
Дамбадаржаа дэд төвд Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны нийт 70 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус дэд төвийн ажлын явцыг танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Дамбадаржаа дэд төв төслийн хүрээнд 800 нэгж талбарыг хамарсан дулааны шугам сүлжээ, цэвэр бохирын шугам сүлжээ, зам, нийгмийн барилга байгууламж бүхий төслийг хэрэгжүүлж, ирэх жил дуусгана. Тодруулбал, Дамбадаржаагийн дулааны станцын ажил ирэх жилийн наймдугаар сард дуусна. Үерийн хамгаалалтын сувгийн ажил дууссан. Мөн хөрсний ус зайлуулах ажил 80 хувьтай байна. 2.8 км авто зам барьсан. Өнөөдрийн байдлаар дулааны шугам сүлжээ татах, ус дамжуулах шугам сүлжээ барих ажлыг хийж байна. Барилгажилтын төслийн дагуу айл өрхүүдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж, чөлөөлсөн 70 га газарт амины орон сууц барих төсөлд хувийн хэвшлийнхнийг татаж оруулахаар төлөвлөж байна. Сэлбэ голын эрэгт төвийн дулаанд холбогдсон хаус хорооллуудтай болно. Ирэх жилээс газар чөлөөлөлтийн ажлыг хийж, гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулна. Сэлбийн даланг 1966 оны үерээс хойш аж ахуйн аргаар хийж босгосон. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Сэлбэ голын усны урсцыг сайжруулах, үерийн далан, тохижилтын ажлын төслийн гүйцэтгэгчийг ирэх жил эцэслэн сонгон шалгаруулна. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүд байгуулах төсөл 2014 онд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Баянхошуу, Сэлбэ, Шархад дэд төвүүдийн дэд бүтцийн ажлыг хийж дуусаад, барилга угсралтын ажил явж байна. Харин Дамбадаржаа, Толгойт дэд төвүүдэд дэд бүтцийн ажлууд хийгдэж байна” гэлээ.
Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 71 хувьтай үргэлжилж байна | ||
Үзсэн: 179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.