Шууд Chart

Эх орноо өөрсдөөсөө хамгаалъя

2015-06-22 16:07:15

Бид энэ олон зуунд  эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалж, зэр зэвсэгтэй эр цэргээр мануулж, бүтэн дэлхийн бөөрөн дээр бүтэн амьдарсан. Ингэж бодож явсан. Одоо энэ бодлоосоо салмаар байна. Эргээд нэг харсан чинь эх орноо бид  юуны өмнө, бүр өнөө маргаашгүй  өөрсдөөсөө хамгаалмаар болжээ. Эх  орноо харийн түрэмгийлэгчдээс гадаадын өнгөлзлөгөөс хамгаалж ирсэн гавьяа зөндөө бий л дээ. Тэр бүхнийг үгүйсгэсэнгүй.  Тун саяханы гэж хэлж болохоор хоёр он цаг /1939, 1945/-ийг бид мартаагүй байна. Ул мөр, гэрч болсон эх орны дайн, Халх голын дайн, чөлөөлөх дайнд оролцож явсан буурлуудын үндэс тасраагүй байна.

Эх орон гэдгийг  дотроос нь тэлж бодвол монгол хүн бүхний эхийн хэвлийгээс хүй цөглөж, унасан шороо,  угаасан ус юм шүү дээ. Тэр бүхэн олон гол нийлж мөрөн болдгийн адил нэгдэн нэмэгдсээр  эх орон бүрддэг.  Эх сайхан  МОНГОЛ  минь  буй болдог. Ийм ариун дагшин нутаг усаа бид  өөрсдөөсөө хамгаалахгүй бол горьгүй нь...

Харийн тодотголтой хаа газрын хүмүүс эх орныг минь  ханцуй шамлан орж ирээд сандааж орхих нь юу л бол. Тэдэнд өнөө  эр цэрэг /хилийн цэрэг/ хил, гааль гээд олон шалгуур нь үйлчилж байгаа.  Тийм болохоороо ном  журмаараа  орж ирээд гарч явдаг. Гарахад нь өвөр түрийг нь уудлаад шалгаад гаргана. Тийм болохоор  санаа амар байх нигууртай.  Тэгээд ч  мод, хад шиг тайраад хөрөөдөөд аваад гарч болдоггүй газар нутагтай. Өмлөөд цөмлөөд  авч болдоггүй ертөнцийн хууль үйлчилнэ. Муу юм, аюул занал тохиолдоход  нутгаа аваад нүүж болдоггүй нутагтайгаа эх оронтойгоо хамт л түүнийг тэсвэрлэн байж тосдог. Энэ хатуу  тавилан бол  бидний эх орон бол биднийх гэдэг нотолгоо. Азаар олдсон, дээдсийн  ул мөрийг  амиараа хамгаалсан он жилүүдийг бид хүндэтгэхээс өөргүй.

Сүүлийн 14000 жил гарсан хорин мянга шахам дайн эх орон, шашин шүтлэгийн төлөөх дайн байсан тухай гаднын эрдэмтэд бичсэн нь бий. Ингээд бодохоор эх орон  гэдэг эзэн төрмөлтэйгээ хүйн холбоотойн жишээ л дээ. Дэлхийн түрэмгийлэгч улс орнууд  хүнд биш газар нутагт л  шунан тэмцдэг гэсэн ойлголт эндээс хийж болно оо доо. Бидэнд 1564116  хавтгай дөрвөлжин квадрат км  нутаг заяасан. Далайн түвшнээс дээш дунджаар 1.580 метрт өргөгдсөн. Хүн ам болон газар нутгийн харьцуулалтаар дэлхийн хамгийн хүн амын нягтрал багатай улс юм. Нутгийн дийлэнх нь тал, хээр.  Хойд болон баруун талаар Алтай, Хангай, Хэнтий нурууд, бусад салбар уулс сунан тогтсон. Өмнөд хэсэгт говь зонхилно. Яруу найрагч Ш.Гүрбазарын  хэлснээр  “дэлгэсэн тэрлэг шиг”,  яруу найрагч Б.Мягмаржавын хэлснээр  “нисэж яваа бүргэдийн далавч шиг”  эх орон бидэнд  байна. Их юм. Хэдэн үеэрээ хэдэн зуунаар аж төрөөд агшихгүй  том газар. Баялаг эх орон. Гагцхүү  энэ сайхан эх орноо бид өөрсдөө л  сандаагаад, салмайлгаад байна. Гадныхан орж ирээд хамаг баялгийг минь цөлмөөд, хамаг эрдэнэсийг минь ухаж аваад  ухархай шиг хар нүх үлдээгээд гэж шүүмжилцгээнэ. Харийхнийг оруулсан эзэн нь бид өөрсдөө  шүү дээ... Тэд хүрз бариад хил зөрчөөд орж ирээгүй. Бид л бөхөлзөж нахилзаж,  найр тавьж, арга чаргаа барж, амин зуулгаа бодож, ашиг хонжоондоо автаж харийхныг оруулж ирсэн.  Энд тэд буруугүй. Бид л өөрсдөө эх орноо арилжиж, барьцаалж, идэж ууж байгаа нэг арга хэлбэр нь юм.

Холын жишээ татвал 250 сая жилийн өмнө манай гарагт нэг том сүйрэл болсон. Энэ үеэр дэлхийн амьд ертөнц сүйрлийн ирмэгт хүрснийг олон судлаачид тогтоон хэлэлцсэн. Пермийн галавын сүүлчээр болсон энэ аймшигт сүйрэл газар дэлхий дээр тохиолдсон цорын ганц аймшигт гамшиг зүйл бас биш юм байна. Гэв гэнэт тоо томшгүй олон төрлийн амьтан устаж үгүй болох явдал дэлхий дээр ганц биш удаа болжээ. Нөгөөх үлэг гүрвэл гэхэд наанадаж 65 сая жилийн өмнө үй олноороо устаж үгүй болжээ. Эдгээр аварга гүрвэлийн хамтаар хуурай газрын сээр нуруутны бараг 20 хувь, далай тэнгисийн амьтдын бүр 50 орчим хувь нь үгүй болсон байна. Эдүгээгийн бид ч гэсэн ойрын ирээдүйд асар олон төрлийн амьтны төрөл зүйл орчлонгоос үүрд устаж үгүйрэхийг нүдээр үзсэн гэрч болж болохыг одоогийн байдал харуулж байна. Их Британийн судлаачид сүүлийн 520 сая жилийн цаг уурын өөрчлөлт, ургамал, амьтны төрөл хоёрыг харьцуулан үзжээ. Хамгийн том дөрөв таван сүйрэл дэлхийн дулаарлын үед болж өнгөрсөн болохыг судалгаагаар тогтоосон байна. Судалгааны үр дүнг одоогийн ертөнцийн дулаарал дээр тусгаж үзэх юм бол төрлийн усталт улам нэмэгдэнэ хэмээн Йоркийн их сургуулийн эрдэмтэн Петер Майхэв өөр хоёр нөхрийн хамтаар гаргасан судалгаандаа өгүүлсэн байна. Үүний зэрэгцээ Дэлхийн төрөл зүйл хамгаалах холбооноос хоёр жил тутамд устаж үгүйрэх аюулд өртөөд байгаа төрөл зүйлийн жагсаалтын улаан номыг гаргадаг ажээ. Энэ жишээг татан сонирхуулж байгаа нь  дэлхийн дулаарал, манай улсын нутаг дэвсгэр дээр сүүлийн жилүүдэд болж буй байгаль цаг уурын нөхцөл байдлыг харьцуулан бодоход эх орноо бид  чадах чинээгээр өөрсдөөсөө хамгаалахгүй бол зүй тогтол жамаараа явж байгаа дэлхийн байгаль цаг уурын өөрчлөлт хэний ч зөвшөөрөлгүй дайраад л өнгөрөх  магадлалтайг бид  мэдэж байх учиртай.  Эх орноо өөрсдөөсөө л хамгаалъя.  Загас жараахайгаа  түрстэй юутай нь  шүүрдээд дэлбэлээд, гол горхио эхтэй адагтай нь бохирдуулаад, хог тээгч  урсдаг  хүлэг мэт болгоод, жимс бутаа дахиж ургахааргүй үндэс мөчрөөр нь тасар татан зэрлэгээр  хооллоод, ургаа зандан модоо ногоон шүүсийг нь асгаруулан огтлоод, уул хангайгаа ухаж төнхөж эрдэнэсийг нь  сорон мөлжөөд, овоо тахилга, судар шүтээнээ дахин сэргэхгүй болтол  үрэн таран хийгээд, эцэс сүүлд нь  өвөг дээдсийнхээ онгон шарилыг эрээ цээргүй малтан дээрэмдээд байх боллоо. Саяхан бид дээдсийнхээ занданшуулсан шарилыг хүртэл ухаж авчраад хашаандаа агуулсан байсныг үзэж хирдхийцгээсэн дээ... Та бидний сэтгэл эзгүйрчихэж. Сүсэг, сэжиг бүр  арилж өгч. Бидэнд эх орноосоо авахгүй юм гэж алга. Ичгүүр сонжуургүй гэдэг үг энд багадаад, хүч хүрэхгүй байна.  Хатуу үг хэлээд  алдаа эндэл арилчихдаг бол түүнийг үгсийн уурхайгаас цуглуулаад  харааж зүхэж болно л доо.  Зөөлөн нь  хатуугаа элээдэг хорвоод ингээд ч яах юм билээ. Хэдхэн хоногийн өмнө Туул голын усны бохирдол улам л дээшээ эх рүүгээ дөхөөд байгааг хэмжилтээр тогтоосон тухай эмгэнэлтэй мэдээ телевизээр гарч байх юм.  Үхэж байгаа загас нь голынхоо эх рүү дөхөөд л байна гэдэг мөн түгшүүртэй еэ.  Тэгтэл  Хатан Туул минь гэж өвөр монголчууд залбиран ирж  духандаа хүргэн адисладаг биш билүү. Дэргэдийн бурхан хүчгүй гэдэг шиг бид л мэддэгүйгээс “Туулын хар түнэ”  гэж Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн түүхт ус юм сан. Ингээд  жишээ татаад байваас  захаас аван замаар нэг  эх орноо өөрсдөөсөө хамгаалахгүй бол болохгүй нь гэдгийг нотолсон  баримтууд хөглөрөөд байх юм. Яах ёстой юм бол доо...

Хулангаа дархаллаа л гэнэ, хавтгайгаа тооллоо л гэнэ, мазаалайгаа  хооллолоо л гэнэ, тарвагаа агнахыг хориглолоо л гэнэ... Энэ бүхэн бидэнтэй холбоотой. Эх орноо өөрсдөө хамгаалаагүйгээс  хамааралтай. Аргаа барахдаа хийж байгаа  үйлдэл... Араас нь хөөж яваа эндүүрэл. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхмйн үлгэр...Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Цэндийн Чимиддорж асан нэгэнтээ  “Сэлбэ” шүлэг бичиж олны чихэнд  сэрэмжлэхийн хонх цохьсон. Тэр шүлгээр энэхэн харуусал харамслаа тайлъя даа.

"Газрын хөх судас бүдэг бадагхан цохилно
Гал дундуур урсах мэт бөг бөг шогшино
Агсал буурал Туултайгаа хатирч л бэлчирлэдэг усан
Адуу бараадан дагах тушаатай морь шиг дэгнэ
...Дүүрэн Сэлбэ биднийг ширгэтлээ сэлбэлээ
Дүнжингаравын хамаатан ус цусанд минь аслаа
Аз жаргалын диваажин сууцны чинь паалан хананы
Асуултын тэмдэг шиг цоргоноос нулимс болон дусалж байна
Улаан голоор чинь урсаж байгаа
Улаанбаатар дундуур чинь сажилж байгаа
Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа
Улс амьтны хөлд гутаж байгаа
Уулсынхаа элгэнд хярж байгаа
Ухаан гуйн залбирч байгаа
Шидмэс шиг гол нэг л үүрээр
Шивнээ нь тасарч амьсгалаа өвөр дээр чинь хураах нь ээ
Тогтоол зарлиг дундуур урсаж байгаа хотын номхон голыг
Тогтоож ч чадалгүй уурга чиргүүлэн алдаж байж
Зэм халдаамгүй Алтайн цаадах
Зэрэглээ залгилсан халтар говийн
Бидэрээ гээтэл цахилах эмнэг хуланг тогтоох юм гэнэ
Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа...


Эх орноо өөрсдөөсөө хамгаалъя  
Үзсэн: 2988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй