Шууд Chart

Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид туслах хөдөлгөөн өрнүүлсэн нь /II хэсэг/

2015-05-06 14:36:36

Фронтод туслах мөнгөн хөрөнгө бий болгохын тулд үйлдвэр, албан газрын ажилчин, албан хаагчид амралтын өдрүүдээр “субботник” хийж, олсон орлогоо Бэлэглэлийн төв комисст шилжүүлэх нь түгээмэл байсан юм.

Улаан армийн хэрэгцээнд зориулж агт морьд худалдаж, бэлэглэх нь Эх орны дайны фронтод туслах нэг чухал ажил байв. ЗХУ-ын зүгээс улаан армийн хэрэгцээнд зориулж агт худалдаж авах санал тавьсны дагуу МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлөөс 1942 оны гуравдугаар сард сайн дураар агт морьд худалдахыг ард түмэнд уриалжээ. Үүний дагуу малчин ардуудаас “Сайн морьд улсдаа худалдъя” уриан дор улсаас тогтоосон үнээр морьд худалдах компанит ажил орон даяар өрнөжээ. Энэ ажлын үр дүнд Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан 485,000 морьд худалдаж, 32,500 гаруй шилдэг хүлгийг  бэлэглэжээ.  Энэ тоог Монголын судлаачид ихэвчлэн дурдаж ирсэн бөгөөд Оросын талын зарим баримтад эх орны дайны үед БНМАУ-ын Засгийн газар 437,189 морьд худалдсан нь 88 сая төгрөг, 20 орчим мянган морьдыг бэлэглэсэн нь 3,876,560 төгрөг болно гэсэн байх нь ч бий.

Улаан армид очсон монгол морьд дайны хүнд хүчрийг эр цэргийн адил үүрч Берлин орж, ялалтад хувь нэмрээ оруулсан билээ.

Эх орны дайны фронтод монгол морь унаж, олон удаагийн тулалдаанд оролцсон Д.С.Добрушин: “анхлан монгол морь хүлээн авахад бие жижиг гэж баахан голоод...цэргүүд олзны, том биетэй морь авч унах гэж хүсдэг байсан...Марш хийгээд 3 хоног хатирах газар хатирч, шогших газар шогшуулаад ирэхэд ...германы том морьд...4-5 цаг яваад усан хулгана болтлоо хөлрөөд ирэхэд монгол морь огт зүгээр, маршаар яваагүй юм шиг л харагддаг байсан. Зарим үед гол, горхи, худаг ус дайралдахгүй морьд харангадаж ядраад, явдал нь удаашраад ирэхэд монгол моринд тийм юм харагдахгүй огт сааталгүй, нэгэн хэвийн л яваад байна. Манай морьт корпуст монгол морины нэр хүнд ингэж л дээшилсэн юм” гэж хожим дурсан бичсэн байна.

Мөн ЗХУ, БНМАУ-ын баатар, армийн генерал, морьт цэргийн нэрт дарга И.А.Плиев: “Монгол нөхдийн гар таталгүй биднийг хангаж байсан номхон сурамгай морьд нь Зөвлөлтийн танктай зуузай холбон давхисаар Берлин хүрсэн юм” гэж монгол морьдыг үнэлсэн байдаг юм.

Монголын ард түмний тусламжийн өөр нэг хэлбэр нь улаан армийн дайчдад зориулж хувийн бэлэг илгээж байсан билээ. Хувийн бэлэгт дулаан ороолт, бээлийнээс эхлээд хүний хэрэглээний чухал зүйлүүдийг ихэвчлэн хийдэг байв. Тэдгээрийг хувь хүн өөрөө бэлтгэхээс гадна үйлдвэр, хоршооллын газруудад нэгдсэн журмаар савлан бэлтгэж худалдаж байв. 1942-1944 онд Төв комиссоос Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд бэлгийн дэлгүүрүүд нээж, эрэлт хэрэгцээ болон худалдан авах чадварыг харгалзан янз бүрийн үнэтэй бэлгийг хэдэн зуу, мянгаар гаргасан нь олны талархлыг ихэд хүлээж тэр даруй борлогддог байжээ. Тухайлбал, Улаанбаатар хотноо анх нээгдсэн бэлгийн дэлгүүрт 39-79 төгрөгний үнэтэй 3000 ширхэг бэлэг гуравхан өдрийн дотор борлогдож, хүмүүс өөрсдийн захидлыг дотор нь хийгээд Бэлэглэлийн комиссын төлөөлөгчдөд гардуулан өгч байжээ.

Дайны жилүүдэд чухам хэдий тооны хувийн бэлэг илгээсэн тоо бүрэн гараагүй ч 1944 оны сүүлчээр “Үнэн” сонинд бичсэнээр монголын хөдөлмөрчин ардууд 37,941,659 төгрөгийн үнэ бүхий хувийн бэлгийг илгээсэн гэж мэдээлсэн байх ажээ.

Улаан армид зориулсан бэлгийн дотор хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор малын болон ангийн мах байнга орж байв. 1942 онд Сайд нарын Зөвлөлийн Нэгдүгээр орлогч дарга С.Лувсангаар ахлуулсан “Ангийн төв комисс” байгуулж, туршлагатай анчдаар бүрдсэн ангийн бригадуудыг нийслэл, аймгуудад байгуулж, зээр, зэрлэг гахай агнуулах болсон байна. Үүнд жишээ болгож улаан армид бэлэглэх зээр агналтын 1944 оны мэдээг үзвэл, төлөвлөгөөгөөр 24,000 зээр агнахаас 28,339 зээр агнаж, төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байх ажээ. Албан газар, аймгуудын дотроос Цэргийн явдлын яам 4500 зээр агнахаас 8000 зээр агнасан байна.

Засгийн газраас байгуулсан ангийн бригад л гэхэд 1942 онд 4700, 1943 онд 2300, 1944 онд 7070, бүгд 14,070 зээр агнасан байна. Тус бригадын анчдаас Дашзэгвэ 1944 онд 828 зээр агнаж тэргүүлжээ. Дотоод явдлын яамны орлогч сайд бөгөөд Хязгаарын ба Дотоодын цэргийн командлагч, корпус командлан захирагч Б.Дорж өөрийн хүсэлтээр зээр агнах ажилд оролцож, 1942-1943 оны өвөл 740 гаруй зээр агнаж, улаан армийн бэлэглэлд хувь нэмрээ оруулсан байна.

Монголын ард түмэн 1943 оноос эхэлж Зөвлөлтийн чөлөөлөгдсөн нутгийг сэргээхэд зориулж зүтгэх хүчний ба үржлийн мал бэлэглэх болсон юм. Бүрэн бус мэдээгээр 1943 онд Зөвлөлтийн чөлөөлөгдсөн нутгийн хамтралуудад Увс, Өвөрхангай, Дорноговь аймгаас нийт 3800, 1944 онд Белорусст 5597 морьдыг тус тус бэлэглэсэн бол 1944 оны арванхоёрдугаар сарын байдлаар зүтгэх хүчний адуу, үржлийн үхэр 1211, хонь, ямаа 40,123, бүгд 41,334 толгой мал цугларсан байжээ. 1945 оны эхээр гаргасан нэгэн мэдээнд Зөвлөлтийн чөлөөлөгдсөн районы ард түмэнд зориулж үржлийн мал тавин мянга шахмыг цуглуулсан бөгөөд урин дулаан цагт Зөвлөлт рүү явуулна гэжээ. Дайны дараа ч энэ хэлбэрийн тусламж үргэлжилж, 5 сая төгрөг, олон мянган мал тусалсан тухай  сонин хэвлэлд бичиж байв.

Тухайн үед ЗХУ-д сурч байсан оюутан, сонсогч нар бэлэг хуримтлуулах ажилд идэвхтэй оролцож, чадах бүхнээ хийж байсан бөгөөд Москва хотод суралцаж байсан цөөн оюутнууд стипендээсээ 23,300 рубль хуримтлуулж Бэлэглэлийн төв комисст шилжүүлж байв. Түүнчлэн монгол оюутан, сонсогч нар суралцаж буй хотдоо дайсны тагнуул, хорлон сүйтгэгчдийг илрүүлэх, нисэх буудлыг хамгаалах, танк эсэргүүцэх саад байгуулах, нуувч, шуудуу ухах, эргүүл, манаанд гарах, дайсны хаясан шатаагч бөмбөгийг унтрааж аюулгүй болгох, өвчтөн, шархтаныг асрах, донор болох зэргээр фашизмтай хийж байгаа тэмцэлд гар бие оролцож байжээ.

Эх орны дайны жилүүдэд Монголын ард түмэн, түүний дотор цэргийн албан хаагчдаас фронтод очиж байлдах хүсэлтээ олонтаа илэрхийлж байсан юм. Түүний хамт буудах намнахад сайн хүмүүс эх орны дайны фронтод очиж тулалдах саналаа илэрхийлж, сайн дураараа отряд байгуулан цэргийн бэлтгэл сургуулийг хэдэн сараар зохион байгуулалттай хийж байсан явдал Өвөрхангай, Өмнөговь аймагт гарч байв.

БНМАУ-ын төр, засгийн удирдлага эх орны дайны фронтод туслах нэг хэлбэр нь Зөвлөлтөөс авдаг импортын бүтээгдэхүүнийг эрс багасгах, ердийн хөсгийн тээврийг дэлгэрүүлэх, орон нутгийн нөөц бололцоо, малын ашиг шимийг бүх аргаар бүрэн ашиглах замаар өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлж, дотооддоо хийж чадах зүйлийг гадаадаас авахыг аль болохоор багасгах зорилт дэвшүүлж, дайны жилүүдэд хэрэгжүүлж иржээ.

Тусламжийн дараагийн нэг хэлбэр нь Монголд амьдардаг Зөвлөлтийн харьяат нарт үзүүлсэн тусламж юм. Тус улсад амьдарч буй зөвлөлтийн иргэдийг улаан армид татах болсонтой уялдаж тэдний ар гэрт улсаас тэтгэвэр олгож, мөн байлдаанд оролцож тахир дутуу бологсод, амь үрэгдэгсдийн ар гэрт тусгай тэтгэвэр олгож байв.

Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн шийдвэрээр “Тус улсад байнга суудаг бөгөөд фронтод дайчлагдсан Зөвлөлтийн харьяат нарын гэр бүлд улсаас тэтгэвэр олгож байх журам” тогтоов. Уг журмаар тэдний ар гэрийн байдлыг харгалзаж 20-100 төгрөгийн тэтгэвэр олгох болсон ажээ.

Түүнчлэн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид 1944 оны есдүгээр сарын 11-ний өдөр “Монгол Ард Улсын дотор үргэлж сууж байгаад улаан армид татагдан очиж, байлдааны улмаас дутуу тахир болж, тус улсад эргэж ирсэн Зөвлөлт улсын харьяат цэргийн албан хаагчид, түүнчлэн дайны фронтод амь үрэгдэгсдийн ар гэрийн хүмүүст олгох тэтгэвэр ба хөнгөлөлтүүдийн тухай” тогтоо гаргажээ. Тогтоолд зааснаар нэгдүгээр зэргийн дутуу тахир болсон жагсаалын цэрэгт 125, бага даргад 155, дунд тушаалын даргад 200, ахлах тушаалын даргад 250 төгрөг, хоёрдугаар зэргийн дутуу тахир болсон дээр дурдсан цэргийн албан хаагчдад 90-180 төгрөг, гуравдугаар зэргийн дутуу тахир бологсдод 60-120 төгрөг сар бүр олгох, амь үрэгдсэн буюу сураггүй болсон цэргийн албан хаагчийн ар гэр нь хөдөлмөрийн чадваргүй хүн 1-тэй бол дурдсан эрэмбээр 50-100 төгрөг, хөдөлмөрийн чадваргүй хүн 2-той бол 75-150 төгрөг, хөдөлмөрийн чадваргүй хүн 3-аас дээш бол 100-200 төгрөг сар бүр олгох, ЗХУ-ын баатар цолтонд тэтгэврийг 25 хувиар нэмэгдүүлэх, түүнчлэн тэдгээр дайчдын гэр бүлийн хүмүүсийг улсаас тэргүүн ээлжинд орон сууцаар хангах, ар гэрийн хүмүүс нь хөдөлмөрийн чадваргүй бол улсын орон сууц, цахилгааны төлбөрийг 50 хувиар хөнгөлж, түлшээр хангаж байхыг зааж, энэ заалтуудыг 1941 оны зургаадугаар сарын 22-оос эхлэн хамааруулж үзэх болсон байна. 

Хот, хөдөөгийн эмэгтэйчүүд фронтод туслах үйл хэрэгт тус нэмэр болох зорилгоор сүлжмэл эдлэл хийх ажилд идэвхийлэн оролцож байсан ба 1944 оны байдлаар сүлжмэлийн 100 гаруй дугуйланд 1400 орчим эмэгтэйчүүд хамрагдаж, 43,000 гаруй төгрөгийн үнэ бүхий 4920 ширхэг хувцас нэхэж, Зөвлөлтийн чөлөөлөгдсөн нутгийнханд илгээсэн байна.

Түүнчлэн тус улсад ажиллаж, амьдарч буй Зөвлөлтийн харьяат нар бэлэглэлийн ажилд идэвхтэй оролцож, зөвхөн 1944 онд л 7,800,000 төгрөгийг олон тооны хувийн бэлгийн хамт фронтод илгээжээ.

