Шууд Chart

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар анхны хэлэлцүүлгийг хийв

2015-01-23 13:40:40

Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын болон МАН-ын бүлгийн дарга нар хуулийн төслүүдтэй холбогдуулан бүлгийн зүгээс гаргасан саналуудаа татан авч буй тухай мэдэгдсэн юм.

Бүлгийн дарга нарын мэдэгдлийн дараа хуулийн төслүүдийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсан. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Ганхуяг санал хураалт дуусахад, нэмж өөрчлөх хуулийн төслүүдээ дараагийн хэлэлцүүлгээр чамбайруулаад хэлэлцье, харин дээрх хуулиудаас зарчмын зөрүүтэй санал гараагүй хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргаж байгаа тухайгаа хурал даргалагчид хэлсэн. Дэгийн дагуу түүний саналаар санал хурааж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтлоо.

 
Үүний дараа Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Татварын ерөнхий хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар Монгол Улсад татварыг төгрөгөөр ногдуулж, төлөхөөр заасан байдаг ч Онцгой албан татварын тухай хуулиар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, автобензин, дизелийн түлш, суудлын автомашин болон төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид онцгой албан татварын хэмжээг ам.доллараар, Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг ам.доллараар тогтоосон нь өнөөг хүртэл мөрдөгдөж байгаа юм. Энэ нь ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг бол ханш буурах үед төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлж нөхцөлийг бий болгоод байгаа аж.
 
Түүнчлэн хуулийн төсөл батлагдан гарснаар валютын зохиомол эрэлтийг бий болгохоос сэргийлж, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцжээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулга хийсэн юм. Тухайлбал, Ц.Даваасүрэн гишүүн, онцгой албан татварын ам.доллараар илэрхийлсэн зардлыг хэрхэн тооцож буй тухай тодруулж, татвар тооцохдоо тухайн жилийн төсөвт тооцсон дундаж ханшаар жил бүр шинэчлэн тогтоож байх талаар санал гаргасан ч гишүүд дэмжээгүй юм. Гишүүд асуулт асууж, саналаа хэлсэний дараа Б.Болор гишүүний гаргасан зарим зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, хэлэлцүүлгийн талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
 

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 1176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй