
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлал эхэллээ. Тэрбээр өчигдөр Лондонгийн Хөрөнгийн биржийн өдрийн арилжааг нээж, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцож үг хэлсэн юм. Энэхүү уулзалт бол Ерөнхий сайдын ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулагдах гурван том уулзалтын нэг бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран “МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД” сэдвийн дор зохион байгууллаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Лондонд би олон удаа ирж байсан. Гэхдээ Ерөнхий сайдын хувиар ирж байгаадаа баяртай байна. Танай улсад айлчлахаасаа өмнө ОХУ, АНУ-д ажлын айлчлал хийлээ. Миний тэргүүлж байгаа Засгийн газар “Эдийн засаг” гэсэн чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Эдийн засгийг солонгоруулахад олон салбарт хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Уул уурхай бол зөвхөн нэг өнгө нь юм. Монгол Улсад Хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг хөрөнгө оруулах маш олон салбар байна. Манай улс өнөөдөр дэлхийн ноолуурын зах зээлийн гуравны нэгийг нийлүүлж байна. Хөрөнгө оруулагчид цөөн хүн амтай улсад хөрөнгө оруулаад ашигтай эсэх талаар асуудаг. Монгол Улсад хөрөнгө оруулах хамгийн том давуу тал бол байршил юм” гэдгийг онцоллоо.
Өнөөдөр Монголд Английн томоохон компаниуд, бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Монгол Улстай олон салбарт хамтран ажиллах боломж байгааг хэлээд хөрөнгө оруулах хүсэлтэй хэн бүхний өмнө манай улс нээлттэй байна гэдгийг онцлоод Английн бизнес эрхлэгчдийг Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриаллаа.
.jpg)
Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Хавиер Руле манай хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ач холбогдлыг онцлоод Монголын Хөрөнгийн бирж Лондонгийн Хөрөнгийн Биржтэй хамтран ажиллах тухай “Ажлын мастер гэрээ”-нд 2011 оны дөрөвдүгээр сарын долоонд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний хүрээнд хамтран ажилласнаар үнэт цаасны арилжаа явуулах орчин үеийн цогц системийг нэвтрүүлж, эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи, боловсон хүчний чадавхийг олон улсын стандартад хүргэхийг зорьсон юм. Хоёр Хөрөнгийн бирж хоорондын стратегийн хамтын ажиллагааг дахин гурван жилээр сунгах гэрээнд 2014 оны есдүгээр сарын есөнд Лондон хотноо гарын үсэг зурсан. Хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа хэллээ. Мөн ирэх гурван жилд хоёр бирж стратегийн түншүүд гэсэн статусаа хадгалж, программ хангамжийн үйлчилгээг 90 хувиар хөнгөлнө. Олон улсын “FTSE Mongolia” индексийг гаргахад хоёр тал хамтарч ажиллахаар болсон. Энэхүү ажлыг амжилттай зохион байгуулснаар Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ өдөр бүр дэлхий дахины сонорт хүрч байх болно. Улмаар Монголын Хөрөнгийн биржийг олон улсад гаргахад манай бирж бүх талаар тусалж дэмжин хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.
Бизнес форумын хоёрдугаар хэсэгт хэлэлцүүлгийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Бямбасайхан, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Европын Сэргээн босголт банкны Удирдах гишүүн Рикардо Пулити, Монголын Хөрөнгийн биржийн ерөнхий захирал Д.Ангар, Ард Файнэншл группийн ерөнхий захирал Ч.Ганхуяг нар тус тус оролцож, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудын талаар хэлэлцлээ. Энэхүү бизнес форумд Монголын 30 гаруй компанийн төлөөлөгч, Английн талаас нийт 100 гаруй бизнес төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд форум хоёр талын бизнес төлөөлөгчдийн уулзалтаар үргэлжилж байна.
Ерөнхий сайд Лондонгийн Хөрөнгийн биржийн өдрийн арилжааг нээлээ | ||
Үзсэн: 1478 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.