МАХН-ын Төв Хороо, Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор “Зөвлөлтийн улаан армийн дарга, байлдагчдын ар гэрт, ялангуяа өнчрөгсдөд Монголын ард түмнээс тусламж, бэлэглэл явуулах ажлыг өргөнөөр зохиохыг” Бэлэглэлийн Төв комисст даалгаж байв.

Монголын ард түмэн фронтод бэлэг хуримтлуулах хөдөлгөөнд ихэд идэвхтэй оролцож байсан бөгөөд үүнд жишээ болгож дурдвал, Увс аймгийн Өмнөговь сумын эмэгтэй Бадам хургатай 500 хонь, Аж үйлдвэрийн комбинатын ажилчин Рэнцэнханд 9000 төгрөг, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын малчин Бавуу 2000 төгрөг, 30 морь, Архангай аймгийн Чулуут сумын малчин өвгөн Цэрэндамба 3000 төгрөг, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Цогт-Очир 1000 төгрөг, адуу 12, хонь 14, үхэр 1, тэмээ 2, Завхан аймгийн Дөрвөлжин сумын өвгөн Дорлиг 55 морь, Булган аймгийн Сайхан сумын Дашням 50 морь, Хишигбаяр 30 морь, Цэнд адуу 40, хонь 100, Увс аймгийн Тэс сумын Бардоо 49 морь, Төв аймгийн Эрдэнэ сумын эмэгтэй Гончигдулам 170 төгрөг, алтан бөгж, Баянцагаан сумын эмгэн Оодой 7000 төгрөг, Улаанбаатар хотын эмэгтэй Цэрэндулам 1000 төгрөг, алтан бөгж 2, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Зундуй 4230 төгрөг, Улаанбаатар хотын Гар үйлдвэрийн ажилчин Доржпалам, Ичинхорлоо, Дорж, Аж үйлдвэрийн комбинатын эсгийлэх фабрикийн ажилчин Дамдинжав, төмрийн тасгийн Баасан, 5 дугаар хорооны 14 дүгээр хорины Дуламсүрэн, 4 дүгээр хорооны эмэгтэй Мажигсүрэн, нарын зэрэг 3-5 мянган төгрөг бэлэглэсэн хүмүүс олон байв.

Ерөөс Монголын ард түмэн ЗХУ-ыг тус улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын баталгаа бологч төдийгүй ах хэмээн хүндэлж, хайрлаж байсны илэрхийлэл нь энэхүү дайн байсан билээ. Зөвлөлтийн ард түмэн, улаан армид туслах ажилд идэвхтэй оролцсон 521 хүнийг дайны жилүүдэд төрийн дээд шагнал одон, медалиар шагнаж урамшуулсан ажээ.

Зөвлөлтийн улаан армид туслах хөдөлгөөнд Монгол ардын хувьсгалт цэргийн албан хаагчид идэвхтэй оролцож байсныг дараахь баримтаас харж болно. МАХЦ-ийн бие бүрэлдэхүүн “Монгол Ард” нисэх онгоцны эскадрильд зориулж 198,000 төгрөг, улаан армийн бэлэглэлд зориулж 1944 оны арваннэгдүгээр сарын байдлаар 449,000 төгрөгийг Бэлэглэлийн төв комиссын дансанд шилжүүлсэн байв. Дайны жилүүдэд цэргийн албан хаагчдаас нийтдээ 3 сая гаруй төгрөгийг бэлэглэлд зориулж хуримтлуулсан байв.

Хязгаарын цэргийн дайчид бэлэглэлийн эхний ээлжинд 103,094 төгрөг, бусад эд материал, бэлгийн 2 дугаар цуваанд 150,434 төгрөг, 3 дугаар цуваанд 326,151 төгрөг, “Хувьсгалт Монгол” танкийн бригад байгуулахад 79,310, “Монгол Ард” нисэх онгоцны эскадриль байгуулахад 155,162 төгрөгний хөрөнгө хуримтлуулжээ. Хилчин дайчдаас хөрөнгө хуримтлуулах ажилд олон хүн идэвхтэй оролцсоны дотор морьт хорооны Үржинханд 10 морь, мөн хорооны эмэгтэй Хишигжаргал алтан бөгж, Дотоод яамны Төв сургуулийн ахмад Хорлоо гэр бүлийн хамт 1600 төгрөг, алтан бөгж 1, жолооч Лувсанбаатар 1120 төгрөг бэлэглэж байжээ.

Монгол Улсын төр засаг улаан армид туслах нэг хэлбэр нь Монгол ардын хувьсгалт цэргийн байлдааны бэлэн байдал, байлдах чадварыг дээшлүүлж, Германы холбоотон Японы зүгээс хийж болзошгүй түрэмгийллийг няцаахад ямагт бэлэн байх ёстой хэмээн үзэж байсан юм. Тиймээс ч батлан хамгаалах зардалд ихээхэн хөрөнгө төсөвлөж, эх орны дайны туршлагаас суралцах, байлдааны бэлтгэл сургалтыг байлдааны цагийн байдалд ойртуулсан нөхцөлд хийх шаардлага тавьж байжээ.

Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмэн, түүний улаан армитай сэтгэл санаа нэг байгаагаа илэрхийлж байсны тод жишээ нь захидал, илэрхийлэлт байсан юм. Ажилчин, малчин, албан хаагч, оюутан, сурагч, цэргийн албан хаагч зэрэг нийгмийн бүх л давхаргын төлөөлөл байлдаж буй улаан армийн дайчид, тэдний удирдлагад хандаж, дайснаа ялахыг билэгдсэн, чин сэтгэлийн үгтэй захидлыг олон мянгаар нь фронт руу илгээж байв. Хувийн бэлэг бүхэнд захидал дагалдуулж илгээж байсны дээр уг бэлгийг хүлээн авсан улаан армийн дайчид ч хариу талархсан, ялалтад итгэлтэй байгаагаа илэрхийлсэн мөн л төдий тооны захидлыг фронтоос Монголд ирүүлж байв.

Фронтоос ирсэн захидлыг монголчууд хүлээн аваад гэр бүл, хамт олон, хот айлаараа цуглаж дахин дахин олонтаа уншиж байсан бөгөөд тэдгээр захидлуудаас тухайн үеийн сонинд өргөнөөр хэвлэн нийтэлж байжээ. Энэхүү захидлуудыг олон түмэнд түгээх зорилгоор тусгайлан эмхэтгэж “Монголоос фронтод, захидлын цоморлиг”, “Фронтоос Монголд, захидлын цоморлиг” нэртэйгээр 1944 онд хэвлүүлж байв. Мөн МАХН-ын Төв Хорооны дэргэд фронттой захидлаар харилцах тусгай тасаг байгуулагдан ажиллах болжээ.  

Гитлерийн Герман ЗХУ-д итгэл эвдэн гэнэт халдан довтолсон явдлыг Монголын ард түмэн буруушаан үзэхийн хамт Монгол болон Зөвлөлт, ОХУ-ын удирдагч нар эл дайн болон манай ард түмний фронтод туслах хөдөлгөөнийг хэрхэн үнэлж байсныг дараах баримтаас харж болно.

Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан Улсын Бага Хуралд 1943 онд үг хэлэхдээ “Германы фашистуудын СССР-ийг эсэргүүцэж байгаа дайн бол манай улсын эсрэг дайн мөн. Энэ тэмцлийн бүх хүнд бэрхшээлийг ах Зөвлөлтийн ард түмний хамт эдлэх нь манай ариун үүрэг мөн” хэмээн мэдэгдэж байв.

Фронтод бэлэг хүргэж ирсэн Монголын төлөөлөгчдөд зориулж 1943 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Кремлийн ордонд хийсэн дайллага дээр И.Сталин: “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Монголчууд бидэнд дайн үүссэн анхны өдрөөс эхлэн тусалсаар ирсэн, тусалж ч байна” хэмээн онцлон тэмдэглэж талархлаа илэрхийлж байсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийсэн билээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн хэлэлцээний үеэр хэлсэн үгэндээ: “Эх орны дайны жилүүдэд Монгол Улсаас үзүүлсэн тусламжийг бид өндрөөр үнэлдэг” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Ийнхүү  дайны фронтоос 6-7 мянган км  алслагдсан гүн ар талд  Монголын ард түмэн бүхий л бололцоогоо дайчлан хөдөлмөрлөж, Улаан армид туслах олон хэлбэрийн ажлыг  өрнүүлсэний дүнд  нийтдээ  435  сая төгрөгийн үнэ бүхий мал, эд материалын зүйл ба З00 орчим кг алтыг биетээр өгч, улсаас тогтоосон үнээр агт морьдоо худалджээ.

Монголын ард түмнээс үзүүлсэн эл тусламжийг Монгол Улсын тухайн үеийн төсөв болон дайны жилүүдэд АНУ, Их Британиас ЗХУ-д өгсөн тусламжтай харьцуулан үзэх нь зүйтэй юм.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Батлан Хамгаалах яам


Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид туслах хөдөлгөөн өрнүүлсэн нь /II хэсэг/  
Үзсэн: 1590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй