
Орон сууцны зах зээл 4.1 хувиар хумигдаж, ашиглалтанд орсон 10 мянга гаруй байр эзнээ хүлээн борлуулалтгүй гацаад байна. Зах зээлийн хуулиараа бол нийлүүлэлт хэтэрсэн тохиолдолд үнэ нь буух хууль үйлчилдэг. Гэтэл барилгын компаниудын санал болгож байгаа үнэ, иргэдийн орлого хоёр огтолцохгүй, байрны үнэ борлуулалт нь буурсан ч хөөстэй хэвээр байна гэж эдийн засагчид үзэж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаанаас харахад 2015 оны 11 сард шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 хувиар, хуучин орон сууцны үнэ 14 хувиар буурсан байна. Хэдийгээр үнэ буурч байгаа ч шинэ орон сууцны метр квадратын үнэ дунджаар 2 сая 50 мянга, харин 2000 оноос хойш ашиглалтад орсон орон сууцны метр квадратын үнэ 1 сая 930 мянга байна.
Орон сууцны борлуулалт өмнөх жилүүдтэй харьцуулахад 27 хувиар буурсан. Энэ бол байрны үнэ, иргэдийн орлого хоёр огтлолцож чадахгүй байгааг харуулсан ганц жишээ. Уг нь иргэдэд байр худалдаж авах сонирхол хамгийн их байдаг ч, тоолоод өгөх мөнгө нь хүрдэггүй. Дундаж орлоготой айл хуримтлал үүсгэж байртай болоё гэвэл 10-20 жил зарцуулна гэсэн тооцоог эдийн засагчид хийжээ.
Эдийн засгийн өсөлтийн үед барилгын үнэ хэт хөөсөрсөн. Одоо энэ хөөс бага зэрэг буурч байгаа ч, бодит хөрсөндөө буугаагүй гэсэн тайлбарыг мэргэжлийнхэн өгч байна. Ашиглалтанд орчихоод эзнээ хүлээж байгаа, худалдаж авах эзэн нь тодорхойгүй 10 мянган байр зах зээлд илүүдэлтэй байна. Гэвч барилгын компаниуд байраа хямдруулдаггүй, эргэлтэд оруулах ёстой хөрөнгөө цемент шохой болгон түгжчихээд байгааг эдийн засагчид нэмж хэллээ.
Иргэд орон сууцны үнийг дийлэхгүй байна | ||
Үзсэн: 501 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.