Шууд Chart

Өрийн таазыг ДНБ-ий 60 хувьд хүргэхийг дэмжив

2015-01-15 17:42:55

УИХ-ын чуулган үдээс хойш хуралдаж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өрийн дээд хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэх Засгийн газрын саналыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм.

Тэрбээр танилцуулгадаа, амжилттай хөгжсөн, хөгжиж буй улсуудын хувьд хөгжлийн эхэн үедээ тусгайлсан хөгжлийн хөрөнгө оруулалтыг хийх үүрэгтэй санхүүгийн институцийг байгуулж, түүгээрээ дамжуулан хөгжлийн хөрөнгө оруулалт хийдэг нийтлэг туршлагад үндэслэн манай улс 2010 оноос эхлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийх ерөнхий механизмыг тусган, улмаар Хөгжлийн банкийг 2012 онд байгуулсан. Өнөөгийн байдлаар Хөгжлийн банкаар хийгдэх санхүүжилт нь зөвхөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийн тусгай шаардлагаар хязгаарлагдаж байгаа бөгөөд Хөгжлийн банкаар дамжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний зарцуулалтыг төсөвт тусгахгүйгээр зарцуулж байна.
 
Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ 2014 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий 55 орчим хувьд гарахаар байгаа тул өрийн тусгай шаардлагыг хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалтыг хуульд тусгах зайлшгүй шаардлагатай байна. Өрийн тусгай шаардлагыг хангахын тулд улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулан 2018 оны төсвийн жилд хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэн бууруулахаар холбогдох өөрчлөлтийг боловсруулсан гэдгийг дурьдсан юм.
 
Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2015 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь, 2016 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувь, 2017 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас тус тус хэтрэхгүй байхаар хуулийн төсөл боловсруулжээ. Дээрх хугацаанд үндсэн төсвийн хувьд алдагдал 2 хувийн тусгай шаардлагыг хангах бөгөөд зөвхөн Хөгжлийн банк болон бусдаар дамжин хэрэгжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийг төсөвт тусгахтай холбоотой зардлаар төсвийн тэнцэл өөрчлөгдөх юм байна.
 
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар төсвийн алдагдлыг ДНБ-ий таван хувьд хүргэнэ гэвэл эдийн засгийн уналт үргэлжилнэ, тиймээс ДНБ-ий хоёр хувьд барьж байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Засгийн газар нэмж зээл авахгүй гэвэл энэ төслийг хэлэлцэж болно хэмээж байлаа. Тэрбээр, өрийн хэмжээ ДНБ-ий 58.3 хувьд хүрчихээд байгааг одоо хүлээн зөвшөөрөөд цаашид нэмэгдүүлэхгүй байх, үе шаттайгаар бууруулаад явах нь зүйтэй гэж хэлсэн. Мөн хаанаас, хэчнээн хэмжээний зээл авч, чухам юунд зарцуулсныг нээлттэй мэдээлээч хэмээн Сангийн сайдаас хүссэн.
 
Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын нийт өрийн хэмжээний талаарх хамгийн сүүлийн мэдээллийг УИХ дахь намын бүлгүүд, бие даагчдын зөвлөлд хүргүүлэх болсноо дуулгасан. Монгол Улс хаанаас, ямар хугацаатай, хэдий хэмжээний зээл авсан, аж ахуйн нэгж байгууллагад ямар өртэй болохыг дээрх мэдээлэлд багтаасан юм байна.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, өнөөдрийн хүрчихээд байгаа өрийн хязгаар бол өнөөдрийнх. Гэхдээ бид ганц өнөөдрөөр амьдарч болохгүй. Эдийн засаг хүндэрч буй энэ хүнд байдлаас гарах нь ганц нам, Ерөнхий сайдын асуудал биш. Өнөөдөр хүрчихээд байгаа өрийн хэмжээг тогтоож авах нь зүйтэй гэсэнтэй санал нэг байна. Гэхдээ маргааш өдөр ирнэ гэдгийг бас бодолцох нь зүйтэй. Одоо Засгийн газар богино хугацааны арилжааны зээл авахгүй. 10-40 жилийн хугацаатай урт хугацааны зээлийн асуудлыг УИХ дээр ярьж шийднэ. Хувийн хэвшлийн байгууллагууд хөрөнгө оруулалт хийх шийдэлд хүрсэн тохиолдолд Засгийн газар баталгаа гаргахаас өөр аргагүй гэсэн хариултыг өгсөн юм. Гишүүдийн ийнхүү хэлэлцэн, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 64 гишүүний 51 нь буюу 79.7 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

Өрийн таазыг ДНБ-ий 60 хувьд хүргэхийг дэмжив  
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй