
Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй үндэсний үйлдвэрлэгчийн 58 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Хэрэглэгчдэд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийнх нь үнээр авах боломжийг мөн бүрдүүлжээ.
Солонгос улсад ажиллаж байсан хэсэг залуус нийлж суран бүсний үйлдвэр байгуулсан байна. Таван хүнийг ажлын байраар хангасан “Кажуг” үйлдвэр бүснийхээ толийг өлзий, нацагдорж, түмэн насан хээгээр чимэглэсэн нь орчин үеийн хэв маягийг үндэсний онцлогтой хослуулсан өвөрмөц шийдэл болжээ.
Үзэсгэлэн худалдаанд оролцсноор хагас сард борлуулах бараагаа гурван өдөрт дуусгадаг гэж тэд ярилаа. “Дэлбакс” цүнхний үйлдвэр л гэхэд бүтээгдэхүүнээ хилийн чанадад таниулж чаджээ. Өнгөрсөн жил болсон “ITB Берлин” үзэсгэлэн худалдааны зочдын бэлгээр тус үйлдвэрийн бүтээгдэхүүн сонгогдсон байна.
Үзэсгэлэн худалдаа бүр үйлдвэрлэгчдэд шинэ боломж нээж, түншлэх боломжийг олгодог. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнгээр тэд цүнх үйлдвэрлэх арьс шир авах дотоодын үйлдвэрлэгчтэй танилцсан байна.
Мөн Дархан-Уул аймгийн “Мишээл” хуримтлалын бүлгийн хувьд 40-өөс дээш насны эмэгтэйчүүд нийлж зөгий үржүүлж, жимс тариалан өөрсдөө үйлдвэрлэсэн эко хүнсээрээ оролцож байна. Тэд Улаанбаатар хот дахь байнгын хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэлээ.
Түүнчлэн гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа энэ үзэсгэлэн худалдаанд нийт 729 аж ахуйн нэгж оролцож бүтээгдэхүүнээ борлуулсан байна. “Мишээл экспо”-гийн худалдааны танхимд гурван өдөр үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд ашиглаж байгаа лангуу павилонуудын түрээсийг жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих төвөөс энэ удаад хөнгөлжээ.
Үзэсгэлэн худалдаа мөн гурван өдөр үргэлжлнэ. “Улаанбаатарт үйлдвэрлэв 2015” үзэсгэлэнд оролцсон 130 гаруй үндэсний үйлдвэрлэгчээ 9 номинациар шалгаруулж шилдгүүдийг тодруулах юм байна. Мөн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төслийн сургалт, үйлдвэрийн менежментийн сургалтыг ч үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ.
“Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа гурав дахь жилдээ болж байна | ||
Үзсэн: 501 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.