
Хэзээ ч өрөө өгдөггүй хэр нь байнга мөнгө зээлдэг тийм хэн нэгнийг та эргэн тойрныхоо хүмүүсээс цөөнгүй олох л байх. Магадгүй таны сайн найз ч тэдний нэг байж болно. Бид ийм хүмүүстэй уулзахдаа өрний тухай санадаггүй. Үүнийг ч тэд мэддэг, ашигладаг юм. Бидний халаасан дахь мөнгөний тухай яриа үүсэхэд бид таагүй байдалд орцгоодог. Мөнгөө нэхэж маргахаас зайлсхийдэг. Энэ нь магадгүй найзаа алдахыг хүсээгүйгээс болдог биз.
Зөөлөн сэтгэлээсээ болж гарлага гаргалгүйгээр, нөхөрлөлөө хэрхэн хадгалах вэ? Үүнийг хэцүүхэн, хатуухан асуудал гэж битгий бодоорой, бид чамд эелдэг шийдлийг бэлдсэн.
Нэгэнт чи хийх ёстой юмаа хийсэн тэр ч хэрэглэх үедээ хэрэглэсэн одоо эргүүлж өгөх цаг нь мөн. Авах хэрэгтэй бас эрхтэй гэдгээ мэдэж байгаа ч яг цагаа тулахаар “хонх уяж” чаддаггүй бол бүдүүлэг, түрэмгий зан гаргалгүйгээр байдлыг өөрт хэрхэн ашигтайгаар эргүүлэх вэ?
Сөрөг шийдэл: Зээлсэн мөнгөө байн байн нэхэх нь “юм үзээгүй” хүний шинж болохоор найз шиг маань “За за” гэж бодох. Зээлүүлсэн мөнгөө л авчихвал машиныхаа урьдчилгааг, баярын үеийн байрны лизингээ төлчихөөр байхад эсвэл эртнээс товлосон даашинзаа авах боломжтой байхад хүртэл нөгөө хүндээ огт сануулалгүйгээр чив чимээгүй явах. Өөрийн фейсбүүк хуудас дээрээ нэрийг нь tag-лаж байгаад “Хүмүүс өрөө төлчихвөл их сайн байна!” гэсэн сэтгэл зүйн дайралтын маягтай статус бичих. Эсвэл тэр хүнийхээ гэр бүлийнхэн, найзууд руу утасдаж амлалтандаа хүрэхгүй байх нь хэчнээн бүдүүлэг хэрэг болох талаар бүтэн цагийн лекц уншиж, ойр дотны хүнээс нь зээлсэн мөнгөө аваад гарах.
Эерэг шийдэл: “Чамд нөгөөхөө өгөх боломж байна уу?” гэсэн үгээр яриагаа эхлүүл. Түүнийг магтах маягтайгаар ярь. “Миний найз чинь юмыг зохицуулахдаа мундаг, ухаантай юм чинь дээр найзаасаа авсан мөнгөө нэг зохицуулчихна биз дээ?” гэх мэт. Бас инээмсэглэхээ мартав аа. Ингэх тусам улам чамайг “элэг бариад” байвал “Би ойрын хугацаанд ... авах гэтэл мөнгө дутаад байна. Яаралтай өгч нэг тус болооч” гэж хэлээрэй. Чиний нөхцөл байдлыг мэдэж байгаа ихэнх зээлдэгч энэ үед бушуухан олж өгөхийг хичээнэ. Харин чамд хичнээн хэрэгтэйг мэдсэний дараа ч утсаа авалгүй зугтах зэргээр өөдгүй зан гаргавал яах вэ? Авахгүй л бол дансанд чинь хүндрэл учруулах хэмжээний мөнгө биш бол “Буян болог” гээд түр зуур орхичих. Ухамсартай хүн боломж гармагц эргүүлж өгч л таараа. Хэрвээ их хэмжээний мөнгө зээлдүүлсэн бол, гэрт нь очоод учир явдлаа тайлбарлаж “Дүйцэхүйц хэмжээний үнэд хүрэх зүйл өгөөч” гэж хэлээрэй.
Яагаад ингэх хэрэгтэй гэж? Бүх зүйл хүмүүсийн харилцаан дээр тогтдог. Харилцаагаа муутгахыг хэн ч хүсэхгүй. Гол нь бие биенээсээ цаагуураа л хүндлэл, анхаарал хүсч байдаг. Хэн хэнийх нь хүсэл нэг цэг дээр мөргөлдөөд эв найртайгаар “зөрж” чадахгүй байгаа үед л зөрчил үүсдэг. Тийм болохоор найр тавиад үз. Тэр чамд буцааж өгөх үүрэгтэй боловч магадгүй тэр ажилдаа түүртээд мартчихсан, өгчихсөн гээд бодчихсон эсвэл гуравдагч этгээдийн улмаас буруу ойлголцчихсон ч байж болно. Тийм болохоор уурлахаа битгий урьтал болгоорой. Өөрийнх нь талаар ярьж байгаа нь, түүнийг магтаж байгаа нь цаагуураа тухайн хүндээ санаа тавьж, анхаарч байгаа эелдэг занг харуулж байгаа хэрэг. Ийм үгний араас баргийн хүн урмыг чинь хугалсан хариулт өгнө гэж байхгүй. Ерөнхийдөө чамаас авсан зүйлээ эргүүлж өгөхгүй байсан ч нэг их юм бодоод байхааргүй гэр бүлийн хайртай гишүүдээсээ бусад хүмүүстэйгээ мөнгөний асуудал аль болох үүсгэхгүй байвал зохино. Учир нь энэ нь та хоёрын харилцааг үгүй хийж ч мэднэ.
“Найздаа мөнгө зээлэх гэж байгаа бол буцааж авна гэж битгий горьд” гэдэг үг байдаг. Гэхдээ энэ бол найзууд өрөө төлдөггүй гэсэн утгатай биш юм шүү. Харин найздаа туслахыг хүсч байгаа бол эргүүлж авахгүй байж ч магадгүй гэсэн сэтгэл санааны бэлтгэлтэйгээр, горьдолгүйгээр өгвөл дараа нь өөрт амар гэсэн санаа юм. Хэрвээ дараа нь эргүүлж авахгүй бол чамд хүндрэлтэй хэмжээний мөнгө зээлдүүлэх гэж байгаа үедээ үргэлж гэрээ байгуулж байгаарай. Тэгвэл асуудал ёс суртахууны биш, хуулийн хүрээнд шийдэгдэх учраас бүх юм товч, тодорхой, цаг хугацаатай, очих эзэнтэй болох болно.
Зээлүүлсэн мөнгөө л авчихвал ч... | ||
Үзсэн: 1204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.