Шууд Chart

Бангладеш улс

2016-01-20 13:14:37

Албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс. Өмнөд Азид орших энэ улс 2010 онд явуулсан хүн амын тооллогын дүнгээр 142 сая гаруй хүн амтай гэсэн тоо гарсан. Нутаг дэвсгэр нь 144 мянган шоо километр. Хүн амынхаа тоогоор дэлхийд наймдугаарт ордог. Нутаг дэвсгэрийн талбайн хэмжээгээр дэлхийд 92 дугаарт бичигдсэн. Нийслэл нь Дакка хот, улсын хэл бэнгал. Бүхэлдээ Энэтхэг улсаар хүрээлэгдсэн, хэсэгхэн газар Мьянмар улстай хиллэдэг. Бенгалын булан руу гарцтай. Хүн амын 88 хувь нь исламын шашин шүтдэг. Хөдөө аж ахуй болон аж үйлдвэрлэл тогтвортой хөгжиж байгаа орны тоонд ордог. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1700 ам.доллар. Мөнгөн тэмдэгт нь бангладеш така. Их Британийн колони байсан орон бөгөөд 1971 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Их Британиас өрх тусгаарласан.

Засгийн газар болон улстөрийн систем. Бангладеш бол парламентын засаглалтай вант улс. Тус улсын иргэн бүр 18 нас хүрмэгц парламентын шууд сонгуульд оролцож санал өгөх эрхтэй болдог. “Жатия Сангсад” гэх нэг танхимтай парламентын сонгууль 5 жилд нэг удаа болдог.

Парламент 345 суудалтай, үүнээс 45 суудлыг эмэгтэй гишүүдэд зориулан тусгайлан захиалсан байдаг. Ерөнхий сайд Засгийн газрын тэргүүний хувьд танхимаа бүрдүүлж, улс орноо удирдана. Ерөнхий сайдыг Бангладешийн Ерөнхийлөгч томилдог. Гэхдээ Ерөнхий сайдаар томилогдож байгаа тэр эрэгтэй, тэр эмэгтэй нь заавал парламентад олонх болж чадсан намын төлөөлөгч байх ёстой.

Улс орны Ерөнхийлөгчийг парламент сонгодог. Ерөнхийлөгчийн албан тушаал үндсэндээ бэлэг тэмдгийн шинж чанартай. Засгийн газрын шилжилтийн үед Ерөнхийлөгч сонгууль явуулах, засгийн эрхийг дараагийн Засгийн газарт шилжүүлэн өгөх зэрэг үүрэг хүлээдэг тул Ерөнхийлөгчийн эрх мэдэл өргөсөн тэлдэг. Бангладеш улс 1972 онд Үндсэн хуулиа баталсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл 14 удаа нэмэлт өөрчлөлт оруулаад байна. Шүүх дээд байгууллага нь Дээд шүүх, гишүүдийг Ерөнхийлөгч томилдог. Ер нь тус улсад шүүх болон хууль сахиулах байгууллага нэлээд сул хөгжсөн, ихэвчлэн англи эрх зүйд суурилсан.

Олон улсын харилцаа. Олон улсын харилцааны хувьд Бангладеш улс олон улсын байгууллагуудтай, тэр дотор НҮБ-тай хамтран ажиллахад чиглэсэн аядуу бодлого баримталдаг. Бангладеш 1974 онд НҮБ-д элсэж, тэр цагаас хойш хоёр удаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр, тодруулбал, 1978-1979, 2000-2001 онд сонгогдож байсан. 20-р зууны 80-аад онд Бангладеш улс Өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөтгөхийн тулд Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны ассоциаци гэдэг байгууллагыг үүсгэн байгуулах үйл хэрэгт тэргүүлэх үүрэгтэйгээр оролцсон. Бангладеш улс Энэтхэгтэй нэлээд ойр дотно харилцаатай байдаг.  

Эдийн засаг. Бангладеш нь Ази тивийн хамгийн ядуу орнуудын нэг. Ажил хөдөлмөр эрхлэх чадамжтай хүн амын 63 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Дулаан, чийглэг уур амьсгал нь бүтэн жилийн турш хөдөө аж ахуй эрхлэх боломж олгодог ч тус улсын баруун хэсгээр ган гачиг их болдог. Оршин суугчид цагаан будаа, цай, үр тариа, чихрийн нишэнгэ, төмс, тамхи, наран цэцэг, жимс жимсгэнэ, ялангуяа манго маш их тариалдаг байна. Борооны улиралд усархаг бороо маш их ордгоос болж цагаан будааны талбай үерт автаж, хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэх аюул маш их байдаг. Мал аж ахуйн хувьд энд үхэр маш их өсгөдөг.

Бенгалын булан болон гол мөрнүүдэд загас агнуур их хөгжсөн. Ард иргэд цагаан будаанаас гадна загасыг хоол хүнсэндээ маш их хэрэглэдэг. Аж үйлдвэрлэлийн гол салбарууд нь хөвөн даавуу, оёдол, цайны үйлдвэрлэл, цаас, цементийн үйлдвэр, химийн үйлдвэр, элсэн чихрийн үйлдвэрлэл, оёдлын машин техникийн үйлдвэр эзэлдэг. Экспортын үндсэн бүтээгдэхүүн нь бэлэн хувцас, сагс сүлжмэл, арьс шир, хөлдөөсөн загас, далайн бүтээгдэхүүн байна. Хэдийгээр хүн амын гуравны хоёр нь хөдөө аж ахуйд ажилладаг ч гэлээ оёдлын үйлдвэрлэл нийт ашиг орлогын дөрөвний гурвыг эзэлдэг. Ажиллах хүчний зардал бага байдаг нь гадны хөрөнгө оруулагчдыг маш ихээр татдаг. 2009-2010 онд л гэхэд Бангладеш улс 12.6 тэрбум ам. долларын бараа бүтээгдэхүүн экспортлосон байдаг. Бангладеш улс Дэлхийн худалдааны байгууллага дотор бэлэн хувцас үйлдвэрлэлээр дөрөвдүгээрт ордог.

Энд энэ салбарт 3 сая гаруй хүн ажилладгаас 90 хувь нь эмэгтэйчүүд. Бангладешт шийдэж чадахгүй байгаа гол асуудал бол үйлдвэрүүд хүүхдийн хөдөлмөрийг ашигладаг, оюутан, залуучуудын дунд хүчирхийлэл их байдаг явдал юм. Хүүхдийн хөдөлмөр болон залуучуудын дундах хүчирхийллийн асуудлыг төр засгийн түвшинд төдийгүй төрийн бус байгууллагуудыг оролцуулан шийдэх оролдлого хийдэг ч бодит үр дүнд хүрэхгүй байна. Бангладеш улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол яахын аргагүй Мухаммад Юнус. Энэ хүн бичил зээлийн системийн онолыг боловсруулж, амьдралд хэрэгжүүлэхийг санал болгосон. Мухаммад Юнус Бангладешт бичил зээл олгох систем хөгжүүлснийхээ төлөө 2006 онд Нобелийн энхтайвны шагнал авчээ.

Бангладешийн Засгийн газар эдийн засгаа өсгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд улс орондоо хэд хэдэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулсан байдаг. Тэгээд ч Бангладешийн эрх баригчид эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг маш удаан хэрэгжүүлж байгаа, улстөрийн тогтворгүй байдал, авлига хээл хахууль газар авсан зэрэг нь улс орны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг.

Соёл урлаг. Бангладеш улс бүс нутгийн түүх соёлын уламжлалыг өөртөө шингээсэн маш баялаг соёлын өв, түүхтэй орон. Ялангуяа эртний яруу найраг, уран зохиол энд маш их хөгжсөн байдаг. Уран зохиол нь зөвхөн Бангладешт гэлтгүй мөн Энэтхэгийн баруун Бенгал мужид өргөн тархсан байдаг. Бэнгал хэл дээр бичигдсэн анхны бичмэлүүд нь манай эрний VIII зуунд хамаарна. Дундад зууны үеийн уран зохиол ихэвчлэн шашин шүтлэгтэй холбоотой байсан. Мөн өөр орны хэл дээр бичигдсэн зүйлүүд маш их.

Терроризм. Бангладеш улсын гол асуудал бол терроризм, улс орны түүхэнд харьцангуй тайван өнгөрсөн, алан хядах ажиллагааны улмаас нэг ч хүн амь үрэгдээгүй он жилүүд бас бий. Тухайлбал, 2009, 2011 он, мөн амь үрэгдсэн хүний тоо хэдэн зуугаар тоологдсон он жилүүд бас олон бий. Тухайлбал, 2013 онд 353 хүн, үүний 215 нь энгийн номхон ард иргэд, 15 нь тусгай албаны ажилтнууд, 123 нь алан хядагчид байжээ.  

Нийтэлсэн: Т.Цогтоо

Бангладеш улс  
Үзсэн: 13136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй