Шууд Chart

Б.Батболд: “Гудамж” төсөл хэрэгжсэнээр иргэд жилд 25 тэрбум төгрөгийг зөвхөн шатахуунаасаа хэмнэх боломжтой болсон

2016-01-21 14:37:23

Чингис бондын санхүүжилтээр хэрэгжсэн “Гудамж” төслийн үр дүнгийн талаар тус төслийн нэгжийн захирал, доктор Б.Батболдтой ярилцлаа.

 -Та Японд боловсрол эзэмшсэн байх аа?

-Японы Хоккайдогийн их сургуулийг төгссөн. Японд сурахаасаа өмнө Америкийн UCLA гэдэг сургуульд жил гаран суралцсан юм. Тэр хугацаандаа хэлэндээ гайгүй зүгширсэн гэж боддог. Хот төлөвлөлтийн судлаач оюутан байлаа.

-Тэгвэл та мэргэжлээрээ ажиллаж байгаа юм байна?

 -Ер нь бол тийм. Төрийн албанд анх 2005-2008 оны хооронд ажиллаад яамнаас гарсан. Тухайн үед бодсон л доо, ер нь хувийн секторт ажиллая, бодитоор юм хийе гэж. Энэ хугацаанд 350-аад бага орлоготой хүмүүсийн орон сууц барьсан. Хот төлөвлөлтийн төслүүд хийж байсан. Учиргүй гоё юм хийсэн гэхээсээ илүү бодит жижигхэн хотхоны бүтээн байгуулалт хийлээ. Тэрнийхээ гудамж, талбайг нь хүртэл ингэж хийлээ гэж өөрөө хийж үзүүлэх санаатай л байсан. Тэгээд л сүүлийн жилүүдэд “Гудамж” төсөл рүү орж ажиллаж байна даа.

-“Гудамж” төсөл төрөөс хийгдэж буй бүтээн байгуулалтын том ажил. Төрд ажил хийх боломж, эрх чөлөө хэр байна?

-Миний хувьд энэ төслийг мастерлаад зохион байгуулаад, менежерээр нь ажиллаад, өөрөө төслийнхөө зарим дизайныг нь хийгээд санаачлагатай ажилласан. Боломж олгох, эрх чөлөөний тухайд бол нэг гараа бариулчихаад, тэгээд урагшаагаа яв гээд байдаг юм бол бий. Ажил хийж байгаа хүмүүсийг элдвээр хардаж сэрдэх явдал их юм. Хэвлэл мэдээлэл нь ч зөв ажлыг ойлгох хүсэл муутай байх юм. Тэр ч гудамжийг гоё болгоё, энийг ч бариад авъя гээд урамтай ажиллаж байхад заавал буруу талаас нь харна. Мэдээж шалгалт хяналт бол гарцаагүй. Гэхдээ зөв хандлагатай шалгах соёл манайд бага байна. Заримдаа ажил хийх гэсэн биш бөөн тээр саад, нерв болох юм. Шинэ бүтээн байгуулалтын ажил дээр урам их хэрэгтэй. Манай багийн ихэнхи нь залуус учраас урмаар их ажил хийдэг. Урам өгнө гэдэг бол юун цалин хөлс, шагнал урамшуулалтай жишиж зүйрлэмгүй үнэ цэнэтэй зүйл. Урам авсан хүн эрч хүчээр дүүрэн ажилладаг юм билээ.

-Шинэчлэлийн засгийн газрын үед “Гудамж” төслийг санхүүжүүлэхээр баталсан 200 сая ам.доллар танай байгууллагын дансанд орсон уу, танайх гүйцэтгэгч компаниудыг шууд санхүүжүүлдэг юм уу?

-2013 оны гуравдугаар сард Засгийн газрын 46-р тогтоолоор “Гудамж” төслийн санхүүжилтэд зориулж баталсан 200 сая ам.доллар нь Хөгжлийн банкны дансанд байдаг юм. “Гудамж” төслөөс санал болгосон төсөл хөтөлбөрийг тус банкнаас гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжийг шууд санхүүжүүлдэг. Одоогоор Хөгжлийн банкнаас төслийг санхүүжүүлэх нийт 200 сая ам.долларын санхүүжилтийн 39.3 хувь буюу 78.5 сая ам.долларын санхүүжилтийг хийгээд байна. Нийслэл болон аймгийн төвүүдэд. Нэг ийм шүүмжлэл байдаг, гудамж, замын уулзварт Чингис бондын мѳнгийг хэрэглэж дууслаа гэж. Үнэн хэрэгтээ бондын нийт 1.5 тэрбум ам.долларын ердөө 5.2 хувь л “Гудамж” төсөлд зориулагдсан байгаа. Манай байгууллагын үйл ажиллагааны зардлын санхүүжилтийг Хөгжлийн банк, төслийн удирдах дээд байгууллага болох Зам тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын зөвшөөрлөөр баталгажуулж олгодог. Хуучин бол Эдийн засгийн хөгжлийн яам байсан.

-“Гудамж” төслийн ажилтнууд хэт өндөр цалинтай, наад зах нь гадаад томилолт нь 90 саяар хэмжигддэг, мөн шилэн данс бүрэн хөтөлдөггүй, дутуу дулимаг мэдээлэл тавьдаг гэхчлэн мэдээллүүд гадуур нэлээн явах юмаа?

-Өндөр цалин гэдэг бол буруу ойлголт юм. Дунджаас дээгүүр цалин авч байгаа нь үнэн. Гэхдээ үүнийгээ дагаад маш их эрсдэл, хатуу хариуцлага явж байдаг. Мөн ажлын ачаалал маш их. Амралт, баяр ёслол зэргээс хамаарахгүй бүтээн байгуулалтын ажлаа богино хугацаанд хийхээр зорьж зүтгэж ажилладаг. Манай төсөл хэзээ ч татан буугдаж, үйл ажиллагаагаа зогсоож магадгүй эрсдэлтэй. Энэ нь олон улсын төслүүд бусад практикт байдаг зүйл. Гэтэл төрийн албан хаагчид хөдөлмөрийн хуулийн хамгаалалтанд найдвартай ажлын байр баталгаажигдсан байдаг. Харин бид хөлсөөр ажиллах гэрээтэй. Жирийн төрийн албан хаагчийг ийм ачаалал, хариуцлага, эрсдэл дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг хийгээч гэвэл өнөөдөр хийх хүн олдохгүй болов уу. Eр нь бидний цалинг өндөр гэж хэлэхдээ Монгол улсад ямар хэмжээний нийгэм, эдийн засгийн үр ашиг оруулж, хэр үр бүтээлтэй ажиллаж байна вэ гэдэг талаас нь харахыг хүсэж байна. Манайхан их сонин л доо. Гадны хүнийг хэт их шүтдэг нь хэвээрээ. Манай улсад хийгдэж байгаа олон төслийн гадаад зөвлөхүүд монгол хүний авдаг цалингаас хэдэн арав дахин өндөр цалин авч байхад юу ч хэлдэггүй. Гэтэл монгол хүн арай илүү цалин авахаар бүгд шуугидаг. Гадаадын зөвлөхийн авч байгаа цалин чинь манай улсын зээл байдаг. Бид бүгд тэр зээлийг татвараараа эргүүлж төлнө шүү дээ. Нэг жишээ хэльe. Би гадаад, дотоодын нэлээн хэдэн төсөлд зөвлөхөөр ажиллаж байсан. Дэлхийн банк, Азийн хѳгжлийн банк, Мянганы сорилтын сан, Жайка гээд. Арваад жилийн өмнө Дэлхийн банкны төсөл дээр ажиллаж байсан нэгэн амeрик зөвлөх сард 28 мянган долларын цалин авдгийг мэдсэн юм. Би монгол талын зөвлөх 500 долларын цалинтай. Тэр хот төлөвлөлтийн салбарын магистр харин би доктор. Нэг удаа түүнээс тоглоом шоглоомоор “Та надаас мэдлэг, ажиллах чадвараараа 50 дахин их байдаг юмаа даа” гэхэд санаа нь зовсон байдалтай дэмий л инээж билээ. Энэ мэтээр монголоос баруунд өндөр боловсрол эзэмшсэн, ур чадвартай маш олон хүн мэдлэг боловсролоо дутуу үнэлүүлж байдаг. Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй гэж бид ярьдаг биздээ.

 -Тэр “Гудамж” төслийнхөн гадаадад өндөр зардлаар зугаалдаг тухайд...

-Зугаалах биш албан ажлын томилолтоор явахыг хэлж байна. “Гудамж” төслийнхөн зугаалсан гэж яриад байгаа. Аливаа хүнд хардах эрх бий. Гэхдээ гүтгэх эрх түүнд байхгүй. Аливаа зүйлийг асуудал болгохдоо судалгаатай, үндэслэлтэй, хатуу нотолсон баримттайгаар шүүмжилж алдаа дутагдлыг бичиж болно. Үнэндээ 90 сая төгрөг байхаар төлөвлөсөн боловч бид зардлаа танаж 77 сая төгрөгт багтааж гадны улсын хотуудад судалгаагаа явуулсан. Нэг удаа манай япон профeссор багш маань хэлэхдээ, байгалийн шинжлэх ухааны салбарынхны ажилладаг, судалгаа хийдэг газар бол тодорхой өрөө тасалгаа, лабораторид байдаг бол манай хот төлөвлөлтийн салбарын лаборатори нь хот өөрөө юм гэж. Би японд докторантад байхдаа багштайгаа гадаадын олон улс орны хотуудаар судалгааны “аялал” хийж байсан. Суусан цэцнээс явсан тэнэг гэж үг байдаг. Сайн ул суурьтай судалгаа, төлөвлөлт дээр суурилсан ажил амжилтад хүрдэг. Тухайн хөгжилтэй хотыг явган алхаж, нүх сүв бүрээр нь орж, автобус, мeтронд сууж, зам талбай, инженерийн дэд бүтэц, орон сууцны хангамж хэр байгааг бодитоор нь харж, зураг төсөл, статистикийн судалгаа хийж, жинхэнэ судалгаа болдог. Түрүүн хэлсэнчлэн баталгаа нотолгоотой байж биднийг буруутгах хэрэгтэй. Манай байгууллагын сайт болон бусад мэдээллийн эх сурвалж дээр бид ямар хугацаанд ямар ямар хотуудаар хэрхэн судалгаа хийж ажилласан талаар бүгд тодорхой байгаа.

Биднээс ирж асуугаад хаагуур яаж “зугаалж” байгаад ирснийг асуухад л болно. Бидний судалгааны зорилго бол хөгжилтэй хотууд төлөвлөлтийг хэрхэн хэрэгжүүлж, хотыг зөвхөн хүндээ зориулж яаж бүтээн байгуулсныг газар дээр нь үзэх зорилготой. Хурдны замаас эхлээд явган хүмүүст зориулсан зам талбайг хэрхэн төлөвлөж барьж байгуулдагийг мэргэжлийн хүний хувьд би мэддэг боловч манай судалгааны багийн дотор ганцхан хүн л Амeрикт боловрол эзэмшсэн байдаг. Бусад нь дотоодод боловсрол эзэмшсэн буюу хөгжингүй хотын талаар бага мэдлэгтэй байсан. Судалгаанд нийслэлийн eрөнхий архитeктор ороод бид наймуул явсан. Хойд Eвропын есөн орон 10 хотыг 11 хоногт үзэж судласан. Бидний судалгааны маршрут эхнээсээ нарийн төлөвлөгөөтэй байлаа. Явганаар гэхэд 143 км буюу өдөрт дунджаар 12 км алхаж гудамж, талбайн төлөвлөлт дизайныг судалсан. Онгоцны буудал дээр ачаа авахад цаг зарцуулах учир бүгд үүргэвчтэй, очих хотынхоо урьдчилсан судалгааг нэг нэг хүн хариуцаж өглөө болгон тэр хотоо хариуцсан мэргэжилтэн танилцах уулзалтыг зохион байгуулж байлаа. Гол сэдэв бол “Автомашингүй гудамж” байсан. Ийм судалгаа бол албан ажлаар гадаадад томилолтоор явчихаад хурал семинартаа суудаггүй, өглөө архи үнэртүүлж хувиарт хөтөлбөрөөс хоцорч ирдэг, хөтөлбөр дундаас дэлгүүр шопинг эргүүлээд явчихдаг цөөнгүй төрийн албан хаагчдын “зугаалга”-наас өөр шүү. Би яагаад ингэж ярьж байна гэхээр Америк, Японд аспирантурт сурч байхдаа Монголоос ирсэн төлөөлөгчдийн орчуулагчаар олон удаа ажиллаж байсан болохоор мэддэг юм. Ингээд бидний судалгаа их үр дүнтэй болсон учир буцаж ирээд Монголд анх удаа “Автомашингүй гудамж” төслөө танилцуулж, НИТХ-аар дэмжигдэн хэрэгжихээр болсон байгаа.

 -Гадаадад томилолт ийм байж, Шилэн дансны хэрэгжилтийн тухайд бодит байдал ямар байна?

-Шилэн дансны тухайд бол хуулиар 5 сая хүртэлх төгрөгний гүйлгээг мэдээлдэггүй учир манай цалин болон саяны гадаадын судалгааны томилолтын зардал гэх мэт л бичигдсэн байгаа. Ѳѳр том зардлууд бараг байдаггүй л дээ. Гадаад томилолтын хувьд бол бид удирдах дээд байгууллага болох Зам тээврийн яам, Нийслэлийн засаг даргаар жилийн болон улирлын бүх үйл ажиллагааныхаа зардлыг батлуулдаг. Хэрэв тэд гадаад томилолтыг батлахгүй бол бид гадаад судалгааны ажил байхгүй гэсэн үг. Ингэж л зөвшөөрөгдсөн төсвийн хүрээнд бид ажлаа зохицуулдаг. Шилэн дансан дээр бид судалгааны аялалынхаа хэмнэлттэй зардлын тайлангаа мэдээлсэн байгаа. Тэндээс бодит мэдээллийг харж болно.

 -Өндөр хүүтэй бондын мөнгөөр орон нутагт зам барих нь эдийн засгийн ямарч ач холбогдолгүй зүйл, яагаад хөдөө орон нутагт хэрэгжүүлэх болсон юм бэ гэсэн шүүмжлэл бас байгаа?

-2014 оны 3 дугаар сард Шинэчлэийн засгийн газрын 96-р тогтоол гарсан. Үүнд “Гудамж” төслийг зөвхөн нийслэлд бус нийт 21 аймагт хэрэгжүүлэхээр баталж, тухайн үeийн Эдийн засгийн хөгжлийн яаманд хяналт тавьж ажиллахыг даалгасан байдаг. Бид Засгийн газрын шийдвэрийг биeлүүлэх үүрэгтэй. Бид даалгаврыг биeлүүлж 8 аймагт урьдчилсан судалгаа явуулж гурван аймагт “Гудамж” тѳслийг хэрэгжүүлсэн. Одоо Цэцэрлэг, Улаангом аймгийн төвүүд “хот” болсон. Хэнтий аймгийн төвийн хот төлөвлөлтийн бүх нарийвчилсан зураг төсөл хийгдээд байна. Харин энэ жил “Гудамж” төслийн хүрээнд нийслэл, аймгийн төвд шинээр хийгдэх нэг ч ажил улсын төсөвт суугдаагүй байгаа. Орон нутагт зам, гудамж барьж байгуулах нь хэрэгтэй юу гэдэг тал дээр миний хувийн бодлоор бол нэг ч атугай аймгийн төвд хот төлөвлөлтийн бүтээн байгуулалтыг хийх нь зөв гэж боддог.

Яагаад монголчууд бид хөдөө аймгийн төвд төрсөнөөрөө суурин газрын наад захын хүний хэрэглээ болсон зам талбай, ногоон байгууламж, дэд бүтцийн хэрэглээгүй амьдралыг барах ёстой гэж. Төрөхдөө л шороон зам, гудамжаар явж байсан насны эцэст одоо ч тийм л орчинд амьдарч байгаа нь үндсэн хуулийн иргэн хүний ая, тухтай орчинд ажиллаж, амьдрах наад захын эрх зөрчигдѳж байна гэж боддог. Аймгийн төвүүдийг хотын статустай болгох ажил үүнээс л эхлэх ёстой. Хөдөө орон нутагт хэрэгжүүлснээр нийслэлд үүсээд буй хэт төвлөрөл, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулахад чухал ач холбогдолтой. Бид бүгд ая тухтай сайхан амьдрахыг хүсдэг. Одоогоор хоёр аймгийн төвд “Гудамж” төслийг хэрэгжүүлэн тухайн орон нутгийн иргэдээс маш өндөр үнэлгээ авсан. Бид боломжтой бол бүхий л аймгийн төвийг зөв төлөвлөлттэй, орчин үеийн хотын жишгээр хөгжүүлмээр байна. Цаашид энэ ажил үргэлжилвэл маш өгөөжтэй юм. Энэ хотжуулах процeс улсын эдийн засгаас хамаарч урт удаан хугацааны туршид хэрэгжих боловуу. Ямартай ч Цэцэрлэг, Улаангом хотууд жишиг хот болж эхэлсэн, түүнийг хараад бусад бүх аймгийн Засаг дарга нар маш их хүлээлтэнд орсон байгаа. Харин бондын өндөр хүү, эргэн төлөлтийн асуудал бол манай төр засгийн шийдвэр бөгөөд УИХ бондын зарцуулалтад хяналт тавиад явж байгаа шүүдээ.

Зураг 1: Архангай аймгийн төвийн бүтээн байгуулалт


Зураг 2: Увс аймгийн төвийн бүтээн байгуулалт


-Орон нутагт хэрэгжүүлж байгаа нь сонгуулийн шоу, эдийн засаг уналттай байхад бондын мөнгийг ингэж зарж болохгүй гэхчлэн ярьж байгаа?

-Түрүүн хэлсэнчлэн бондын мөнгө босгосон 2013 оноос 2014 оны хоооронд аймгийн төвүүдэд төсөв тавигдсан. Харин 2015, 2016 оны төсөвт энэ бүтээн байгуулалтанд мөнгө тусгагдаагүй байгаа. Үүнийг эдийн засгийн хямралаар тайлбарлаж байгаа. Харин сонгуулийн шоуны хувьд би улс төрч хүн биш, Засгийн газраас өгсѳн даалгаврыг биeлүүлэгч. Аймгуудын сонгон шалгаруулалтын хувьд гэвэл бид ЗГ-ын тогтоол гарсан өдрөөс 21 аймагт тодорхой нөхцөлтэйгээр урилга явуулж шалгаруулалт эхэлсэн. Нөхцөл гэдэг маань аймгуудын eрѳнхий төлөвлөгөөний хэрэгжилт болон нийгэм эдийн засгийн судалгаа, статистик, бусад хот төлөвлөлтийн хэсэгчилсэн төлөвлөгөөтэй эсэх талаарх мэдээллүүдийг ирүүлэх шаардлага байсан. Үүнээс шаардлага хангасан аймгийн тоо 16 байсан. Огт матeриал ирүүлээгүй аймаг ч байсан. Дээрхи 16 аймгүүдаас өөрсдийн хөрөнгөөр хамгийн хурдан гудамж замын зураг төсөл хийсэн аймаг бол Архангай, Увс хоёр байсан учир бид бүтээн байгуулалтыг энэ хоёр аймагт хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн.

 -“Гудамж” төслийн барьж байгуулж буй автозам, уулзварын өртөг урьдынхаас хэт өндөр байна гэсэн яриа бий?

-200 сая долларыг 33 уулзварын тоонд хуваагаад тайлбарлаж байгаа хүмүүс ч байдаг. Энэ бол дэндүү хариуцлагагүй гүтгэлэг юм. Ядаж манай сайт руу нэг удаа боловч ороод харчихгүй иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл цацдаг. Манай байгууллагын сайт дээр бүх уулзвар, зам, гудамжны барилгын ажлын өртөг, тоо хэмжээ, хийсэн эзэнтэйгээ маш тодорхой нээлттэй мэдээлсэн байдаг. Үнийн тухайд бол манай төсөл анх эхлэх үeд долларын ханш 1409 төгрөг байсан. Одоо бараг 2000 төгрөг хүрчихлээ. Энэ нь долларын ханш 42 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Энэ ханшийн өсөлт төгрөгөөр илэрхийлэгдэх зам барилгын ажлын үнэнд нөлөөлдөг. Үүнийг өндөр үнэтэй байна гэж ярих нь өрөөсгөл л дөө. Өөр нэгэн хүчин зүйл бол саяхан хүртэл манай зам бага даацтай автомашин буюу ихэнхдээ хуучин үeийн ачааны зил 130 машин болох 5 тонн хүртэл даацтай авто машинд зориулагдаж замын суурь, асфальтын зузаан бага байсан.

Одоо бол 30, 40 тонноор ярьдаг болсон учир замын бүтэц тeхнологи их өөр боллоо. Замын суурь, асфальтын зузаан хоёр дахин нэмэгдэж, ус болон хөлдөлтөөс хамгаалах үeийг заавал хийдэг болсон. Хот доторхи замын хөдөөний замаас эрс ялгаатай нь гэрэлтүүлэг, дохиолол, дэд бүтэц, бусад олон төрлийн тоноглол, хийцлэл, үeрийн хамгаалалтын байгууламж гээд маш олон төрлийн ажилбаруудтай, нилээн хүндрэлтэй бүтээн байгуулалт байдаг. Эдгээр нь замын өртөгт нөлөөлдөг. Гэхдээ зам, гудамж талбайн барилгын ажлын өртөгийг манай төсөл тогтоодоггүй. Манай төслөөс судалгааны үр дүнгээр санал тавьсан уулзвар, гудамж замын төслийн саналыг тусгай зөвшөөрөл бүхий зураг төслийн компани хийдэг. Энэ төсвийг Барилгын яамны Барилгын хөгжлийн төвөөс магадлангийн дүгнэлт гаргаж баталгаажуулдаг. Баталгаажсан төсөвт өртгийг манай мэргэжилтнүүд болон Хѳгжлийн банкин дээр хянаад зам барилгын ажлыг эхлүүлдэг. Порцесс ийм тодорхой явагддаг учраас хардалт сэрдэлт дэмий л дээ.

-“Гудамж” төслийг “Чингис” бондоор санхүүжих ёстой байтал “Самурай” бондоос 55 сая ам.долларыг энэ төсөлд зарцуулсан гэх шуугиан бас түгсэн?

 - Хаанаасаа ийм худал, ямар ч үндэслэлгүй мэдээлэл гардгийг мэдэхгүй юм. “Гудамж” төсөлд “Самурай” бондоос ганц ч төгрөг зарцуулагдаагүй хариуцлагатайгаар мэдэгдьe. Засгийн газрын тогтоолыг зөрчдөг тийм бүдүүн зүрхтэй хүн байхгүй. Өнөөдөр Монголд ажил хийхэд маш хэцүү болж. Монголчууд бид урьд нь бүтээн байгуулж, хийж бүтээж байсан маань дэндүү бага байсан болоод тэрүү, ажил хийж байгаа хүн болгоныг хардана сэрдэнэ. Энэ хэвээр үргэлжилбэл бодит эдийн засагт ажил хийдэг хүн олдохгүй болно байх.

- “Гудамж” төсөл өнгөрсөн 2013-2015 оны хугацаанд хэр хэмжээний бүтээн байгуулалт хийсэн бэ. Анх ямар зорилготой эхэлж байв?

- Манай төсөл өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хамгийн ачаалал ихтэй 24 уулзварыг шинэчилж, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болголоо. Мөн найман байршилд нийтдээ 21.42 км авто зам өргөтгөсөн. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөөний 2.2 км авто зам өмнө нь ямар их түгжирдэг байсан, одоо ямар болсныг замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс сайн мэднэ. Хотын зүүн хойд хэсэг Ботаник-Шар хад чиглэлд 6.6 км шинэ зам барих ажлыг эхлүүлж, 2.36 км авто зам ашиглалтад оруулсан. “Цэцэг” төвийн уулзвар буюу Энхтайваны өргөн чөлөөний замыг Сөүлийн гудамжтай холбосон цоо шинэ гудамж, уулзвар бий болголоо.

Төрийн тусгай хамгаалалтын газрын хашааг чөлөөлж хийсэн энэ ажил хот төлөвлөлт, авто замын торон сүлжээ бий болгох шинэ, содон жишиг болсон. Мѳн ихээхэн түгжрэл үүсгэдэг байсан 3,4-р хороололын ахуй үйлчилгээний уулзварыг маш сайн төлөвлөлттэйгээр дэд бүтэцтэй нь шинэчлэн бүтээн байгуулсан. Энэ мэтчилэн авто замын сүлжээг шаардлагатай чиглэлүүдэд хөгжүүлж, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлсэн. Эдгээр ажил бол “Хотын төв” дэд төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтууд юм. Мөн “Гэр хороолол” дэд төслийн хүрээнд Гандангийн дэнжийн гэр хорооллыг дэд бүтцээр хангах ажлыг амжилттай эхлүүлсэн. Энэ хэсэгт нийт 31 гудамжийг авто болон явган зам, бетон суурь бүхий нэг загварын хашаатай болгож, бүх айлыг инженерийн шугам сүлжээнд холбохоор төлөвлөсөн. Одоогийн байдлаар гурван гудамжны дэд бүтцийн барилгын ажлыг гүйцэтгээд байна. “Хурдны зам” дэд төслийн хүрээнд Туулын 35 км, Сэлбийн 26 км, нийт 61 км хурдны замын зураг төсөл, байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ боловсруулсан. Манай төсөл 2013 онд Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг бас гүйцэтгэсэн.

Зураг 3: Ахуйн үйлчилгээний уулзвар


Зураг 4: Цэцэг төвийн урд уулзвар


 Зураг 5: 100 айлын уулзвар


-Орон нутагт “Гудамж” төслийн хэрэгжилт, үр дүн ямар явцтай байна?

- Эхний ээлжинд хангайн болон баруун, зүүн бүсийн гурван аймагт төсөл хэрэгжүүлэхээр болж Архангай аймгийн төвд нийт 8.1 км авто зам, 3.25 км дугуйн зам шинээр барьж, 7 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил гүйцэтгэж, ашиглалтад оруулсан. Мөн Увс аймгийн төвд 11.15 км авто зам, 10 уулзвар өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс 3.2 км авто зам, дөрвөн уулзварын ажил нь дуусч, үлдсэн ажил үргэлжилж байна. Хэнтий аймагт 12.3 км авто зам, 3 уулзвар өргөтгөн шинэчлэх ажлын зураг төсөл хийсэн. Бусад аймгийн төвүүдийн дэд бүтцийг одооноос алсын хараатай зөв хөгжүүлэх судалгаа төлөвлөлтийн ажлуудыг хийж байсан. Харин улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан орон нутаг дахь ажлууд одоогоор үргэлжлэх боломжгүй болоод байгаа.

 -Бондын хөрөнгөөс санхүүжүүлсэн эдгээр төслүүдээс том зургаар нь харвал ямар үр дүн гарч байгааг тооцож үзсэн үү?

