Шууд Chart

Вьетнам улс

2016-02-02 11:32:47

Албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс. Зүүн өмнөд Азид, тодруулбал, Энэтхэг-Хятадын хойгт орших улс. Баруун талаараа Лаос, Камбожтой, хойгуураа БНХАУ-тай, зүүн болон урд талаараа Өмнөд Хятадын тэнгистэй хиллэнэ. Улсын нэр нь “Viet”-вьет үндэстэн, “Nam”-өмнөд гэсэн утгатай хоёр үгээс бүрдэнэ.Анх “Вьетнам” гэдэг энэ нэрийг яруу найрагч Нгуен Бинь Кхием 16-р зуунд бичсэн өөрийн “Зөнч Чанг Чинь” гэдэг номдоо “Ингээд вьетнам бий болжээ” хэмээн хэрэглэжээ. Тэр цагаас хойш “Вьетнам” гэдэг улс бий болсон гэх түүхийн мэдээ баримт байна.

Засаглалын хувьд Вьетнам нь Бүгд найрамдах улс, өнөө дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулийг 1992 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр баталсан. Үндсэн хуульд зааснаар засгийн эрхийг Вьетнамын Коммунист нам барьж, улс орноо удирдан жолоодно гэсэн байна.

Эрх барих төв байгууллагууд: Төр засгийн дээд байгууллага нь нэг танхимтай Үндэсний хурал, 498 гишүүнтэй, гишүүдийг таван жилд нэг удаа шууд санал хураалтаар сонгодог. Зөвхөн Үндэсний хурал Үндсэн хууль болон бусад хуулийг хэлэлцэж баталдаг, нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй. Мөн Үндэсний хурал үндсэн хууль болон бусад хуулийг хэрхэн мөрдөж байгаад хяналт тавьдаг байна.


Орон нутгийн эрх барих байгууллага: Засаг захиргааны хувьд Вьетнам 58 муж, Ханой, Хошимин, Хайфон, Дананга, Кантхо гэсэн таван том хотоос бүрдэнэ. Эдгээр хот болон мужуудад ард иргэдийн саналаар сонгодог Ардын зөвлөлүүд үйл ажиллагаа явуулдаг. Ардын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Мужууд гацаанд хуваагдана, гацаанд бас ард иргэдийн сонгосон Ардын зөвлөлүүд засгийн эрх барина. 1997 онд орон нутгийн засаг захиргаанд гадаад худалдаа хийх эрх олгосон байна. Вьетнамын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүтэц зохион байгуулалт үндсэн хуульд заасны дагуу гурван түвшинтэй. Хамгийн дээд түвшин нь Вьетнам улс 58 муж, 5 хотод хуваагдана. Дараагийн түвшинд хотын, дүүргийн, орон нутгийн шинж чанартай гацааны хуваарилалт үйлчилдэг. Хамгийн доод түвшин нь хотын коммун, хөдөө орон нутгийн гацааны коммун гэсэн хувилбар үйлчилдэг.

Гадаад бодлогын хувьд: БНСВУ эвсэлд үл нэгдэх чиг бодлогыг баримталдаг. Гэхдээ аль ч улс оронтой ашиг сонирхлын хувьд улс төрийн, эдийн засгийн, соёл боловсрол гэх мэт бүх л салбарт хамтран ажиллахыг эрмэлздэг.


Цаг уур: Умард болон Өмнөд Вьетнамын цаг уур нь харилцан адилгүй, ялгаатай. Умард Вьетнамын цаг агаар илүү тогтонги, өөрчлөмтгий, 11 дүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл хүйтэн сэрүүний улирал болтавдугаар сараас 10 дугаар сар хүртэл аагим халууны улирал байна. Өмнөд Вьетнамын цаг агаар илүү их халуун дулаан байна. Бүтэн жилийн турш дулаанаас аагим халуун шатдаг улирал бий. 11 дүгээр сараас нэгдүгээр сар хүртэл цаг агаар бага зэрэг сэрүүсч ирнэ. Харин хоёрдугаар сараас тавдугаар сар хүртэл халуун улирал, тавдугаар сараас 10 дугаар сар хүртэл борооны улирал эхэлнэ. Борооны улирлын үеэр далайн шуурга их болдог. Ялангуяа Меконг мөрний сав газраар үер болдог. Тэнгисийн эрэг дагуух бүс нутагт ихэвчлэн далайн шуурга болох магадлал маш өндөр.


Хүн ам: Вьетнамын хүн ам 90.5 сая бөгөөд дэлхийд 14 дүгээрт ордог. Хүн амын жилийн өсөлт нь 1.1 хувь, дундаж наслалт нь эрчүүд 69.7 жил, эмэгтэйчүүд 74.9 жил. Нийт хүн амын 30 хувь нь хотод оршин суудаг. Эрчүүдийн 96 хувь нь, эмэгтэйчүүдийн 92 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Нийт хүн амын 85.7 хувь нь вьетууд, 1.9 хувь нь Тай үндэстэн, 1.8 хувь нь Тхай үндэстэн, 1.5 хувь нь Мыонг, 1.5 хувь нь Кхмер, 1.2 хувь нь Мяо, 1.1 хувь нь Нунг үндэстэн байна. Улсын хэл нь вьетнам хэл, гэхдээ англи, франц, хятад, оросоор бас ярьдаг.


