боловсруулдаг. Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын мэдээллийг боловсруулахад 2012 оноос онлайн систем нэвтрүүлснээр тооллогын үр дүнг богино хугацаанд гаргадаг болсон. Мал тооллого нь зөвхөн мал, тэжээвэр амьтдын тоо толгойн өсөлт, бууралтыг харуулахаас гадна сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг тодорхойлж судлах бололцоог хангаж, малчин өрхийн тоо, малчдын нас, хүйсийн ангилал, малчдын соёл, ахуйн үзүүлэлт зэрэг олон үзүүлэлтийг харуулдаг аж.
Монгол Улсын малын тоо 52 саяд хүрчээ | ||
Үзсэн: 1106 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.