- Манай төслийн эдийн засагчид МУИС-ийн мэргэжлийн багш нартай хамтран бидний хэрэгжүүлсэн төсөл тус бүр дээр эдийн засгийн үр өгөөжийн тооцооллыг хийсэн. Нийт 24 уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож, өргөтгөн шинэчилсний үр дүнд иргэд жил бүр 25.3 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцоо гарч байна. Өөрөөр хэлбэл, авто замын сүлжээний буруу зохион байгуулалт, түгжрэлээс шалтгаалан энэ хэмжээний мөнгийг иргэд маань үргүй зарж, салхинд хийсгэдэг байсан гэсэн үг. Эдгээр нь шатахууны зардал, тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдол, цаг хугацаа, эрүүл мэндийн гэх мэт олон хүчин зүйлээр илэрхийлэгддэг. Энэ нь хот төлөвөлөлт эдийн засаг хоёр хэр зэрэг нягт уялдаа холбоотой байдгийг харуулж байгаа хэрэг. Мөн замын цагдаагийн байгууллагын гаргасан судалгаагаар авто ослын тоо жилийн хугацаанд 21.2 хувиар буурч, ослоос шалтгаалан гарах байсан 159 сая төгрөг хэмнэсэн гэсэн тооцоолол байдаг. Ѳнгөрсөн жил олон улсын SICA агентлагаас олон нийтийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын ихэнхи нь “Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн төслүүдээс хамгийн амжилттай, үр дүнтэй нь “Гудамж” төслийн бүтээн байгуулалт” гэж хариулсан байгаа нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн том илэрхийлэл. Мөн Нийслэл хотоос энэ онд иргэдийн дунд санал асуулгын судалгаа явуулахад Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн хамгийн үр дүнтэй бүтээн байгуулалтын ажлаар манай “Гудамж” төслийг нэрлэсэн байдаг.

 -“Гудамж” төслөөс цаашид ямар бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

 - Төсөл одоо Нийслэлийн Засаг даргын харьяалалд үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэв гудамжийг орон сууцтай зүйрлэвэл тэр нь хотод амьдарч буй хүмүүсийн “Зочны өрөө” гэсэн үг. Энэ зочны өрөө нь нийт иргэдийн хэрэгцээ шаардлага, орон зайд тохирсон байх ёстой. Хүмүүсийн тав тухтай амьдрах орчин болох “Гудамж”-ийг байгуулж чадах эсэх нь тухайн хотын санаачлага, гол нь санхүүгийн чадавхиас хамаарна. Хот гэдэг чинь бидний амьдрах гэр орон шүү дээ. Гэр орондоо бага санаа тавьдаг, хангалттай мөнгө зарцуулж чаддаггүй бол ямар байхав. “Гудамж” гэдэг ойлголтод авто зам, явган зам, тэдгээрийн гэрэлтүүлэг, гэрлэн дохио, гудамжны хаягжилт, дулаан, цэвэр бохир ус, цахилгаан, харилцаа холбооны газар дээрх болон доорхи дэд бүтцийн шугамууд, дээр нь дугуйн зам, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэд бүтэц, ногоон байгууламж гээд олон зүйл багтдаг.

Энэ бүхнийг нийслэл хотынхоо ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зөв бүтээн байгуулахын төлөө ажиллаж байна. Энэ онд манай төслийн хүрээнд шинээр хийгдэх ажлын хөрөнгө оруулалтыг УИХ-аас төсөвт суулгаагүй тул 2015 онд зөвхөн он дамжсан бүтээн байгуулалтын ажлаас өөр ажил хийгдэхгүй байдалд хүрээд байна. Гэсэн хэдүй ч манай тѳслийн хамт олон хот байгуулалтын Тhink-Tank байгууллага болохынхоо хувьд нилээд шинэ төсөл хөтөлбөр боловсруулж нийслэлтэйгээ хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд Монголд анх удаа “Автомашингүй Гудамж” төслийг санал болгосонд нийслэлийн Засаг даргаас өндөр дэмжлэг авсан. Одоогийн байдлаар дахин төлөвлөлтийн ажлын зургийг эхлүүлж бусад судалгааны ажлуудыг явуулж байна. Хэрвээ бид энэ төслийг цогцоор нь бүтээн байгуулж чадвал Нийслэл хотод маань гадаад дотоодын жуулчид ихээр ирэх, түүнчлэн иргэд тав тухтай ажиллаж амьдрах хамгийн таатай орчин үeийн гудамж талбайг бий болгох боломж бүрдэнэ. Энэ нь ажлын байрыг олноор бий болгож, бизнeсийг дэмжин дээр хэлсэнчлэн эргээд л хотын болон улсын эдийн засагт шууд эeрэг нөлөө үзүүлэх сайн төсөл болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.

 -Ярилцсанд баярлалаа.


Б.Батболд: “Гудамж” төсөл хэрэгжсэнээр иргэд жилд 25 тэрбум төгрөгийг зөвхөн шатахуунаасаа хэмнэх боломжтой болсон  
Үзсэн: 4149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2016-01-25 15:36
МАН-ын хар пиар үнэхээр сайн биелжээ. МАНгарууд л "Гудамж төсөл үр ашиггүй дэмий. Мөнгө идсэн" гэж харлуулсан. Хүмүүст яг тэгж ойлгогдсон байна. Яг үнэндээ гудамж төсөл энэ ажлуудыг хийгээгүй бол Улаанбаатар нам гацаж, хүмүүсийн мөнгө яаж үрэгдэж байгаа бол. Нүдэн дээр ил байгаа хамгийн үр ашигтай ажлаа "Хамгийн муу" гэж муулдаг нь монголчуудын тамын тогооны зан юм даа
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2016-01-22 10:32
Худлаа хуцаад л, тархи угаах юм аа, түгжрэл багассан гэж худлаа ярина, 2 жилийн өмнө 30 минут явдаг байсан замаараа одоо 1,30 минут явж байна даа, утаа багассан гэж хуурна, одоо бараг утаандаа төөрдөг болох гээд байна даа, Энэ гудамж төслийн мөнгийг ихэнийг идсэн дээ, сайн шалгавал, багахан хэсгээр нь хэдэн уулзвар янзалсан байх
49.0.162.xxx [49.0.162.xxx] 2016-01-21 20:04
ОДОО ТЭГЭЭД ТЭР ХЭМНЭСЭН МӨНГИЙГ БЕНЗИН ШАТАХУУНЫХАА ҮНИЙГ ӨНДӨР БАЙЛГАЖ БУЦААЖ АВЧ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ ККК
49.0.162.xxx [49.0.162.xxx] 2016-01-21 20:04
ОДОО ТЭГЭЭД ТЭР ХЭМНЭСЭН МӨНГИЙГ БЕНЗИН ШАТАХУУНЫХАА ҮНИЙГ ӨНДӨР БАЙЛГАЖ БУЦААЖ АВЧ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ ККК
49.0.162.xxx [49.0.162.xxx] 2016-01-21 20:04
ОДОО ТЭГЭЭД ТЭР ХЭМНЭСЭН МӨНГИЙГ БЕНЗИН ШАТАХУУНЫХАА ҮНИЙГ ӨНДӨР БАЙЛГАЖ БУЦААЖ АВЧ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ ККК
49.0.162.xxx [49.0.162.xxx] 2016-01-21 20:04
ОДОО ТЭГЭЭД ТЭР ХЭМНЭСЭН МӨНГИЙГ БЕНЗИН ШАТАХУУНЫХАА ҮНИЙГ ӨНДӨР БАЙЛГАЖ БУЦААЖ АВЧ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ ККК
49.0.162.xxx [49.0.162.xxx] 2016-01-21 20:04
ОДОО ТЭГЭЭД ТЭР ХЭМНЭСЭН МӨНГИЙГ БЕНЗИН ШАТАХУУНЫХАА ҮНИЙГ ӨНДӨР БАЙЛГАЖ БУЦААЖ АВЧ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ ККК
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-01-21 17:45
Дэлхийд өрөөрөө нэгд орж байж хийсэн болохоор үнэ цэнэ нь нэг тийм. Бүтээсэн биш хийсэн болж хармайлсан нь давамгайлсан бүтээн байгуулалт юм уу даа. Щр нь тэгээд гудамж төсөл нь аминд тулсан шаардлагатай, тулсан энэ тэргүүн хийх ёстой бүтээн байгуулалт байсан юм уу.
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2016-01-21 17:43
Энэ уулзавууд бол надад таалагддаг шүү. Хуучин ямар юм байлаа одоо лав би сэтгэл амар энэ уулзваруудаар гарахдаа баяртай л байдаг
212.46.218.xxx [212.46.218.xxx] 2016-01-21 15:48
Батбаяр, Алтанхуяг 2 л мөнгийг хүүдийлэхэд их тус болсон, Увс Архангай 2 аймгийн төвийг зарим сумын төвийн замыг мөнгөөр хучсан.
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-01-21 15:24
Мөн Чингис самурайн бонд алга болж фортуна батбаяр алтанхуяг мэтийн хулгайч нар түнтийтлээ баяжсан
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2016-01-21 15:20
Шал худлаа ярьжээ. Ихэнхи ажлууд л маш буруу өнөө маргаашаа аргацаасан ажил шүү. Хөдөлгөөн зохион байгуулалт мэддэггүй энгийн иргэд бол гоё сайн ажил л гэж бодож байгаа

Бидэнтэй нэгдээрэй