Шууд Chart

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг дэмжлээ

2015-08-06 13:17:27

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн, Р.Амаржаргал, Н.Номтойбаяр нарын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, саналаа хэлсэн юм. Ц.Даваасүрэн гишүүн, хуулийн төсөлд олон нийт дургүйцэхээр, сэтгэл ханамжгүй хандахаар зарим нэг зүйл байна. Тухайлбал, хуулийн төсөлд хөрөнгө орлогын мэдүүлэг, Авлигын эсрэг хуультай холбоотой заалтууд бий. Энэ нь нийгэмд, нийтэд улс төрийн хэдхэн албан тушаалтнууд өөрсдөдөө зориулсан хууль гаргаж байгаа юм шиг харагдахаар байна. Тиймээс уг хуулийн төслийн Авлигын эсрэг хуультай холбоотой хэсгийг хасах саналтай байгаа тухай хэлж байсан. Харин Н.Номтойбаяр гишүүний хувьд эдийн засгийн ил тод байдлыг хангахаар хариуцлагаас чөлөөлөх, албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй байх нэг удаагийн зохицуулалтыг хийхээр хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэрвээ татвараа төлөөгүй, нуусан, далд байгаа хөрөнгөө мэдүүлсэн хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлж байгаа юм бол шударгаар татвараа төлөөд явж байгаа ААН-үүдээ урамшуулах шаардлагатай. Тиймээс байнгын хорооноос тогтоол гаргаж шударгаар татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа ААН-ын нэгжүүдийг урамшуулах, хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөж байгаа улстөрийн болон төрийн албан хаагчдыг тодорхой хугацаанд албан тушаалын эрх эдлэхгүй байх зохицуулалт хийхийг Засгийн газарт чиглэл болгох саналтай байгаа тухай саналаа хэлсэн.

Ийнхүү хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хурааж, дэмжигдсэн болон бусад саналуудын талаар байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ .

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг дэмжлээ  
Үзсэн: 793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй