Шууд Chart

Овоо

2013-08-29 16:39:45

...Овоо...Энэ “үг” холоос харагдахыг нь яана. Бас бодогдоно гээч. Санаанаас гарахгүй зүйл гэж бий. Ээж минь нэг өдөр “Миний хүү “овоо” шүү дээ. Эрдэм сурчхаа юу” гэж билээ. Миний тэр сурсан эрдэм гээч нь дээр үеийн Орос дүнсэн тамхины боолт цаасан дотор гэрэлтдэг цаас давхар байдаг. Түүнийг аваад “Үнэн” сонины том том гарчгуудыг гэрэлтүүлэн бичсэн явдал шүү дээ. Ингэж л би ээжээсээ ОВОО хэмээх үнэлгээг авсан нь   ер мартагддаггүй сэн. Өөрөөр хэлвэл би харагдахуйц амжилт олсон юм уу даа. Дараа нь аав намайг бас ОВОО гэж үнэлсэн. Энэ бол арав гаруй настайд болсон явдал. Аав унаагаа юүлэхээр хэдэн адуугаа туугаад ирлээ. Эрмэг хул гүүнээс гарсан хонгор даага их өсгөлүүн. Тэр даагыг сургах ажил магадгүй над дээр л оногдож байсан юм бол уу даа. Эмээж л байлаа. Гарцаагүй л оногдлоо доо. Аав хонгор даагыг барьж авлаа. За яаж мордоно доо гэж хулгаж зогстол: Аав дуудаж, за нааш ир үүн дээр морд гэлээ. Яах ийхийн зууртгүй л чихдэж байгаад мордуулчихлаа. Хонгор даага ч бухаж гарлаа. Арай ч ойчихсонгүй тогтлоо. Ингэж анх эмнэг сургасан түүхтэй. Аав минь тэгэхэд ОВОО шүү миний хүү эр хүн болох нь гэж үнэлсэн. Ингэж л багадаа өмөг түшиг болсон аав ээж хоёроосоо нэг нэг удаа ОВОО хэмээх үнэлгээг авсан хүн дээ, БИ.   Тийм болохоор ОВОО гэдэг  бусдаас ялгарч харагдахын үйл буюу... Ер нь ОВОО гэдэг үгийн гарал язгуур нь овойх, товойх гэсэн алсаас харагдах, овойж товойхын тулд онь хөтөл, хамар даваа, орой гүвээ бараадсан байршил улбаатай юм санж. Овоо гэдэг олны хүнтэтгэл тахилгын хүрээлэлд орсон нь ч бас л эртний уламж гаргалгаатай. Овоорсон юмыг овоо гэвэл бараг дүйцнэ. Чулуу овоолох гэдэг овоо босохын үүдэл нь. Нутаг нутгийн овоонууд өөр өөрийн тахилгатай, бас учир жанцантай. Хадаг яндар болсон сүрлэг их овоонууд хангай алтайгүй хээр хөдөөгүй л тааралдана. Зам бараадаж сүглийнэ. Замын хүн зогсож наран зөв тойрно. Чулуу нэмнэ. Идээ будаа өргөнө. Яагаад овоо ихэнхдээ    зам харгуй барааадах болсон юм бол... Судлаачид овооны үүслийг олон л янзаар тайлбарладаг юм билээ. Эхлээд үнэндээ овоо нь таних тэмдгийн үүрэгтэй байсан гэлцэнэ. Нутаг усны хил зааг тогтоож шав болгон босгох, аян замын хүнд баримжаа болгон босгох гээд... Чухам яагаад   овоо овоолох, овоо барих, сүндэрлүүлэх, өрөх гэдэггүй юм бол... Заавал босгох гэдэгт учир байна. Үнэндээ бол хүнтэтгэхийн л нэг хэлбэр ажгуу... Овооны тухай олон домог түүх бий. Эх орноо хамгаалахаар аян дайнд мордсон цэрэг эрс нутгийнхаа хил дээр овоо босгож, хүний тоогоор чулуу тавьжээ. Дайнаас эргэж ирсэн эрс өөрийн тавьсан чулуугаа овооноос авсан ч   ирээгүй эрсийн тоогоор овоо чулуу үлдсэн уйтгарт түүх ярилцах удаа бий. Миний мэдэх бас өөр ч нэг үнэн бий. Үнэн удах тусмаа түүхийн харгуйд   даялдаг даа. Хориод жилийн өмнө сөн. Сумын маань ой болж, тэр үеийн сумын удирдлагасумын төвийн урд дэнж дээр хэдэн машин чулуу буулгажээ. Ойдоо хол ойроос ирсэн зочид тэр чулуугаар овоо босгосон. Энэ овоо нэг л өдөр үүссэн түүхээ нууж, эртний гэх тодотголтой болно доо... Ингээд бодохоор овоо бүхэнд өөрийн түүх нуугдаастай. Олон хүний сэтгэл шингэсэн болохоор овоог тахих нь ямар нэг эгээрэл гэгээрлийн шидийг үзүүлдэг байх аа... Тэгээд ч “овооны их тандаа, олзны их мандаа” хэмээх үг үүсчээ...   Овоо овойж харагдана. Орчлонд өөр өөрийн түүхтэй энэ “бөөн чулууд” хилээ ч манаж, замаа ч сахиж, алсаас сүндэрлэн ариун дээд тэнгэртээ тэмүүлсээр...Хүмүүний сэтгэлээр ундаалсан сүрлэг их овоод минь...Тайж, тахиж, тойрч, эргэж байж сэтгэл цайлгадаг их овоод минь... Овоо шүү дээ гэж дэм өгсөн хар багын минь сайхан дурсамж хөглөсөн дөө. Овоо шүү миний хүү... Овоодоо миний хүү... Овоондоо залбираарай...


Овоо  
Үзсэн: 5147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-08-30 12:27
Сайхан нийтлэл байна. Л.Мөнхтөр ахдаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Бидэнтэй нэгдээрэй