Шашин: Нийт хүн амын 9.3 хувь нь буддын, 6.7 хувь нь католик, 1.5 хувь нь хоа-хао, 1.1 хувь нь каодай, 0.5 хувь нь протестант, үлдсэн 80.8 хувь нь атеист болон орон нутгийн шинжтэй шашин шүтдэг байна. Вьетнамчуудын гол шашин бол орон нутгийн шинж чанартай ардын сүсэг бишрэлд тулгуурласан шашин байдаг байна. Вьетнамчуудын энэ шашны чиг урсгал нь дэлхийд зонхилдог шашнуудын адил шашны статусгүй шүтлэг бишрэл юм байна. Ер нь Вьетнамд буддын шашны сүм, хийд маш их байдаг. Үүнээс үүдээд вьетнамчуудын олонх олон буддын шашныг бишрэн шүтдэг гэсэн буруу ташаа ойлголт байдаг.


Эдийн засаг: Төлөвлөгөөт эдийн засгийн систем нь улс орныг 1980-аад оны дунд үед хямралд хүргэсэн. 1986 онд Вьетнамын эрх баригчид хөгжлийн социалист чиг баримжааг хадгалахын хамт эдийн засгаа зах зээлийн харилцааны дагуу хөгжүүлэх өөрчлөлт шинэчлэл хийсэн. 1990 онд Вьетнамын Үндэсний хурал хувийн аж ахуй, хувьцаат нийгэмлэг, хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгийн талаарх анхны хууль тогтоомж батласнаар улс орон зах зээлийн эдийн засагт шилжсэн. Гэхдээ төр засаг хувийн компаниудын үйл ажиллагааг бүрэн хянах эрхээ өөртөө үлдээсэн байгаа. Нийгэм-эдийн засгийн шинэ харилцааг 1992 онд шинэчлэн баталсан Үндсэн хуульд тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл, улс орны аж ахуйн амьдрал нийт ард түмний, хамтарсан, хувийн өмчлөлд тулгуурлан хөгжинө гэдгийг Үндсэн хуульдаа тодорхой зааж өгсөн байна. Ингэснээр улсын гэгдэх аж ахуйн нэгжүүдийг хувьчилж, 1991 онд Вьетнамд 12084 улсын үйлдвэр байсан бол 1995 он гэхэд энэ тоо 6300 хүртэл буурсан байна.

Хувьчлалыг ашиггүй үйлдвэрүүдийг хооронд нэгтгэн нийлүүлэх, заримыг нь үйл ажиллагааг нь бүрэн зогсоох хэлбэрээр явуулсан байна. Мэдээж хэрэг зах зээлийн өөрчлөлт, шинэчлэл тодорхой үр дүнд хүрсэн. 1990-1997 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жил бүр 8.9 хувиар өсч, 1995-1997 онд Вьетнам улс АСЕАН-ы гишүүн орнуудыг эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх болжээ. 1991 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.3 тэрбум доллар байсан бол 1997 онд 31.2 тэрбум доллар хүртэл өссөн. 1998 онд бараа бүтээгдэхүүний экспорт Дотоодын нийт бүтээгдэхүүний 42 хувийг эзэлж байсан бол импорт 47 хувийг эзэлж байлаа. 2009 онд Вьетнамын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 92.4 тэрбум долларт хүрсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох ногдол ашиг 2.9 мянган долларт хүрснээр Вьетнам улс дэлхийд 167-д бичигдэж байна.

2000 оны эхэн үед Вьетнамд хөдөлмөр эрхлэх цагаачдыг хилийн чинадад илгээх тухай хууль батлагдсанаар 2001-2011 онд хилийн чинад руу гарч ажиллах хүний тоо 36168-88298 хүрч өсжээ. Вьетнамын Өмнөд Хятадын тэнгис дагуу эргээр нефть, байгалийн хийн нөөц байдгаас гадна мод бэлтгэл экспортын ихэнх хэсгийг эзэлдэг. Вьетнам улс цахилгаан эрчим хүчээ ихэвчлэн усан цахилгаан станцаас гаргаж авдаг. Иймээс борооны улирал эхлэхгүй удах зэргээс болж цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл тасалдах, заримдаа бүр зогсох явдал ажиглагдана. Энэ бүгдээс үүдээд Вьетнам улс ОХУ-ын тусламжтай Ниньтхуан мужид анхны атомын цахилгаан станц барих ажлыг эхлүүлээд байна. Станцын ажилчдыг ОХУ-д сургаж бэлтгэх ажлыг бас эхлүүлжээ.


Хөдөө аж ахуй, загас агнуур: Вьетнамын ажил хөдөлмөр эрхлэх чадамжтай хүн амын 52 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Цагаан будаа, кофе, каучук мод, хөвөн, цай, перец, чихрийн нишэнгэ, самар, банан зэргийг тарьж ургуулдаг төдийгүй гэрийн тэжээмэл шувуу, загас болон далайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Аж үйлдвэрийн салбарт ажил хөдөлмөр эрхлэх чадамжтай хүн амын 15 хувь нь ажилладаг. Вьетнамд гар утас, гэр ахуйн цахилгаан бараа бүтээгдэхүүн, компьютерийн дагалдах эд анги, оффисын тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, хувцас, гутал, нефть олборлолт, усан онгоц үйлдвэрлэл хөгжсөн. Кофены хувьд олон улсын кофены байгууллагын мэдээлснээр 2012 оны эхний хагаст Вьетнам улс кофе үйлдвэрлэлээр Бразил улсыг 13 хувиар давж, түүхэнд анх удаа дэлхийн кофены том нийлүүлэгч болсон байна.      

Нийтэлсэн: Т.Цогтоо

Вьетнам улс  
Үзсэн: 11694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй